Цагаан гаа
Цагаан гааг уламжлалт ёсоор бөөлжилтийн эсрэг эмчилгээ болгон ашигладаг байсан. Мэс засал, хими эмчилгээ, далайн өвчин, жирэмсний эхэн үеийн хордлогын үеийн дотор муухайралт, бөөлжилтийг бууруулдаг гэдгийг нилээд хэдэн судалгаа илрүүлсэн байдаг.
Жирэмсний хордлогод үр дүнтэйг баталсан судалгаанууд
-1990 онд хүнд хэлбэрийн хордлоготой, эхний триместертэй байгаа 27 жирэмсэн эмэгтэйд цагаан гааны үндсийн үйлчилгээг судалжээ. 250мг-аар өдөрт 4 удаа уухад шинж тэмдэг маш ихээр багассан байна.
-Санамсаргүй сонголтот, хяналтат судалгаануудыг нэгтгэсэн нэгэн судалгаагаар цагаан гаа нь пласебогоос илүү үр дүнтэй төдийгүй, бөөлжилтийн эсрэг эм метоклопрамидтай адил үр дүнтэй байжээ.
-2001 онд судлаачид 17-оос бага долоо хоногтой 70 жирэмсэн эмэгтэйд хийсэн судалгаагаар ч мөн адил үр дүнтэй байсан нь батлагджээ.
-2002 онд хийгдсэн судалгаагаар 26 эмэгтэйн 14 нь цагаан гаа, 12 нь пласебо хэрэглэсэн байна. Цагаан гаа хэрэглэсэн эмэгтэйчүүдийн 77% нь сайжирсан байхад пласебо бүлгийн 20% нь л сайжирсан үр дүнтэй байжээ.
Өдөрт 1-2г /1000-2000мг/-аар ууна. Хэрвээ цай хэлбэрээр уух бол цагаан гаагаа арилгаж, үрээд эсвэл хэрчээд цайндаа хийж ууна.
В6 аминдэм
В6 аминдэмийн ач тусын талаар 1942 болон 1944 онуудад Виллис болон түүний багийн хамт олон, Вейнстейн болон түүний багийнхан В6 аминдэмийг жирэмсэн эмэгтэйчүүдэд уулгахад дотор муухайралт бөөлжилт багасч байснаар мэдэж авчээ. Гэхдээ тэр үеийн судалгаа нь хяналтын бүлэггүй байжээ. Харин сүүлийн үеийн давхар нууцлалтай, санамсаргүй сонголтот судалгаануудаар үр дүнг нь баталсаар байна. 1 жишээ гэхэд 1991 онд давхар нууцлалтай судалгаагаар 59 эмэгтэйг 2 бүлэгт хуваан, 1 бүлэгт 8 цаг тутамд В6 аминдэм 25мг, нөгөө бүлэгт пласебо /В6-тай адилхан харагдах бэлдмэл, гэхдээ ямар нэгэн идэвхит бодисгүй/ уулгажээ. 72 цагийн дараа В6 ууж байсан нийт 31 эмэгтэйн 8 нь л дотор муухайралттай байхад пласебо бүлгийн 28-аас 15 нь дотор муухайралт хэвээр байв. Саяхны 342 эмэгтэйг хамарсан, давхар-нууцлалтай судалгаагаар нэг бүлэг нь 30мг В6, нөгөө бүлэг нь пласебо ууж, 5 хоног эмчилгээ хийлгэжээ. Хяналтын бүлэгтэй харьцуулахад эмчилгээний бүлэгт дотор муухайралт, бөөлжилт ихээр буурсан байж.
К болон С аминдэм
К, С аминдэмүүдийг хавсарч хэрэглэхэд нийт өвчтнүүдийн 91% нь 72 цагийн дотор дотор муухайралт, бөөлжилтгүй болсон байдаг. Гэхдээ тус, тусдаа үр дүнтэй үйлчилгээ үзүүлээгүй байна.
Эх үүсвэр: Байгалийн анагаах ухааны сурах бичиг/Textbook of Natural Medicine, 2005