Булган аймгийн Бугат сумын нутаг Бяцхан хөтөл гэх газарт асфальтан замд 2018 оны аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө Прадо маркийн автомашин онхолдож, жолооч 28 настай М-н амь нас хохирсон хэрэг гарчээ.
Дээрх онхолдсон машины жолооч нь тус аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч ахмад М байсан аж. Осолдох үеэрээ ямар нэгэн согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг албаныхан онцолж байгаа юм. Уг хэрэгт ЦЕГ-ын ажлын хэсэг Булган аймгийн Гурванбулаг суманд ажиллаж байна.
Талийгаачийн ар гэрийнхэн түүний үхэлд иргэний нийгмийн төлөөллийг буруутгаж буй юм. Тухайлбал, малын хулгайн хэргээр сэжиглэн саатуулсан этгээдийг өмгөөлөхөөр Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч, тус цагдаагийн алба хаагчтай уулзсан байна. Уулзахдаа цагдаагийн алба хаагч руу дайрч, хэл амаар доромжилж, бичлэг хийж сайтад нийтэлжээ. Мэдээ нийтлэгдсэнээс болж хэсгийн төлөөлөгч амиа алдахынхаа өмнө багагүй сэтгэл санааны хямралтай байсан талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс ослын шалтгааныг нарийвчлан шалгаж байгаа юм байна.
Э.АРИУН