Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор баталсан “Алт-2” үндэсний хөтөлбөрийн хүрээнд алтыг орон нутагт худалдан авах үйл ажиллагааг Монголбанкны салбар болон арилжааны банкаар гүйцэтгүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэх зорилтын дагуу Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дор үнэт металлын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийг Дархан-Уул аймагт албан ёсоор нээсэн билээ.
Энэхүү үйл явдалтай хамт Капитрон банкны “Дархан” салбарын харьяа “Дархан стандарт” тооцооны касс нь гал голомтоо бадрааж, тав тухтай орчинд банкны үйлчилгээг хүргэхээр “Үнэт металлын сорьц тогтоох лаборатори” нэг цэгийн үйлчилгээний төвд харилцагчдаа угтан авч эхлээд байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэд захирал Илария Дали, Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, Капитрон банкны Гүйцэтгэх захирлын орлогч Ч.Энхбат нар оролцож, нэг цэгийн үйлчилгээний төвтэй танилцан, лабораторийн анхны гулдмайг хайлуулсан юм.
Тухайн бүс нутагт үйл ажиллагаа явуулж байгаа алт олборлогч аж ахуйн нэгж болон бичил уурхайчид энэхүү нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан олборлосон алтандаа сорьц тогтоолгож, Капитрон банкинд алтаа худалдах боломжтой төдийгүй тухайн өдрийн Монголбанкны худалдан авах ханштай ижил ханшаар худалдах нь тээврийн зардал болон цаг хугацаа хэмнэх, аюулгүй байдлын эрсдэлээ хангах зэрэг давуу талтай юм.
Мөн түүнчлэн Капитрон банкны “Дархан стандарт” салбараар үйлчлүүлж, алт үнэт металлын арилжаа хийхээс гадна банкны харилцах, хадгаламжийн үйлчилгээ, гадаад гуйвуулга, карт, цахим банк нээлгэх зэргээр банкны олон төрлийн үйлчилгээг авах боломжтой.
Алтны олборлолт төвлөрсөн бүс нутагт энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдсанаар Дархан-Уул (Хонгор, Шарын гол сум), Сэлэнгэ (Хүдэр, Ерөө, Бугант, Мандал, Баянгол сум), Төв (Заамар, Жаргалант сум, Борнуур), Орхон, Булган, Хөвсгөл аймагт алт олборлох, үйлдвэрлэх үйл ажиллагааг эрхэлж буй аж ахуйн нэгж, бичил уурхайчид алтаа сорьцлуулах, худалдаалах, нэг дор бүхий л үйлчилгээг авах таатай боломж ийнхүү нээгдэж байна.
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт
Холбоотой мэдээ