Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ баг Порт-Элизабет хотын Нельсон Мандела цэнгэлдэхэд Уругвайн шигшээг 3:2 харьцаатай буулган авч, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахиа дараалан хүрэл медаль хүрлээ.
Тоглолт өндөрлөхөөс найман минутын өмнө Тунис гаралтай тоглогч Сами Хедира ялалтын гоолыг мөргөн оруулснаар гарааны бүрэлдэхүүндээ олон өөрчлөлт оруулсан Йохим Лёвын цэргүүд дэлхийн шилдгүүдэд тун ч хатуу хандсан Өмнөд Африкийн ногоон зүлгэнд хүрэл медалийн эзэд болсон юм.
Улаан картны улмаас хагас шигшээгийн Испанитай хийсэн тоглолтыг өнжсөн Томас Мюллер багтаа эргэн ирж, 19 дэх минутад тооны харьцааг нээснээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Алтан шаахай”-ны төлөөх өрсөлдөөнийг тэргүүлэгчдийн эгнээнд багтах болов.
Энэ жилийн дэлхийн аваргаар “тэсэрсэн” залуу тоглогчдын нэгт зүй ёсоор багтаж буй 20 настай Мюллер ийнхүү дэлхийн аваргын зургаан тоглолтод таван гоол оруулсан амжилтаар Испанийн Давид Вилья, Голландын Уэсли Снейдер нартай эн зэрэгцээнд байна.
Гоолоос хойш есөн минутын дараа Эдинсон Кавани тэнцээний гоолыг оруулж, улмаар завсарлагаанаас хойш зургаан минутын дараа Диего Форлан гоолдсоноор дэлхийн хошой аварга уругвайчууд тоглолтыг хошуучилж эхэлжээ. Гэхдээ ердөө тавхан минутын дотор “Германы машинууд” хариуг нь барьж, Марсель Янсены мөргөсөн бөмбөг Уругвайн хаалгач Фернандо Муслерагийн хаалгыг мялааснаар тооны харьцааг тэнцүүлсэн байна.
Тоглолтын эцсийн мөчид Форланы довтолгоо хаалганы хөндлөвч оносноор шүгэлийн дуу хадаж, Өмнөд Америкчууд ялагдагчийн хувиар нутаг буцах болсон юм.
“Германы машинууд”-ын ахлагч Филипп Ламм, хаалгач Мануэль Нойер нараас гадна нуруундаа бэртэл авсан довтлогч Мирослав Клозе энэ тоглолтыг сэлгээний суудал дээр өнжсөн. Тэрбээр ийнхүү дэлхийн аваргын дэвжээнд 15 гоол оруулж, Бразилийн домогт Рональдугийн амжилтыг давтах ховорхон боломжоо алдсан юм. Гурав дахь дэлхийн аваргадаа тоосоо өргөсөн 32 настай довтлогч 2014 онд Бразилийг зорих Германы бүрэлдэхүүнд багтахгүй л болов уу.
Түүнчлэн Лукас Подольски, Марио Гомез нар ханиадтай учир гарааны бүрэлдэхүүнд багтсангүй.
Бороо зөөлөн шивэрсэн энэ үдшийн тоглолтын дараа тоглогчид гар барьж, “Германы машинууд” шагнал гардуулах мөчийг хүлээн, талбайдаа үлдсэн. Хэдийгээр тэдний хувьд хүрэл медаль хүссэн амжилт нь байгаагүй ч, “Үхлийн хэсэг-2” хэмээн нэрлэгдэж байсан “чанга” хэсгээс нэгээр гарч, Англи, Аргентин зэрэг дэлхийн хүчирхэг багуудыг дараалан бут ниргэсэн тэдний амжилт чамлахааргүй.
Тоглолтын дараа Хедира “Бид үүнээс ч илүүг хүсч байсан, тэр хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн төлөө бүхнээ зориулсан. Гэхдээ яая гэхэв, энэ тоглолт нэг талаараа бас л финал шүү дээ. Бид залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн гэхэд үнэхээр гайхалтай амжилт гаргалаа. Цаашид үүнээс ч илүү байж чадна” хэмээн ярьжээ.
С.ЦЭЛМЭГ