Израйлд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Холокостоос амьд үлдсэн мисс” нэртэй гоо бүсгүйн тэмцээн өнгөрсөн ням гарагт /2018.10.14/ зохион байгуулагджээ. Энэхүү тэмцээн нь нацист Германы хэрцгийлэлд өртөж байсан, хорих лагерт хоригдож байсан, одоо амьд байгаа хүмүүст урам зориг өгөх зорилготой бөгөөд 2018 оны ялагчаар 93 настай Това Рингер гэдэг эмэгтэй шалгарсан байна.
Энэ жилийн тэмцээн нь Израйлийн Хайфа хотод зохион байгуулагдсан бөгөөд бусад загварын тэмцээнүүдийн нэгэн адилаар оролцогчид нь нүүрээ будуулан, даашинз өмсч, загварын тайзан дээр алхдаг байна. Бага залуу насаа дэлхийн II дайны үед үдсэн ч Израйлд ирэн амьдралаа шинээр эхлүүлсэн хүмүүс болон тэдний гэр бүл, хамаатнууд уг тэмцээнд оролцдог ажээ. Энэ жилийн ялагч Това Рингер нь Аушвицийн хорих лагерт эцэг эх, дөрвөн эгч болон эмээгээ алдсан байна.
Холокост гэдэг нь Адольф Гитлерийн удирдаж байсан Нацист Герман, түүний холбоотнууд, түүний талд ажиллагсдын хэрэгжүүлсэн төрийн дэмжлэгтэй жүүдүүдийг системтэй устгах хөтөлбөрөөр Дэлхийн хоёрдугаар дайны явцад Европын 6 сая орчим жүүдийг аймаглан устгасан явдлыг тодорхойлоход хэрэглэдэг нэр томъёо юм.
Энэ жилийн тэмцээний онцлох оролцогчдыг дурдвал, Холокостын тухай дурдатгал бичсэн хоёр зохиолч, эмчээр ажиллаж байсан 81 настан, мөн хамгийн залуу оролцогч болох 74 настай эмэгтэй зэрэг хүмүүс байжээ. Уг тэмцээнийг дайны үед хөнөөгдсөн зургаан сая еврейчүүдийн дурсгалыг үнэгүйдүүлж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байдаг байна. Угтаа тэдний зорилго нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр зовж байсан, одоо ч амьд байгаа хүмүүст урам зориг өгөх, залуучуудад тухайн үеийн түүхийг сануулж байх зорилготой ажээ.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ