–Эрх мэдэл горилсон, тулга тойрсон хэрүүл тэмцлээ орхиж, тогтолцооны реформыг зоригтойгоор нэн даруй эхлүүлэх нь Монгол Улсын, Монголын ард түмний язгуур эрх ашигт бүрэн нийцнэ. Энэ бол намрын чуулганы нээлтэд оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг.
–Эрх зүйн зоримог шинэчлэл хийх, түүнийгээ тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага Монголын нийгмийн захиалга болоод байна. Энд юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал багтана. УИХ-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэлийн эхний өгүүлбэр.
Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн хоёр нь, өнөөгийн улс төрийн гол тоглогчид ийнхүү Үндсэн хуулийг үндсээр нь өөрчлөх ёстойг хүлээн зөвшөөрч байгаагаа ил тод зарласан нь ирэх өвөл хаврын хамгийн халуун хийгээд том зодоон Үндсэн хуулийн өөрчлөлт дээр өрнөх нь.
УИХ-ын 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болцгоосон Ардын намын “гэрийн даалгавар-т оноогдож, арав гаруй жилийн турш парламентын хэлэлцэх асуултын жагсаалтад бичигдэж ирсэн Үндсэн хуулийн шинэчлэлт У.Хүрэлсүхийн засгийн улс төрийн гол реформоор нэрлэгдэж байна.
Улстөрчдийн дийлэнх нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмждэг, үүнийгээ нийгэм, эдийн засгийн захиалга гэж тайлбарлах нь олон. Өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн алдаа, авлига, олон муухай, муу бүхний үндэс нь Үндсэн хууль гэх ойлголтыг Ерөнхийлөгч, УИХ-ын даргын зүгээс өгч буй нь ч өөр өөрийн ашиг сонирхолтой юм.
Төр-Ард түмний хоорондын энэ гэрээг огт өөрчлөх ёсгүй, алдарт хуульч Б.Чимидийн гэж овоглогддог Анхны ардчилсан Үндсэн хуулийг төгс гэсэн ойлголт ч байхгүй. Мэдээж, гоожсон, цувсан, цоорсон, эвдэрсэн болгоноо засаад явах нь УИХ-ын үүрэг.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг хэрхэн өөрчилж, хаагуур, ямар замаар Монгол Улс явахыг боловсруулж, батлах хүмүүс нь парламент өөрөө юм. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулгын үгэн дотор хавчуулагдсан үгнээс эш татан харвал, нэгэн цагт парламентын спикерээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болтлоо “доошилж”, үзэл бодол нь 360 градус эргэчихээд байгаа З.Энхболдоор дамжуулсан байр суурь нь “Ерөнхийлөгчийн засаглал”. Хэдийгээр өөрийнх нь амнаас унаагүй ч Тамгын газрын даргынх нь телевизэд өгсөн мэтгэлцээн бол З.Энхболд гэх хувь хүний үг, үйлдэл биш, Ерөнхийлөгчийн байр суурь болж харагдах нь лавтай.
Өдгөө хүчин төгөлдөр байгаа Үндсэн хууль болон бусад дагалдах хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй ч хууль батлах субъект, институци огт биш.
Хүссэн суудалдаа хүрсэн Ерөнхийлөгчийн зүгээс хүссэн эрх мэдэлдээ хүрэхийн тулд МАН-ын Л.Оюун-Эрдэн, Х.Нямбаатар зэрэг парламентын улстөрчдийг ашиглан, бүр үгүйдээ л сошиал сүлжээ, хэвлэл мэдээллээр дамжуулан Ерөнхийлөгчийн засаглал гэх сэдвийг сэвж, улстөржүүлж, услах нь нэн ойлгомжтой болжээ. Ноён Ерөнхийлөгчийн байр суурийг Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нараас эхлээд дэмжих гишүүд хэд байгаа бол гэдгээс түүний "өнө, мөнхийн" хүсэл, мөн Монгол авторитари дэглэмтэй болох эсэх нь хамаарна.
Үнэндээ Үндсэн хуулийг өөрчлөх, алх цохих эрх мэдэл зөвхөн М.Энхболдод бий. Ийм учраас сүүлийн үед Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын даргад илт саймшрах, бүр илэрхий магтах хэмжээний “хувиралтай” болсныг МҮОНТ-д өгсөн ярилцлагаас нь харж болохоор.
Эцэг хуулийг өөрчлөхгүй гэж Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 20 гаруй нам бүгдээрээ эсэргүүцээд, өөрчилье гэж дэмжлээ гэхэд нийлбэр дүнд огтын ялгаагүй. Тэдэнд кноп дарах эрх мэдэл байхгүй бөгөөд Үндсэн хуулийг өөрчлөх замаар "хувьсгал" хийх үгүй нь ганцхан МАН-ын бүлгээс хамаарна.
Парламентад бүлэгтэй, суудалтай Ардчилсан нам болоод МАХН-ын үг "гөлөөг" гэх хэмжээнд ч тоогдохгүй. Тийм ч учраас намрын чуулганы хэлэлцэх асуудлын нэлээд дээгүүрт, бүр ирэх 2019 оны төсвийн төслийн дараа парламентаар орно гэх хүлээлт үүсгээд байгаа Үндсэн хуулийн шинэ төслийг Ардын намын гэж тодорхойлоход буруудахгүй юм.
Мэдээж, оруулж ирсэн төслийг нь дэмжихгүй байх эрх Ардчилсан намд бий. Авлигажсан, хаалттай, мафижсан тогтолцоо руу түлхсэн төслийг бид дэмжихгүй гэдгээ Ардчилсан намынхан өнөөдөр хэлж байна. Учир нь, хууль шүүх нэг хүний, нэг намын гарт төвлөрсөн одоо багагүй шүүмжлэл дагуулаад байгаа “олигархийн Үндсэн хууль” орж ирэх юм бол шүү дээ. Нөгөө талдаа Ерөнхийлөгчийн засаглалыг балиашиглахгүй гэсэн байр сууриа С.Эрдэнэ дарга ч илэрхийлсэн. Гэвч, Үндсэн хуулийн шинэ төслийг батлах эсэхийг Д.Хаянхярваагийн бүлэг л шийднэ.
УИХ-аар хэзээ мөдгүй орохоор хүлээлт үүсгэж, одоохондоо Д.Лүндээжанцан, Л.Болд нарын ахалсан ажлын хэсгийн гараас гараагүй яваа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ардын нам юуг, яаж өөрчлөх нь ч хуульч, улстөрчдийн анхаарлыг ид татаж байна. Энэ мэдээж, өнөөдрийн амьдралаа залгуулж яваа энгийн иргэдэд хамаагүй байж болох ч авлигагүй төр, бухимдалгүй нийгэм, хөгжилтэй эдийн засаг, хүн бүрийн амьдра,х сурах эрхийг Үндсэн хуулиар хамгаалдгийн хувьд бидэнд чухал сэдэв биш гээд хаячхаж болохгүй. Ардын намын Үндсэн хуулийн төслийг хэрэвзээ сонирхож байгаа бол ЭНД-ээс уншина уу.
Үндсэн хуулийн өөрчлөлт төрийн дээд төвшинд яригдаж эхэлсэнтэй зэрэгцээд нэг нам, тэр тусмаа МАН олонх байхдаа батлах нь зөв буруугийн тухай, цаг нь болсон болоогүйн ч талаарх шүүмжлэл өрнөөд эхэлжээ. Нэг нам парламентад үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөхгүй бол үхрийн эвэр шиг эрээвэр, хураавар намууд хийж чадахгүй, боломж, цаг хугацаа ч байхгүй. Энэ өнцгөөс харвал цаг, тохироо нь нэгэнт бүрдчихлээ. ҮАБЗ-ийн гурван гишүүн бүгд “өөрчлөх ёстой” гэдэг дээр гар өргөж буйг давхар тооцоод үзвэл шүү дээ.
Ардын намын ажиллаж буй Үндсэн хуулийн төслийн гол санаа нь Монгол Улс парламентын сонгодог засагтай болох тухай. Яг ийм агуулгатай, 40 гишүүний гарын үсэг бүхий Үндсэн хуулийг өөрчлөх төслийг Ардчилсан намын үед Н.Батбаяр оруулж ирсэн бөгөөд тухайн үед Ардын намынхан “бойкот” хийсэн учраас З.Энхболд, Н.Батбаяр хоёрын ширээнд тоосонд даруулж үлдсэн юм. Тэр үед таван намаас бүрдсн парламентаар энэ асуудал орж чадаагүй гэхээр МАН үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуулийг өөрчлөхөөс өөр замгүй гэсэн үг.
Ерөнхийлөгч ярилцлагадаа Засгийн газартай ихэд “ойр ажилладаг”-аа хэлсэн. Парламент өнгөрсөн 27 жилийн хугацаанд 76 сайдтай явж ирсэн зэргээс харвал Үндсэн хуулийг өөрчилж, нэг, хоёрдугаар “Ерөнхий сайд”-ын эрх мэдлийг багасгаж, гуравдугаар Ерөнхий сайдын эрхийг нэмэх асуудал чухамдаа нийгмийн захиалга болсон байж ч мэднэ.
Үндсэндээ Үндсэн хуулийг шинэчлэх асуудал М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын дэмжлэггүйгээр хол явахгүй. Нэг нь парламентад бүдүүн бүлэгтэй намын дарга, нөгөө нь алх барьсан спикер. Товчхондоо, У.Хүрэлсүх, М.Энхболд хоёрын реформоос Монголын нэн шинэ “түүх” эхэлнэ гэсэн үг.