Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх цагдаагийн I, II, III хэлтэс хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.Ганчимэг, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Цагдаагийн I,II,III хэлтсийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Салбар зөвлөлөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээг сар бүр нэгтгэн, улмаар гэмт хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөлийн гишүүн байгууллагуудтайгаа хамтран нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилладаг билээ.
Дашрамд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл уг арга хэмжээг 2 үе шаттай зохион байгуулах юм. Нэгдүгээр шатанд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэнд халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэдээлэл хүргэн, тэдний санал, санаачлагыг сонсож, хэлэлцүүлэг хийсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ГХУСАЗСЗ-өөс мэдээллээ.
Холбоотой мэдээ