Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Зээлийн хүү бууруулах стратеги 2018-2023”-ыг батлаад хэрэгжүүлж эхэлжээ. Үүнтэй холбогдуулах Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын орлогч дарга Б.Итгэлсүрэнтэй ярилцлаа.
-СЗХ арилжааны банкуудаас бусад салбар, тэр дундаа бичил санхүүгийн салбар гэгддэг банк бус санхүүгийн байгууллага (ББСБ), хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны зах зээлийг зохицуулдаг. ББСБ-ын салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?
-2016 оноос өмнө СЗХ-нд бичил санхүүгийн нэгж банк бус санхүүгийн болон хоршооны салбарыг хамтад нь хариуцдаг байсан бол одоо эдгээр зах зээлийг эрхэлсэн тусдаа газрууд ажиллаж байна. Учир нь, ББСБ, ХЗХ хоёр засаглал, нөөцийн хувьд эрс ялгаатай. СЗХ шинэ бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлмэгцээ ББСБ, ХЗХ-ны салбарт тодорхой бодлого явуулж, сүүлийн хоёр жилд багагүй үр дүнд хүрээд байна. Үүнийг эдгээр салбаруудад гарч байгаа санхүүгийн өсөлтөөс харж болно. ББСБ-ууд л гэхэд 2016 оны хоёрдугаар улиралд нийт хөрөнгийн хэмжээ 676.5 тэрбум төгрөг байсан бол энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 1.143 их наяд төгрөгт хүрч 69.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. ХЗХ-ны салбарын өсөлт энэ оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 36 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт болж байна.
-СЗХ, Монголбанк, Сангийн яамны удирдлагуудаас бүрддэг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Зээлийн хүү бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг баталсан. Энэ стратегид ББСБ, ХЗХ-ны хүүг буулгах чиглэлээр ямар ямар зорилт, арга хэмжээ тусгасан бэ?
-“Зээлийн хүү бууруулах стратеги 2018-2023”-т СЗХ-ноос таван гол зорилтын хүрээнд банк бус санхүүгийн салбарт технологийн дэвшил, шинэлэг ололтыг нэвтрүүлэх, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх өртөг зардлыг бууруулах чиглэлээр шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж, шийдвэрлэх, зээлийн мэдээллийн санд бүрэн хамруулахад тулгамдаж буй дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын шилдэг туршлагад суурилсан актив удирдлагын үр ашигтай тогтолцоо, сайн засаглалын зарчмууд, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, хариуцлагатай зээллэгийн зарчмуудыг нэвтрүүлэх, чанаргүй активыг бууруулах, өр барагдуулах дундын албыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах, зээлийн харилцааг эрх тэгш, талуудын хүсэл зоригийг тэнцвэртэй илэрхийлсэн гэрээний харилцаа болгох, ББСБ-уудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, гэрээний нөхцөлүүдийг тогтмол мэдээлэх зэрэг олон ажил, арга хэмжээ туссан. ХЗХ-ны чиглэлээр мөн л зээлийн мэдээллийн санд хамрагдалтыг бүрэн болгох, зээлийн хямд эх үүсвэрүүдийг дайчлах, хоршоодын тогтвортой хөгжлийг хангах үүрэг бүхий тогтворжилтын сан байгуулах, гишүүдийн хадгаламжийг хамгаалах үүднээс хадгаламжийн даатгалаар даатгуулдаг болох гэх мэт ажлуудыг тодорхой тусгаад ажиллаж байна.
-СЗХ-ны зохицуулалтад хэчнээн ББСБ, ХЗХ байдаг юм бэ? Та бүхэн хэрхэн зохицуулж ажилладаг талаараа товч ойлголт өгөхгүй юү?
-Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар СЗХ-ноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа 539 ББСБ, 289 ХЗХ байна. Эдгээр байгууллага, хоршоодын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, тэнцлийг бид улирлаар, зарим онцлог мэдээллийг сар бүр авч, тэдгээрт дүн шинжилгээ хийж ажилладаг. Мөн газар дээрх хяналт, шалгалтын ажиллагааг бид төлөвлөгөөний дагуу болон гэнэтийн гэсэн хэлбэрээр зохион байгуулж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, иргэд, байгууллагын өргөдөл гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг, үйл ажиллагааг СЗХ хэрэгжүүлдэг.
-СЗХ-ноос ББСБ, ХЗХ-ны салбарт тодорхой бодлого явуулж байгаа гэж та дээр хэллээ. Тухайлбал, банк бус санхүүгийн зах зээлийн талаар ямар бодлого явуулж байгаа вэ?
-СЗХ-ноос 2016 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах ББСБ шинээр байгуулахад хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоож өгсөн. Улмаар уг шийдвэр гарахаас өмнө тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудыг дөрвөн жилийн хугацаанд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлж дээрх дүнд хүрч ажиллахыг тогтоосон. Ингэж ББСБ-уудыг чадавхжуулж, дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлснээр зээлийн нийлүүлэлт өсөх, өртөг буурах, улмаар энэ салбарт өрсөлдөөн бий болж, үр дүнд нь зээлийн хүү буурах судалгааны дүгнэлт гарсны дагуу энэ бодлогыг явуулж эхэлсэн. Миний өмнө дурдсан хөрөнгийн болон харилцагчдын өсөлтүүд, зээлийн хүү буурсан зэрэг нь энэ бодлогын шийдвэрийн үр нөлөө юм.
-ББСБ-ын зээлийн хүү буурч байгаа хэдий ч бусад улс орнуудтай харьцуулахад манай улсад зээлийн хүү өндөр байсаар байгааг олон нийт шүүмжилдэг?
-Банк бус санхүүгийн салбарыг зарим хүмүүс өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулж байгаа учраас эх үүсвэрийн зардалгүй байж зээлийн хүү нь өндөр байна гэж шүүмжилдэг. Гэтэл бичил санхүүгийн салбар өөрөө арилжааны банкны шаардлага хангахгүй байгаа ард иргэдэд шаардлагатай зээлийг нь богино хугацаанд судлаж, олгодог. Энд мэдээж эрсдэлийн түвшин өндөр байх нь ойлгомжтой юм. Ийм учраас ББСБ-уудын бүтээгдэхүүний үнэ буюу хүү өөрөө тогтож байгаа. Хүүг бууруулах асуудалд олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн үр дүн муутай нь төр хүчээр тогтоох явдал гэж би боддог. Ер нь СЗХ, нэгдүгээрт, олон нийтэд яаж санхүүгийн үйлчилгээг хямд өртөгтэй хүргэх вэ, хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдыг яаж дэмжиж, хамгаалж ажиллах вэ гэдэг дээр бодлого боловсруулж ажиллаж байна. Үүний дагуу ББСБ-уудын хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр салбарын жигнэсэн дундаж хүү тогтмол буурч байгаа. Мэдээж, үр нөлөө нь ард иргэд, харилцагчдад бууна. Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулалт банк бус санхүүгийн салбарт нэмэгдэж байна. Үүнийг бас бодлогоор дэмжээд ажиллаж байна. Өртөг зардлаа бууруулахын тулд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд ард иргэдэд үр өгөөжөө өгөөд эхэлсэн бол олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжаалж байгаа ББСБ-уудыг СЗХ дэмжин ажиллаж байна. Эдгээр бодлогын шийдвэр, дэмжлэгийн үр дүнд зээлийн хүү буурч санхүүгийн хүртээмж нэмэгдэх юм.
-Эдгээрийн үр дүнд зээлийн хүү бодитойгоор буурч байна уу? СЗХ явуулж байгаа бодлогынхоо үр дүнг үнэлж, судалж үзэв үү?
-Ер нь бидний гаргаж байгаа бодлогын шийдвэрийн үр дүн урт хугацаанд гарна. 2016 онд банк бус санхүүгийн салбарын жигнэсэн дундаж хүү 4.2 хувь байсан бол 2018 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.3 хувь болж буураад байна. Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ББСБ-уудын чадавхийг өсгөж, үйл ажиллагааны болон бусад эрсдэлийг багасгаж байгааг хэлэх хэрэгтэй.
-ББСБ-ууд мөнгө хүүлэлтийн янз бүрийн арга хэрэгслээр иргэд, харилцагчдыг хохироож байна гэсэн шүүмжлэл бас байна. Тухайлбал, өдрийн зээл олгож байна, хугацаа хожигдуулсан зээлдэгчдэд их хэмжээний торгууль ноогдуулж өрийн дарамтад оруулж байна гэх мэт. Үүнийг СЗХ яаж зохицуулж байна вэ?
-Өдрийн зээл олгож байна гэсэн мэдээлэл ирдэг. Мэдээллийн дагуу шалгаж үзэхээр СЗХ-ноос зөвшөөрөл авсан ББСБ ч юм уу, ХЗХ биш иргэд хоорондын харилцааны асуудал байдаг. ББСБ-ууд “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуульд заасны дагуу зээлдэгч зээлээ төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүү буюу харилцан тохиролцсон хүүг 20 хувиар л нэмэгдүүлж тооцохоор заасан заалтыг мөрдөж ажиллаж байгаа. Иргэд хууль, санхүүгийн мэдлэггүйгээс болж СЗХ-ны зохицуулалттай байгууллагуудтай байгуулсан гэрээнээс болж хохирсон гэж үзэж байвал манай байгууллагад гомдол гаргах боломжтой юм. Манай байгууллага дээр иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэдэг нэгж ажиллаж байгаа. Энэ нэгж өнгөрсөн хугацаанд ихэвчлэн даатгал, хувьцааны асуудлаар гарсан гомдлыг шийдвэрлэж ард иргэдэд учирсан хохирлыг барагдуулах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэж байна. Ярилцлагын боломжийг далимдуулан хэлэхэд, хэрэв СЗХ-ноос тусгай зөвшөөрөл авсан ББСБ, ХЗХ өдрийн зээл нэрээр мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байвал нэр устай нь манайд мэдэгдэж, бидэнтэй хамтран ажиллаарай.
-Ломбардууд СЗХ зохицуулалтад байдаг уу?
-Үгүй, ломбард СЗХ-ны зохицуулалтад байдаггүй. Барьцаалан зээлдүүлэх төв ломбардуудад 2017 онд батлагдсан заавал мөрдөх стандартын дагуу орон нутгийн удирдах байгууллага зөвшөөрөл олгож байгаа.
-ББСБ, ХЗХ-ны зээлийн хүүг бууруулах талаар цаашид ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Банк бус санхүүгийн салбарын хувьд томоохон ББСБ-уудыг олон нийтэд хувьцаа санал болгож Хөрөнгийн биржээр арилжаалах явцыг идэвхижүүлэх, финтек буюу технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулах ажлыг дэмжиж нэвтрүүлэх, хямд өртөгтэй төсөл хөтөлбөрийн зээлийг дамжуулан зээлдүүлэх ажлыг бодлогоор дэмжих зэрэг ажлуудыг төлөвлөөд эхлүүлээд явж байна. ХЗХ-дын хувьд орлогыг ААНОАТ-аас чөлөөлөх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, салбарын тогтвортой хөгжлийг хангах дэд бүтцийг бий болгох, хямд эх үүсвэрээр хангах ажлууд хийгдэж байна.
Ярилцсан Ц.УНДРАЛ
Эх сурвалж: Өнөөдөр сонин
Холбоотой мэдээ