Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулах эмэгтэй цөөн

Хуучирсан мэдээ: 2018.10.19-нд нийтлэгдсэн

Хүчирхийлэл үйлдсэн нөхрөө шоронд оруулах эмэгтэй цөөн

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх шалтгаан нөхцөл болон бусад асуудлаар олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.


Сүүлийн үед  гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргүүд нийгмийг цочроох боллоо. Ер нь ихэвчлэн ямар сэдлээр  дээрх хэрэг үйлдэгдээд байна вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл нь  хувь хүн болон нийгмийн амьдралаас  шууд шалтгаалдаг. Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийллийн шалтгаан  нь гурван үндсэн асуудлаас  хамаардаг гэж хэлж болно. Нэгдүгээрт залуучууд, өсвөр үеийнхнийгээ гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсрол олгохгүй байна. Гэр бүлийн амьдралын мөн чанар, гэрлэлтийн утга учир, үүсэх асуудлыг даван туулах, нэгнийгээ ойлгох хүлээн зөвшөөрөх зэрэг асуудлуудад бэлдээгүйгээс болоод хүчирхийлэл үйлдэгдэх нэг сэдэл болоод байгаа юм. Мэдээж хүний амьдрал сайнтай муутай янз бүрийн зүйл тохиолдоно. Харин тулгамдсан асуудлаа хүчээр  шийдвэрлэх гэсэн болчимгүй   үйлдэл нь хүчирхийлэл рүү түлхээд байна. Хоёрдугаарт нийгмийн асуудал. Өнөөдөр  залуучууд ажилгүй, орлого багатай байна.  Нийгмийн амьдралын хүрээнд залуу гэр бүлийг дэмжих бодлого эрхзүйн орчин дутмаг байдлаас болоод санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Нэгнээ буруутгадаг, сэтгэл санааны хямралд ордог. Үүнээсээ болоод архинд ордог. Манай улсад архинд донтох өвчний тархалт гамшгийн түвшинд байсаар байна. Албадан саатуулах байранд гэр бүлдээ түгшүүр төрүүлснээс болж баривчлагдсан хүмүүсийн 60–70 хувь нь согтуугаар үйлдсэн болон архины хамааралтай иргэд байсан. Гуравдугаарт хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн гэр бүлийн орчноос авсан төлөвшил хүмүүжилтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл, хүүхэд үзэж, харж, сонссон зүйлийнхээ дагуу  төлөвшиж хүмүүждэг. Багаасаа гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж, эсвэл харж  өссөн хүүхдүүд насанд хүрээд хүчирхийлэгч болох магадлалтай. Хэдийгээр хүчирхийллийг үзэн ядаж өссөн ч гэсэн  далд ухамсарт нь харж, сонсож мэдэрсэн зүйл нь тархинд суусан учраас эрсдэлд нөхцөл байдал бүрдэхэд л тэр зан араншингаа  гаргачихдаг.

Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр зодуулах, жанчуулах, амь насанд нь аюул учрах гэж ойлгодог. Гэтэл бодит байдал дээр гутаан доромжлох, сэтгэлзүйн тогтворгүй байдал нь  хүртэл хүчирхийлэлд тооцогддог гэж та түрүүн ярьсан шүү дээ ?

Ер нь гутаан доромжлох, бусадтай харилцахыг хязгаарлах зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн нэлээд түгээмэл тохиолддог хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийлэл нь эдийн  засаг, бэлгийн, бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл  гэсэн дөрвөн хэлбэрээр  үйлдэгддэг. Бүх төрлийн хүчирхийлэл давхар сэтгэл санааны хүчирхийллийг дагуулдаг.  Сэтгэл санааны хүчирхийлэл дотроо айдастай байлгах, нэр хоч өгөх, шүүмжлэх, хайрлахгүй байх,  гэр бүлийн зүгээс өгөх ёстой амар тайван байх эрхийг нь  хангахгүй байх зүйлүүд гэр бүлийн хүчирхийллийн сэтгэлзүйн хэлбэрийг бий болгодог. Сүүлийн үед нийгмийн стресс бухимдал гэр бүлийн хүрээнд үүсэж байгаа асуудлаа шийдвэрлэж чадахгүй  байгаагаас болоод сэтгэлзүйн хүчирхийлэлд өртсөн хүмүүс маш их байна. Хосууд хоорондын харилцааны таарамжгүй байдал нь гэр бүлийн хүчирхийллийг нэмэгдүүлэхээс гадна  сэтгэлзүйн хүчирхийллийг илүү их бий болгож байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа шүүхэд хандсан хүмүүсийн 80 хувь нь эргэж эвлэрэх магадлалтай байдаг гэсэн тоо харж байсан санагдаж байна?

Хүчирхийлэл үйлдсэн  нөхрөө шоронд оруулчихъя эсвэл  салчихъя гэж боддог  эмэгтэйчүүд цөөхөн байдаг.

Яагаад?

-Учир нь хохирогч эмэгтэйчүүд   нөхрөө өөрчлөгдөнө гэдэгт  итгэж найддаг. Хамтдаа  цаашдаа аз жаргалтай элэг бүтэн амьдрахыг л хүсдэг. Түүнээс биш харилцаагаа  таслахыг хүсдэггүй.  Тиймдээ ч эргэж  эвлэрдэг.

Тэгвэл хүчирхийлэл үйлдэх зан үйл засрах боломжтой юу?

-Насанд хүрсэн хүний  зан үйлийг өөрчлөх гэдэг нь  маш хэцүү, хугацаа их шаардагдана. Гэхдээ огт засрахгүй биш засарна. Хүчирхийлэл үйлдэгчийн хувьд өөрийгөө хянах, шүүн тунгаах чадваргүй психоз буюу сэтгэцийн эмгэгүүд, архинд донтох эмгэг, солиорол, тэнэгрэл, психопат буюу нийгмийн эсрэг шинжтэй төрх үйлийн эмгэггүй л бол засрах, ухамсарлах боломжтой. Судалгаанаас үзэхэд 98 хувь нь эрүүл сэтгэцтэй, хоёр хувь нь сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд  хүчирхийлэл үйлдсэн этгээдийн зан үйлийг засах  сургалтыг явуулах тухай заасан байдаг. Тэрхүү  заалтын дагуу хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийн зан үйлийг засах сургалт л үр дүнтэй явагдах ёстой.

-Зан үйлийг засах сургалтын хамгийн гол онцлог юу вэ?

-Энэ бол мэдлэг олгох сургалт биш, зөв бурууг шүүх, тэгэх ёстой ингэх ёстой гэж сургаал номлол айлддаггүй, хуулиар далайлгаж айлгах ажил огт биш. Хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэг, өдөөдөг бүр бага балчраасаа эхлэн тогтож ирсэн үзэл бодол, итгэл үнэмшилд задлан шинжилгээ хийж, эсэргүүцлээс эргэцүүлэх, бодож эхлэх, хүлээн зөвшөөрөх, өөрчлөгдөх шийдвэр гаргах, үйлдэл хийх, дахих, дадал болгох гэх мэт гурваас долоон үе шатыг дамжиж, ингэхдээ тухайн хүний үнэт зүйл дээр дэнчин тавьж, нарийн дараалал схемээр ажилладаг сэтгэл зүйн нарийн технологи юм. Энэ ажлыг ерөнхий сэтгэл судлал төгссөн сэтгэл зүйч, сэтгэцийн эмч, магадгүй нийгмийн ажилтан магистр, доктор ч хийхгүй, тэд тусгайлан бэлтгэгдэж байж хийдэг ажил.

-Хүчирхийллийг тасралтгүй үргэлжилдэг тойрог гэж  гэр бүл судлаачид ярьдаг. Тэгвэл нэгэнт тэр тойрог дунд орчихсон хүмүүс хэзээ зайлшгүй арга хэмжээ авч, тэндээсээ гарахгүй бол асар аюултай нөхцөлд байгаа гэдгээ яаж мэдэх вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн  нэг онцлог  нь  дахин давтагддаг даамжирдаг  тасралтгүй цикл хэлбэрээр  үргэлжилдэг үйлдэл. Эхний үед хохирогч зүгээр л гомддог. “Арай ч дээ. Надад гар хүрчихлээ”, “Ууртай, уучихсан байсан болохоороо л ингэчхэв үү”, “Миний буруу байсан юм болов уу” гэх зэргээр асуудлын голыг олж харалгүй өөр шалтгаануудыг хайж, гомдоод уучлаад өнгөрдөг. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг уучлахад бэлэн байдаг. Дараагийн шатандаа ороод эхлэхээр хохирогч “Би энэ байдлыг чинь тэвчиж чадахгүй”, “Чамд зодуулж амьдарч чадахгүй” гэсэн байр суурьтай болдог бөгөөд үүнийг тэмцэлдэх үе гэж үздэг. Гуравдах шат бол зайлсхийх үе. “Асуудал үүсвэл хэрүүл гарах вий”, “Чанга дуугарвал зодуулах вий”,  “Ингээд эхлэхээр л зодоон болдог шүү” гэсэн бодолтой болж өнөөх циклдээ ороод эхэлдэг. Гэнэт тэсрэлт болсон үед гэр лүүгээ хэсэг хугацаагаар явах зэргээр холдож, зугтдаг. Эсвэл эсрэгээрээ уурлуулахгүйн тулд хүссэн бүхнийг нь хийдэг болно. Асуудлынхаа гол руу орохгүй аргацааж, намжаах байдал руу орно.

Энэ улам даамжирсаар дөрөв дэх үе рүү орвол хүчирхийлэл амьдралынх нь нэг хэсэг болоод эхэлдэг. “Хэвийн болох үе” гэгддэг энэ үе бол маш хортой. Энэ үед хоёулаа хэрүүлч, зодоонч, нүүр нүүрээ харж ярилцах чадваргүй болно. Ийм байнгын айдас түгшүүртэй байдалд сэтгэл хөрөх, эсвэл хавханд орсон юм шиг, энэ нөхцөл байдлаас гарлаа л бол алуулах юм шиг, бүх юм буруугаар эргэх юм шиг мэдрэмжтэй болдог. Ингээд хүчирхийллийн харилцааны тойрогт орчихоороо хүн гарч чаддаггүй. Энэ болгон нь хүчирхийллийн тойргийг нь улам хумиад, даамжрах тусмаа гарах гарцгүй юм шиг сэтгэгдэл төрдөг.

-Хүчирхийлэл үйлдэгчид бараг араатнаас өөрцгүй, эрүүл ухаангүй, ангид хүмүүс байдаг гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл нийгэмд бий болоод байна. Таны бодлоор энэ зөв үү?

Хүчирхийлэл үйлдэгчид бол аймшигтай гэмт хэрэгтэн гэж итгэх нь хэт туйлширсан нийгмийн ойлголт. Хүчирхийлэл үйлдэгч хэн ч байж болно. Бид, бидний эцэг эх, ах дүү, найз нөхөд, хань ижил гээд хэн ч байх боломжтой асуудал. Хүчирхийлэгчид гэсэн тусгай ангиллын хүмүүс гэж байхгүй. Энэ бол нийгмийн асуудал. Хамгийн гол нь тэд  өөрсдийнхөө буруу үйлдлийг зөв  гэж итгэн үнэмшчихсэн, энэ үйлдлийг хийхээс өөр гарцаагүй  гэж өөрийгөө зөвтгөдөг. Эсвэл миний энэ үйлдлийг хийхэд орчин тойрны хүмүүсийн үйлдэл нөлөөлсөн  тэд л буруутай гэж боддог сэтгэхгүйн  төөрөгдөлд орчихсон сэтгэлзүйн өвчтэй хүмүүс. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд соён гэгээрүүлэх ажил маш чухал байгаа.

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиуд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангаж байна гэж та үзэж байна вэ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол барих хорихдоо гол биш. Харин олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх, соён гэгээрүүлэх, гэр бүлийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах өвөрмөц хэрэгцээг харгалзан боловсруулагдсан хууль. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь хатуу чанга  байх нь зөв. Нөгөө талаасаа энэ хуульд заасан хохирогчийн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтын үйл ажиллагааг илүү үр дүнд хүргэж мэргэшсэн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ёстой  гэж харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж