Ардчилсан намын шинэчлэл эмэгтэйчүүдийн байгууллагаар түүчээлж байна. Учир нь, Ардчилсан намын шинэчлэгдсэн дүрмийн дагуу намын бүх шатны сонгуульт албан тушаалтнуудыг нийт гишүүдийн саналаар тодруулдаг болсон. Энэ хүрээнд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны бүх шатны тэргүүнийг сонгох сонгууль аравдугаар сарын 5-нд нэр дэвшигчдээ зарлан, үнэмлэхээ гардсанаар албан ёсоор эхэлсэн юм. Тэд “Сэтгэлийн хүч” уриан дор нэгдэн, Монгол орны 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээр өртөөлөн ажиллаж байна. Ардчилсан эмэгтэйчүүд уулзалтаа Хэнтий аймгаас эхэлж Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Сүмбэр, Баян-Өлгий, Ховд, Увс, Төв аймаг болон нийслэлийн Багануур, Налайх, Багахангай дүүрэгт өртөөлж, нийт 3000 орчим гишүүдтэйгээ уулзжээ.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд С.Одонтуяа, Ц.Цэрэндолгор, Т.Пүрэвхатан, Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа, Б.Пунсалмаа нар тус тус нэр дэвшин өрсөлдөж байна. Тэдний хэн ч ялсан бай охид, эмэгтэйчүүдийнхээ төлөө “Сэтгэлийн хүч”-ээ нэгтгэн, тууштай ажиллахаа илэрхийлж байгаа юм. Энэ тухай Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Ё.Цацралтуяа “Хэдийгээр бид сонгуульд өрсөлдөж байгаа ч хэн ялах нь чухал биш. Бидний зорьж буй үйл хэргийг тууштай үргэлжлүүлэх нэгэндээ итгэл хүлээлгэж, дэмжиж, хамтран ажиллах болно. Ардчилсан эмэгтэйчүүд нийгэмд эергээр үлгэрлэж, эмэгтэйчүүд нэг нэгнээ дэмжиж чаддагийг харуулахыг зорьж байна” хэмээн Багануур дүүрэгт болсон уулзалтын үеэр онцолсон юм. Үүний зэрэгцээ аймаг, сум, дүүргийн АЭХ-ны тэргүүнүүд сонгогдоод байна. Тухайлбал, нийслэлийн Багануур дүүргийн АЭХ-ны тэргүүнээр Б.Сайнзаяа, Дорноговь аймагт Д.Гантогтох нар сонгогджээ.
Нэр дэвшигчид орон нутагт ажиллах үеэрээ эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлыг сонсч, очсон газар бүртээ асуудал шийдвэрлэж байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, ядуурал зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудлын гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж, тэдний дуу хоолой, хүчтэй төлөөлөл болж ажиллахаа мөн энэ үеэр хэлж байлаа. “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүнд нэр дэвшигч С.Одонтуяа “Бид очсон газар бүртээ охид, эмэгтэйчүүдтэйгээ уулзаж, асуудал шийдвэрлэж байна. Танхимд цуглаад өнгөрөх бус эмэгтэйчүүдийнхээ урам зоригийг сэргээх, чадавхжуулах, мэдлэг, мэдээлэл олгоход ихээхэн анхаарч байна” хэмээн онцолсон юм. Сүхбаатар аймагт болсон уулзалтын үеэр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн охин тэднээс тусламж хүссэн байна. Охины ээж хойд эцгийнх нь гарт амиа алдсан төдийгүй өнчин үлдсэн дүү нараа аваад Хэнтий аймгаас Сүхбаатар аймаг руу зугтсан аж. Хэнтий аймагт гарсан тус хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлүүлэхийн төлөө АЭХ-ноос ажлын хэсэг томилж, хуулийн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа аж. Үүнээс гадна баруун бүсэд үргэлжилсэн уулзалтын үеэр Баян-Өлгий аймагт ажилгүйдэл, ядуурал их байгааг эмэгтэйчүүд хэлсэн байна. Тус аймагт ажилгүйдэл сүүлийн хоёр жилийн дотор 33 хувиар нэмэгджээ. Аймгийн хэмжээнд нийт 23626 өрх байгаагаас 8400 нь буюу 36 хувь нь ядуу, 4400 буюу 18,4 хувь нь нэн ядуу ангилалд хамаардаг гэв. Харин Увс аймагт хорт хавдрын өвчлөл ихэсч байгаад сэтгэл зовниж буйгаа эмэгтэйчүүд хэлжээ. Энэ нь нэг талаараа баруун аймгийнхны хоол, хүнсний онцлог болон давсны хэрэглээ өндөр байгаатай холбоотой учраас иргэдэд ялангуяа ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох нь чухал байгааг онцолсон байна. Ардчилсан эмэгтэйчүүдийн Ховд, Увс, Баян-Өлгий аймагт ажилласны дараа үргэлжлүүлээд Төв аймаг болон нийслэлийн Багахангай, Сүхбаатар дүүрэгт тус тус уулзалтаа зохион байгуулжээ. Багахангай дүүргийн хувьд 4000 гаруй хүн амтай, 1000 гаруй өрхтэй бөгөөд мөн л ажилгүйдэл их байгааг уулзалтын үеэр хөнджээ. Нийслэлийн хажууханд орших Төв аймаг ч мөн хөгжлөөрөө хоцорч, иргэд ажилгүй, орлогогүй байгааг нэр дэвшигч эмэгтэйчүүдэд уламжилсан байна.
“Эмэгтэйчүүд ажилгүй, орлогогүй, өөртөө итгэх итгэл нь багассан нийтлэг дүр төрх ажиглагдаж байна. Бид энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хүчээ нэгтгэх цаг нь болжээ” хэмээн Сүхбаатар дүүрэгт болсон уулзалтын үеэр Нийслэлийн АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Ц.Одонтунгалаг Сүхбаатар дүүрэгт болсон уулзалтын үеэр хэлсэн юм. Сүүлийн хоёр жилд ажилгүйдлийн түвшин нэмэгдсэнийг статистик үзүүлэлт илэрхийлж байна. Үнэхээр ч сэтгэлийн хүчээ нэгтгэсэн эмэгтэйчүүдэд хийсэн ажил байгаа, хийх ажил түүнээс ч их байгаа нь дамжиггүй.
“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны бүх шатны сонгуульд нэр дэвшигчид ирэх өдрүүдэд говийн аймгуудад ажиллана.
А.АМАР
Холбоотой мэдээ