Монголын бүх телевизээр гарахыг хүсдэг ЗУРААЧ | News.MN

Монголын бүх телевизээр гарахыг хүсдэг ЗУРААЧ

Монголын бүх телевизээр гарахыг хүсдэг ЗУРААЧ

Монголын бүх телевизээр гарахыг хүсдэг ЗУРААЧ

Тэрбээр “Касоны зургийн дэвтэр” гэсэн цахим хаягаар хүмүүсийн хөргийг бодит мэт зурж нийтэлдэг. Сонин содон утга бүхий бүтээл урладаг түүнийг З.Билгүүн гэдэг.  “Шинэ нэр” буланд маань уригдсан З.Билгүүнтэй танилцана уу.


Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг З.Билгүүн гэдэг. 23 настай. Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх дизайн урлагийн сургуулийг уран зураач мэргэжлээр төгссөн. Хувиараа зураг зурж, уран бүтээлээ хийдэг. Ээж аав эгчтэйгээ хамт амьдардаг. Би Өмнөговь аймагт төрсөн. Хөдөө өвөө эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү монгол ахуй, тал хээр, байгалийн сайханд маш их дуртай. Долоон насандаа сургуульд орохоор хотод ирж байлаа. Тухайн үед хотод ирээд байшин барилга, хөгжил цэцэглэлтийг хараад үнэхээр гоё санагдаж байсан. Манай суманд тог бараг байдаггүй, өдөрт хоёр цаг орчим ирээд тасардаг. Харин хот тэр чигтээ л гэрэлтэй байхыг хараад маш их гайхсан. Балар эртний хүн шиг л байсан даа. Тэр үеэс хойш хотод амьдарч байна.

Хэдэн наснаасаа зураг зурж эхэлсэн бэ?

-Бага байхад тоглох тоглоом гэх зүйл байхгүй болохоор хөдөлгөөнт, үйл явдалтай зураг зурж тоглодог. Өөрийгөө зургаар хөгжөөж, цагийг зугаатай өнгөрүүлдэг байсан юм. Цэцэрлэгт байхдаа өдөржин ном будаж суудаг хүүхэд байлаа. Түүнээс хойш боломж гарвал өөртөө цаг гарган зураг зурдаг болсон доо.

Та  ямар төрлийн зураг зурах илүү дуртай вэ?

-Би ямар нэгэн зүйлд баригддаггүй. Тухайн цаг үед юу зурахыг хүснэ. Түүнийгээ л зурдаг. Зураач хүн байнгын нэгэн хэвийн урсгалаар зурах нь утгагүй гэж би боддог. Хүссэн зургаа зурж чаддаг байх нь бусдаас ялгарах давуу тал болов уу. Би анх хар зураг, тэр дундаа хөрөг зурдаг байсан. Гэтэл гадаадын зураачид “3D” зураг зурж эхлэхэд “би яагаад чадахгүй гэж” гэсэн бодол төрж зурж үзсэн. Бодож байснаасаа илүү зурсан учраас тасралтгүй хоёр жил энэ төрлийн зураг зурсан. Аажим аажмаар сонирхол буураад тэс өөр зүйл зурахаар шийдсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам түүнийг дагаад миний зурах сонирхол өөрчлөгдөж байдаг.

Өөрийн зурж буй зургаараа бусдад ямар зүйл илэрхийлэхийг зорьдог вэ?

-Маш удаан хугацааны турш судалгаа хийж, сэтгэл санаа, оюун бодлоо зориулж шинэ бүтээл гаргадаг. Түүнийхээ дараа хийсэн бүтээлээ урлагийн бүтээл болгон хувиргана. Тэр урлагийн бүтээлийн бүх утга учрыг зураач хүн өөрөө л тайлбарлаж чадна. Энгийн хүн тэр зургийг хараад ямар нэгэн зүйл ойлгож, хүлээн авч чаддаггүй. Тиймээс миний зургийг хүн хараад ойлгох биш, аз жаргалтай, сайхан мэдрэмж аваасай гэж хүсдэг.

-Зураг зурахад тохиромжтой цаг үе гэж байдаг уу?

-Хамгийн гол нь зурахдаа төвлөрөх хэрэгтэй. Нөгөө талаараа сууж сурах хэрэгтэй гэсэн үг. Зураг зурах эхний нэг хоёр цаг төвлөрч өгөхгүй хэцүү байдаг. Харин гүйцэт төвлөрсний дараа темпедээ орчихдог. Онгод  ордог гэж ойлгож болно. Оюун бодол бүрэн төвлөрсөн энэ үед арван цаг сууж зурсан ч ядардаггүй. Дуртай зүйлээ хийж байгаа учраас сайхан мэдрэмж, таашаал, амралт бүгдийг зурсан зургаасаа авахаас гадна сэтгэлд хүрсэн сайхан бүтээл гардаг гэж би боддог.

Зураг зурж байхдаа буруу өнгөөр будах эсвэл гэнэт алдаа гаргавал тухайн үед ямар санагддаг вэ?

-Мэдээж маш их урам хугарна. Зурж байгаад алдаа гаргавал тэр зургаа хадгалаад дахиад шинээр зурж эхэлнэ. Түүнээс шантраад орхино гэж байхгүй. Би “Мона лиза”-ийн зургийг дөрвөн удаа зурж байсан. Бага багаар ахиж байгаа хэдий ч хэзээ ч 100 хувь ижил зурж чадахгүй. Одоо зурвал дөнгөж дөхөж очих байх. Завтай үедээ зурж үзнэ дээ. Зураач хүмүүст нэг ижил тал бий. Өөрсдийн зураг, зургийн хэрэгсэлд өөр хүн хүргэх дургүй байдаг. Тэд зургандаа маш их хайртай учраас хүн хүрч гэмтээх, муухай болгох вий гэхээс эмээдэг. Хэдий бие минь өөр газар байсан ч зурж байгаад орхисон зургандаа маш их санаа зовдог.

-Сэтгэл санаа тааруу эсвэл ганцаардсан үедээ та зураг зурдаг уу?

-Миний амьдралд зураг зурахаас бусад цаг хугацаа нь нэг тийм эзгүй, таагүй өнгөрдөг. Тиймээс ихэнх цагийг зураг зурж өнгөрөөдөг дөө. Би заримдаа үедээ 10-12 цаг тасралтгүй зураг зурдаг. Хоол ч идэхгүй. Үүнээсээ маш их кайф авдаг.

Өөрийн бүтээлүүдээ цөөн үгээр илэрхийлбэл?

-Гэрэл дотор сүүдэр, сүүдэр дотор гэрэл байдаг. Энэ бол уран зургийн дүрэм. Энэ утгаараа би байж болохгүй хоёр зүйлийг нэгтгэж зурдаг. Ямар нэгэн зүйлд баригдахгүй чөлөөт сэтгэхүйтэй зурагнууд миний урын санд бий.

Та зурахын хажуугаар шивээс хийдэг гэсэн. Хэзээнээс шивээс хийж эхэлсэн бэ?

-Би таван жилийн өмнөөс шивээс хийж эхэлсэн. Чөлөөт цагаараа хийдэг. Эхэндээ хийлгэх гэсэн хүн бүрт хийж өгдөг байлаа. Харин одоо хүний арьсан дээр үлдэх зүйл гэсэн үүднээсээ болгоомжтой ханддаг болсон. Манай улсад мэргэжлийн шивээс хийдэг хүн бараг байхгүй. Би удахгүй энэ чиглэлээр АНУ-руу явж  магистрын зэрэг хамгаалах гэж байгаа.

Ярилцагын сүүлийн асуулт. Таны ирээдүйн зорилго тань юу вэ?

-Би хүүхэд байхдаа Монголын бүх телевизээр гарч үзэх юмсан гэж боддог байсан. Бодол ч биш жаахан хүүгийн мөрөөдөл юм даа. Олны танил хүмүүсийг хараад тэгж боддог байсан байх. Тэгсэн 2014 онд “3D” зураг зурж эхлээд үндэсний телевизээс эхлээд олон сувгаар гарсан. Түүнээс хойш мөрөөдөл гэдэг нь хэзээ ч бүтэшгүй том зүйл байх ёстой гэж ойлгосон юм. Гэхдээ би  АНУ-руу явж  ирээд улсдаа нэртэй артист болохыг л зорьж байна даа. Эцэст нь хэлэхэд хүн дуртай зүйлээ хийхээс илүү аз жаргал гэж байдаггүй. Хийхийг хүссэн зүйлээ хийгээрэй гэж уншигчиддаа хэлье.

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-19 139.5.217.36

Аая эрхэм брогоос нь

Avatar

Mmm 2018-10-19 66.181.161.47

Mundag shuu

Avatar

irgen 2018-10-19 121.58.241.252

yaay. goy zurjee. bayar hurgey. amjilt husye. ene bol harin ch avyas bh shuu. duriin hun horog zurdaggui bha.

Avatar

Зочин 2018-10-19 66.181.176.188

Good luck.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж