Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн 2018.10.18-ны өдөр Төрийн ордны их танхимд болж байна. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байгаа юм.
ОЛИМПИЙН МЕДАЛЬТНУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Зөвлөгөөний эхэнд олимпын медальтнуудад хүндэтгэл үзүүлэх ёслол болов. Олимпын их наадмаас монголчууд анх медаль хүртсэний түүхт 50 жилийн ой энэ жил тохиож буй. Энэ ойд зориулан олимпын анхны медальтнуудын хөрөг бүхий мөнгөн зоосыг бүтээсэн байна. Мексик улсын Мехико хотноо болсон зуны олимпын XIX наадмаас мөнгөн медаль хүртсэн Жигжидийн Мөнхбат, хүрэл медаль хүртсэн Данзандаржаагийн Сэрээтэр, Чимэдбазарын Дамдиншарав, Төмөрийн Артаг нарын дурсгалын мөнгөн зоосыг медальтнууд болон тэдний гэр бүлд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Олимпын наадмаас Монгол Улсын 28 тамирчин 29 медаль хүртээд байгаа юм. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх олимпын бүх алдартнууддаа мөн хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардууллаа.
Үүний дараа биеийн тамир, спортын улсын IV зөвлөгөөнд оролцогчдод хандан ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг уншиж сонсгов. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар зөвлөгөөнийг нээж үг хэллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа Спортыг дэмжих сантай болсноор иргэдийн дунд нийтийг хамарсан арга хэмжээ нэмэгдэж, зохион байгуулалтын чанар, үр дүн сайжирсныг дурдаад “Монгол Улсын Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Үндэсний спортын өв соёлыг дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, спортын эрдэм шинжилгээ, анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмцээн, наадам зохион байгуулах тогтолцоог сайжруулах, салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, тамирчид дасгалжуулагчдын нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх”-ээр тодорхой зорилтууд дэвшүүлж, эхнээсээ амжилттай хэрэгжиж байна.
Шинэчлэн батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулиар төрийн байгууллагын зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад гэрээгээр шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн байгаа.Иймд холбогдох яам, агентлагийн зүгээс спортын холбоодыг хөгжүүлэх, засаглал, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх бодлого, эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, төр болон төрийн бус, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллах ёстой” гэлээ.
БСШУС-ын сайд Ц.ЦОГЗОЛМАА:
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ зөвлөгөөний гол зорилго нь Монгол Улсын биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагаанд оролцогч бүх талууд нэг дор цугларч салбартаа тулгамдаж байгаа хамгийн хурц, хамгийн тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь шүүн тунгаан хэлэлцэж, юуг хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар нэгдсэн ойлголт, шийдэлд хүрэхэд оршиж байгаа гэдгийг онцлов. Мөн тэрээр биеийн тамир, спортын салбарын хөгжил өнөөдөр ямар түвшинд байгааг зарим тоо баримт дээр тулгуурлан танилцуулсан юм.
БСШУСЯ-ны зүгээс 2018 онд Биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийг үе шаттайгаар нэмэгдүүлэн УИХ-аар батлуулснаар Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг гэрээгээр цалинжуулах болон чухал тэмцээн, ОУ-ын болон дэлхийн наадамд оролцуулахад 5,4 тэрбум, улсын аварга шалгаруулах тэмцээн, хуваарьт улсын хэмжээний наадам, Монгол Улсад олон улсын тэмцээн зохион байгуулах зэрэгт 1,6 тэрбум, нийтийг хамарсан биеийн тамирын ажил үйлчилгээнд 549,5 сая төгрөг, аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын тусгай шилжүүлэгт 12 тэрбум төгрөгийг зарцуулаад байгааг “Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Ц.Цогзолмаа сайд онцлов.
Зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлж байна.
Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.
“Спорт ба Хөгжил” улсын зөвлөгөөнд оролцогчоос Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын холбогдох заалтуудыг үндэслэн Монгол Улсын иргэдийг эрүүл чийрэг бие бялдартай, идэвхтэй хөдөлгөөн, спортоор тогтмол хичээллэдэг, амьдралын зөв дадал, зуршилтай байж Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан Монгол хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэхэд биеийн тамир, спортын салбар манлайлан ажиллах зорилгыг хангах үүднээс зөвлөгөөнөөс дараах ЗӨВЛӨМЖИЙГ шат шатны төрийн байгууллагуудад илгээж байна.
Нэг. Монгол Улсын Их Хуралд
1.1. Улсын төсөв, олон улсын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар орчин үеийн шаардлага хангасан спортын цогцолбор барихад шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг батлахад дэмжлэг үзүүлэх,
Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчид
2.1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар улсын хэмжээнд зохион байгуулж буй Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын дүн мэдээ, монгол хүний бие бялдрын хөгжлийн өнөөгийн байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, бие бялдрын түвшин тогтоох сорилын удирдлага зохион байгуулалтыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх,
2.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 151 дүгээр зарлигын дагуу амжилт гаргасан тамирчинд насан туршид нь сар бүрийн урамшуулал олгож буй хэлбэрийг оновчтой, боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл хүргүүлэх,
Гурав. Монгол Улсын Засгийн газарт
3.1. Биеийн тамир, спортын салбарын төсвийг орон нутгийн онцлог, газар зүйн байршил, хүн амын тоонд харьцуулан төсөвлөдөг болох, зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх, төрийн байгууллагын бүтэц тогтолцоог боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгахад анхаарал хандуулах,
3.2. Биеийн тамир, спортын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын жишгийн дагуу Спортын лото, бооцоот тааврын тухай хуулийг санаачлан боловсруулах, батлах,
3.3. Аймаг, Нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарын ажлыг дүгнэхэд оршин суугчид, иргэдийн бие бялдрын үзүүлэлтийн шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэж дүгнэдэг тогтолцоог бүрдүүлэх,
3.4. Биеийн тамир, спортын салбарын бүтээн байгуулалт, спортын барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр барихад биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг тусгаж бодлогоор барих, хөрөнгө санхүүжилтийг 2-3 жилийн улсын төсөвт тусгаж, барилгын ажлыг удаашруулахгүй бүтээн байгуулалтыг дуусгахад бодлогоор дэмжлэг үзүүлэх,
3.5. Монгол Улсын Засгийн газрын 2016–2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүний төлөвлөгөөнд туссан спортын шинжлэх ухаан, анагаах ухааныг хөгжүүлэх бие даасан бүтэц, тогтолцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, бүрэн эрхийн хугацаанд спортын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулах,
3.6. Урт хугацаанд тогтмол бэлтгэл, сургуулилт хийж, тэмцээн, наадамд амжилттай оролцож байсан өндөр ур чадвартай тамирчдыг эрт тэтгэвэр тогтоолгох боломжоор хангах асуудлыг шийдвэрлэх,
Дөрөв. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд
4.1. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Төвлөрөлийг бууруулах талаар төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх шатны төрийн байгууллага болон төрийн бус байгууллагын чиг үүрэг, салбарын тогтолцоог шинэчлэн тодорхойлох,
4.2. ЮНЕСКО-оос зөвлөж буй “Бие бялдрын чанартай боловсрол” зөвлөмжид нийцүүлж, бүх шатны боловсролын байгууллага дахь биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгад нэмэлт өөрчлөлт оруулах,
4.3. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн орчны болон хэрэглэл материалын стандартыг боловсруулан батлуулж, улсын төсвөөс санхүүждэг сургуулиудыг спортын хэрэглэл, материалаар хангах, шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусгуулан үе шаттай санхүүжүүлэх,
4.4. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн үнэлгээнд бие бялдрын түвшин тогтоох сорилын дүнг оруулж тооцдог болох, элсэлтийн ерөнхий шалгалтад тусгах боломжийг бүрдүүлэх,
4.5. Шинээр баригдах боловсролын байгууллагын барилга байгууламжийг заавал биеийн тамир, спортын зориулалтын заал, гаднах талбайтайгаар барих, нийтийн хэрэгцээнд ашигладаг болгох арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
4.6. Биеийн тамир, спортын салбарын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ хийх, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх, хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлэх,
4.7. Гадаад улсын биеийн тамир, спортын их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг дотоодын спортын их дээд сургуулиудад нэвтрүүлэх, 2х2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх,
4.8. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлээс гадуурх спортын секц ажиллуулсан ажлын хөлсийг биеийн тамирын багшийн цалин дээр нэмж тооцон олгодог болгох, биеийн тамирын багшийн хөдөлмөрийн нөхцөлд үнэлгээ хийх,
4.9. Аймаг, нийслэл дүүргийн биеийн тамир, спортын газар, хороодод шаардлагатай урсгал засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжөөр хангах хөрөнгө оруулалтыг шат дараатай, үе шаттай хэрэгжүүлэх.
Тав. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг – Биеийн тамир, спортын газарт
5.1. Бие бялдрын түвшин тогтоох сорилын бие даасан стандартыг боловсруулан батлуулах, хяналтын болон урамшуулал тогтолцоотой болгож, сорилын судалгааны үр дүнг нэмэгдүүлэх,
5.2. Спортын төрийн бус байгууллага, хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн үйл ажиллагааг олон улсын спортын байгууллага болон төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах,
5.3. Улсын хэмжээний тэмцээн, наадмын үйл ажиллагааг санхүүжүүлтийн тогтолцоо, аргачлалыг боловсронгуй болгох, биеийн тамир, спортын салбарын улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр ашиг, өгөөжийг тооцох аргачлалыг боловсруулж,
5.4. Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуулийн спортын сургалт дасгалжуулалт явуулах сургалтын стандартыг батлуулах, багшийн ажлын хөлс, сурагчдыг тэмцээн, бэлтгэл сургуулилтад оролцох, тамирчин сурагчдын өдрийн хоолны зардлыг тооцох аргачлалыг боловсруулах,
5.5. Шигшээ багт олон жил бэлтгэл, сургуулилт хийсэн шигшээ багийн тамирчдад мэргэжил эзэмшүүлэх, мэргэших, нийгмийн харилцаанд оролцох, нийгэмд салбарын манлайлыг үзүүлэх зорилгоор “Тамирчны замналын дараах хөгжлийн хөтөлбөр”-ийг нийт тамирчид, дасгалжуулагчдын оролцоотой хэлэлцүүлэн боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулах.
Зургаа. Бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нарт
6.1. Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2019 онд багтаан Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах,
6.2. Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж аймаг бүр спортын 8-аас доошгүй төрлөөр өсвөр үеийн шигшээ багийг бүрдүүлэх спортын төрлийг сонгох, тэдгээрийн бүтэц, орон тоог 2019 онд багтаан Засаг даргын захирамжаар батлуулах, шигшээ багийн үйл ажилагааны хүрээнд аймгийн спортын салбар холбоодын оролцоог хангах,
6.3. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх заал, гадна талбай, явган алхалт, аялал, дугуйн замыг нэмэгдүүлэх аймгийн хэмжээнд нэг хүн ногдох биеийн тамир, спортын заал, талбайн хэмжээг нэмэгдүүлэх,
6.4. Орон нутагтаа биеийн тамир, спортын үйл ажиллагааг өргөжүүлэх, материаллаг баазыг нэмэгдүүлэх, иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчинг сайжруулах, аймгийн нийгэм, эдийн засгийг дэмжих зорилгоор улсын хэмжээний спортын тэмцээн, наадмыг орон нутагтаа зохион байгуулах талаар санаачлага гаргаж ажиллах,
Долоо. Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагуудад
7.1. Нийгмийн хариулцагаа хэрэгжүүлэх үүднээс байгууллагын нийт ажилтан, албан хаагчид, тэдгээрийн гэр бүлд чиглэсэн биеийн тамирын ажил үйлчилгээг хийж хэвшүүлэх, байгууллагын дотор болон гадна орчинд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчин бүрдүүлэх, манлайлагчдыг урамшуулах ажлыг хийж хэрэгжүүлэх гэсэн 7 чиглэлд дээрх зөвлөмжүүд гарлаа. Үүн дээр зөвлөгөөний төлөөлөгчдийн бичгээр ирүүлсэн санал нэгтгэгдэж нэгдсэн байдлаар шат шатны төрийн байгууллагуудад илгээх болно.