УИХ: Өрийн таазыг 58,3 хувиар баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.01.20-нд нийтлэгдсэн

УИХ: Өрийн таазыг 58,3 хувиар баталлаа

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 14.50 цагийн орчимд эхэлж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 90.2 хувийн саналаар дэмжин баталлаа.

Хуралдаанд 41 гишүүн оролцсоноос 37 нь хуулийн төслийг батлахыг дэмжсэн юм.

Ингэснээр Засгийн газар энэ онд улсын өрийг ДНБ-ийн 58.3 хувиас хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээлээ.

Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд энэ онд улсын өрийг ДНБ-ийн 60 хувьтай тэнцэж байхаар оруулж ирсэн ч УИХ 58.3 хувиас хэтрүүлэх ёсгүй гэж үзлээ.  

Мөн УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахын өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шийдлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын нэгэн адил өрийн хязгаарыг давуулж, хууль зөрчих юм бол сайд нарыг огцруулах асуудлыг тавих болно” гэж анхааруулга өгсөн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “УИХ энэ хуулийг баталснаар 2015 онд улсын өр ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байна гэснийг 2018 он болгож хойшлууллаа. Таван сарын дараа Засгийн газар улсын өрийг ДНБ-ийн 70-80 хувьтай тэнцүүлэхгүй бол болохгүй байжээ” гэсэн асуудлыг оруулж ирэх юм биш биз. Ардын нам Засгийн газарт хамтрахдаа өрийн таазыг нэмэхгүй гэсэн. Гэрээгээ санаарай” гэсэн тайлбар хийсэн юм.

УИХ-ын энэ өдрийн хуралдаанаар мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлаад байна.

Дээрх хоёр асуудлыг хэлэлцэн баталснаар УИХ энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаа өндөрлүүлэв.

Одоо хуваарийн дагуу байнгын хороод хуралдана. 

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж