Афганистан улс бол эмэгтэй хүнд хамгийн халтай улсуудын нэг билээ. Сахба Шахрухи гэх 28 настай Афганистан бүсгүй өглөөний цайгаа уухаар сууж байхдаа эцэг эхдээ “Би аравдугаар сарын 20-нд болох парламентын сонгуульд өрсөлдөнө” хэмээн хэлжээ.
Гэтэл түүний эцэг эх нь зүгээр л тоглож байна гэж бодоод инээцгээтэл бүсгүй “Би тоглоогүй байна шүү дээ. Би өрсөлдөх ёстой” хэмээн эрс шийдэмгий хэлсэн байна. Үүнийг сонссон эцэг эх нь ихэд цочирдон инээхээ больцгоож түүний саналыг эсэргүүцэж гэнэ. Харин сэтгэл зүйч бүсгүй 28 жилийн туршид анх удаа эцэг эхийнхээ үгнээс зөрөн өөрийнхөөрөө зүтгэжээ. “Би бусад эмэгтэйчүүдэд эмэгтэй хүн ч гэсэн удирдагч байж чадна, энэ улсын төрд шинэ цус сэлбэх цаг болсон гэдгийг ойлгуулах ёстой. Дэлхийн бусад хүмүүс Афган эмэгтэйчүүдийг юу ч хийж чаддаггүй гэж боддог. Үнэн хэрэгтээ бидэнд улс орноо аварч чадах хүч бий. Бидэнд зүгээр суух цаг байхгүй” гэж Сахба бүсгүй хэлсэн байна. Сахба гэр бүлээсээ коллеж төгссөн анхны эмэгтэй юм. Сонгуулийн хорооны мэдээлснээр энэ удаагийн сонгуулийн нэр дэвшигчдийн 16 хувь нь эмэгтэй хүн байгаа аж. Түүний нэг төлөөлөл нь Сахба юм.
Эх сурвалж: CNN