Барак Обама мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.07.11-нд нийтлэгдсэн

Барак Обама мэндчилгээ дэвшүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Монгол Улс долдугаар сарын 11-13-нд Улсын Баяр Наадмаа тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан баяр хүргэсэн мэндчилгээ илгээжээ. Мэндчилгээндээ Обама худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, байгаль орчин болон олон улсын аюулгүй байдлын салбаруудад АНУ-Монголын хоёр талын харилцаа, харилцан ойлголцол нэмэгдэж, бэхжсэнийг дурдаад “Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд харилцан хүндэтгэл, нааштай харилцаа хөгжиж байгаад би баяртай байна” хэмээн өгүүлсэн байна.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид наадмын мэндчилгээ ирүүлжээ. Канадын Ерөнхий Захирагч Мишаел Жийн мөн Монголын Ерөнхийлөгч Элбэгдоржид энэ баярт үйл явдлыг тохиолдуулан баяр хүргэсэн мэндчилгээ явуулсан байна. Уг мэндчилгээнд “Монгол, Канад гэсэн улсууд өргөн уудам нутаг дэвсгэр, ашигт малтмал, ардчиллыг дээдлэх үзлээрээ нийтлэг төстэй зүйл ихтэй. Канад улс та бүхний түнш байгаадаа баяртай байдаг. Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа ирээдүйд улам гүнзгийрч, тэлнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна” хэмээн бичжээ.

Баяр наадам нь Монголын хамгийн том спорт, урлагийн үйл явдал бөгөөд Монголчууд хэдэн зуун жилийн туршид зун бүр тэмдэглэсээр ирсэн. Наадмаар эр зориг, хүч чадал, хурдан морь, эрхий мэргэн харваа зэргийг сорьдог бөгөөд тэр дундаас бөх, нум сум, хурдан морины уралдаан гол тэмцээн нь болдог бөгөөд үүнийг “эрийн гурван наадам” гэж нэрлэдэг ажээ хэмээн дэлхийн мэдээллийн агентлагууд дамжуулж байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж