Н.Баяртсайхан: Бид боломжийн түвшинд ханшаа барьж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

LiveН.Баяртсайхан: Бид боломжийн түвшинд ханшаа барьж байна

Н.Баяртсайхан: Бид боломжийн түвшинд ханшаа барьж байна
19 : 02
2018-10-18

Н.Баяртсайхан: Бид боломжийн түвшинд ханшаа барьж байна

УИХ-ын чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.

Хуралдааны эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “УИХ-ын гишүүдэд идүүлж, уулгаад байгаа юм байхгүй. Хамтарч ажилладаг байгууллагын удирдлагуудыг цуглуулж цаашид хийх ажлын талаар ярилцах саналыг Д.Дамба-Очир гишүүн гаргасан. Бид идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн” гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:

-Одоо бол нүүрсээ гайгүй зараад ирэхээр тэрийгээ валютын ханш нэмэгдлээ гэж өөртөө нааж яриад сууж байна. Тэрнээс мөнгөний бодлогын үр дүнд ямар салбар сайжирсныг хэлж чадах уу? “Ноолуур” хөтөлбөр бол үр дүнгээ өгсөн. Тэрийг би мэдэж байна. Үүнээс өөр ямар үр дүн гарсан бэ.

Валютын ханш эзэнгүй болсон. Жил бүрийн мөнгөний бодлого дээр валютын ханшийг тогтвортой байлгана гээд хэлчих гэхээр чадахгүй байна. Валютын ханш зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдана гээл байж байдаг. Харин энэ жил валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авна гээд бичиж. Валютын ханшийг танайх л зохицуулах үүрэгтэй. Гэтэл зах зээлээр зохицуулагдана гээд 30 жил хар явлаа. Ядуурал та бүхэнтэй холбоотой. Таны өмнөх нөхөр бол валютын ханш манай банканд хамааралгүй гээд сууж байдаг байсан. Бид зоригтой бодлого хэрэгжүүлдэг болох хэрэгтэй.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-ОУВС-гийн хөтөлбөрт Тасгийн газартай хамтарч орсон. Бид Засгийн газартай хамт нэг завин дээр сууж байгаа. Энэ хөтөлбөрийг амжилттай болгохын төлөө хамтарч ажиллаж байна. Улс орон дампуурлын өмнө зогсож байсан. Иймд дампуурлаас хурдан зайлж, холдохын тулд макро эдийн засгийн орчинг сайжруулах шаардлагатай. Валютын ханштай холбоотой асуудлыг дэлхийн улс орнууд Засгийн газар, төрийн тэргүүний түвшинд ярьж байна.  Дэлхий нийтийн асуудлыг ганц хүн дээр наах гэж оролдож байгаа нь зохисгүй юм. Дэлхий нийтийг хамарсан хямралыг хамтдаа даван туулах ёстой. Валютын ханшийг эзэнгүй орхисон гэж хэлэх нь зохимжгүй. Оны эхнээс валютын эсрэг төгрөгийн ханш 5,7 хувиар суларсан. Бусад улс орнуудтай харьцуулах юм бол бид боломжийн түвшинд төгрөгийн ханшаа бариад явж байна гэж хэлж болно. Тухайлбал, Аргентин оны эхнээс 70 орчим хувиар унаад байна. Энэ улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй 52,6 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 43,1 тэрбум ам.доллар, ДНБ-ий хэмжээ нийтдээ 638 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Турк улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-тэй харьцах харьцаа нь 28,5 хувьтай тэнцэж байна. Гадаад валютын нөөц 84,1 тэрбум ам.доллар, ДНБ-ий хэмжээ 851 ам.доллартай тэнцэж байна. Эдгээр хоёр улстай харьцуулбал Монгол Улсын үзүүлэлт тааруу. Зөвхөн Засгийн газрын өр ДНБ-ий 70 хувьтай тэнцээд явж байна. Бид долоо хоногт 60-70 сая ам.долларын интервенц хийдэг. Оны эхнээс 700  орчим сая ам.долларын интервенц хийж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Мөнгөний бодлого жил бүр адилхан орж ирэх юм. Улсын эдийн засагт тулгамдаад байгаа дотоод асуудлаа л ярих хэрэгтэй. Турк улс бол харьцангуй том улс. Манайд баялаг байна, түүхий эдийн үнэ өсч байна. Гэтэл ханшийг ажиглаж байна гэж ярьж байгаа хүн хэрэггүй. Бидэнд ажилладаг хүн хэрэгтэй.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:

-Ханш буурч байгааг бид хараад суугаад байгаа юм байгүй. Бид боломжит бүх арга хэмжээг авч байна. Ханшийг сулралтай тэмцэх Төв банкны хоёр үндсэн арга бий.  Нэгдүгээрт, бодлогын хүүг нэмэгдүүлэх. Энэ аргыг нэмэгдүүлэхэд дэндүү эрт байна. Яагаад гэвэл 2018 оны хоёрдугаар хагаст эдийн засаг сэргэж байна. Ийм үед бодлогын хүүг нэмэгдүүлэх нь эдийн засгийн сэргэлтийг унагаана гэж харж байгаа. Тиймээс одоохондоо тогтворжуулах бодлого барьж байгаа. Хоёрдугаарт, интервенц хийдэг. Одоогоор бид энэ аргыг хэрэглэж байгаа. Намайг ажил авахад Монгол Улс 1,2 тэрбум ам.долларын нөөцтэй байсан. Одоо 3 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Долоо хоног бүр 60-70 сая ам.долларын интервенц хийж байна. Намайг ажил авахад нөхцөл байдал туйлын хүнд байсан. Би хоёр жилийн турш ажилласан. Банк санхүүгийн секторт ахиц гарсан гэдэгт итгэлтэй байна. Өөрөө өөрийгөө зоригжуулахгүй бол болохгүй байна. Та бүгдийн дэмжлэгтэй хууль эрх зүйн шинэчлэл хийж чадлаа. Энэ бол Монгол Улсын хөгжилд асар их түлхэц болно. Ханшаа алдлаа гэж байна. Зарим улс нэг өдрийн дотор 15 хувиар ханшаа алдаад сууж байна. Би өөрийгөө зөвтгөөд байгаа юм биш. Нөхцөл байдал ийм байна.

Үүгээр УИХ-ын өнөөдрийн чуулган өндөрлөв.

16 : 36
2018-10-18

Ирэх онд 42 сая тонн нүүрс гаргана

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Төсвийн төсөөллийг 2018 онтой харьцуулахад нэлээн олон үзүүлэлт эерэг болж орж ирсэн байна. Тухайлбал, 2018 онд 8,8 их наяд төгрөгийн орлого олох мэдэгдэл баталсан. 2019 онд 9,6 их наяд төгрөг олно гэж тооцсон байна. Орлого өссөн учраас 2018 онд 10,9 их наяд төгрөгийн зарлага гарахаар тооцож байсан бол 2019 онд 11,6 их наяд төгрөг болж өсчээ. Төлөх өрийн хэмжээг 19,2 их наяд төгрөг гэж баталсан. Ирэх онд 19,5 болоод 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалд өгч байгаа татаас жил бүр нэмэгдэж байна. Ирэх онд 694,5 тэрбум төгрөг өгөх нь. Цаашид нийгмийн даатгалын асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Татварын хэмжээ өндөр байгаа учраас далд эдийн засаг цэцэглээд байгаа юм биш үү. Хоёрт, өрийн менежментийг яаж авч явах вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Нийгмийн даатгалын шимтгэл өндөр байна, үүнийг яах вэ гэвэл Нийгмийн даатгалын сан /НДС/өөрөө алдагдалтай байгаа. НДС-гийн алдагдал буураад, бие даасан үед шимтгэлийн хувь хэмжээг буулгана. Бид аль болох зөв зарчим баримлахгүй бол шимтгэлийн хэмжээ буурахгүй. Өрийн менежментийн хувьд 2021 онд “Мазаалай” бондын төлбөр хийгдэнэ.  Сая Ерөнхийлөгч үг хэлэхдээ энэ бондын төлбөрийг сонгуулийн дараа авсан мэт худал мэдээлэл тараасан. “Мазаалай” бондыг сонгуулиас өмнө авсан шдээ. 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум ам.доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая ам.долларын төлбөр төлнө. Тэгэхээр 2021,2022,2023 онд нийт 2,3 тэрбум ам.долларын өр төлнө. Иймд манай яам зээлжих зэрэглэлийн хэмжээг нэлээд сайжруулж байж  бага хүүтэй зээл авах боломж бүрдэнэ.  

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Оны эхнээс одоо хүртэл 28 сая тонн нүүрс гарсан. Оны эцсээр 35 сая тонн гарна. Тэгэхээр ирэх онд 42 сая тонн хүргэнэ гэсэн зорилт бол бодитой хэрэгжинэ гэж үзэж байна.  Экспортыг далимдуулж гаалийн байцаагч нар баяжих гээд байдаг шүү. Үүнд анхаарах хэрэгтэй. Аж ахуй нэгж, монголын төр хамтраад ажиллах юм бол 42 сая тонн байтугай гаргах боломж байгаа шүү. 

Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

15 : 47
2018-10-18

Д.Эрдэнэбат: Цатгалан төсөв орж ирлээ

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийн орлого “чанга” болсон. Гэхдээ бид хийж чадна гэдэгтээ итгэлтэй байна гэв.

Мөн тэрбээр “Ирэх онд төсвийн орлого 9,6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27,4 хувьд хүрнэ. Нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээ 11,5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 32,8 хувьд хүрнэ. Алдагдал 1,9 их наяд төгрөг байхаар тооцож байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Төсвийн хүрээний мэдэгдэл жил бүр өөрчлөгдөх юм. Жишээ нь 2017 онд зарлага ДНБ-ий 30,4 хувь байх, 2018 онд ДНБ-ий 31,7 хувь 2019 онд ДНБ-ий 32,8 хувь болж өссөн байна. Хэрэв орлого нэмэгдэж байгаа бол хуримтлуулах ёстой. Гэтэл үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн, эдийн засгаа солонгоруулах нэг ч бодлого байхгүй байна. Маш их цатгалан төсөв орж ирлээ. Яагаад ингэж байгаа юм бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орсон. Гэхдээ бид анх удаа оруулж ирж байна. Өмнө нь төсвийн тодотгол хийх үед нэг бус удаа өөрчилдөг байсан. Хуримтлал үүсгэж эхэлж байгаа. Ирээдүйн өв санд 553 тэрбум төгрөгийг хуримтлал болгож, 2030 он хүртэл зарцуулах эрхгүй болгож оруулж ирсэн. 2019 онд нийт зардал ДНБ-ий 32,8 хувь байгаа нь өндөр дүн гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ энэ бол зээлийн хүүгийн төлбөр тооцоо багтаж байгаа гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй.

УИХ-ын чуулган үргэлжилж байна.

13 : 37
2018-10-18

Үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив. Гишүүд улсын төсөвтэй холбоотой нэлээд санал илэрхийлэв. Гэвч төсвийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт болох учраас хэлэлцэж буй асуудалтай холбоотой санал хэлэхийг УИХ-ын дарга сануулж байсан юм. Үүгээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж байна.

Үдээс хойш 15.00 цагаас хуралдаан үргэлжилнэ. Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.

11 : 36
2018-10-18

Ч.Хүрэлбаатар: Би төсвийг ашигтай байлгахын төлөө ажиллаж байна

image

УИХ-ын чуулганаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.

Хуралдаанд оролцож буй гишүүдийн асуултыг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Орон нутагт нэлээд эрх мэдэл шилжүүлэх шийдвэр гаргаж байна. Ямар хэмжээний хөрөнгийг орон нутагт шилжүүлж байгаа вэ? Аймаг тус бүрээр нь хэлэх боломж байна уу?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Урсгал зардлыг орон нутагт шилжүүлэх төсөл боловсруулсан. Ер нь хөрөнгө нь нэг газар, урсгал зардал нь өөр газар байх юм бол дундаас нь шамшигдуулдаг байдал тасрахгүй. Тиймээс ийм өөрчлөлт хийсэн. Орон нутагт 158 тэрбум төгрөгийн хөрөнгө шилжүүлж байгаа. Харин шинээр баригдаад орж байгаа хөрөнгө оруулалтыг тусдаа суулгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Өнөөдөр орон нутагт 158 тэрбум төгрөгийн шилжүүлж байна гэж байгаа ч хийх ажил, хөрөнгө мөнгийг нь шилжүүлсэн л хэрэг шдээ.  Ер нь орон нутаг өөрсдөө төсвөө бүрдүүлж, хэрхэн захиран зарцуулахаа шийддэг болговол бодит шинэчлэл юм. Тэгэхээр орон нутгийн төсвийн шинэчлэлийг хэзээ оруулж ирэх вэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Агаарын бохирдлын эсрэг хөрөнгө оруулалтын 50 хувийг, ашигт малтмалын лиценз олгох нийт эрхийн 50 хувийг, газрын тосны орлогын 50 хувийг орон нутагт үлдээнэ. Энэ хуулийг 2018 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн. Одоо УИХ дээр байгаа. Таны зарчмын байр суурийг бүрэн дэмжиж байна. Орон нутаг өөрөө төсвөө бүрдүүлдэг, захиран зарцуулдаг байж хөгжинө.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Малчид яаж хөдөлмөрлөдгийг та нар мэдэхгүй. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх тухай шийдвэрийг хэвээр байлгамаар байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Нийгмийн даатгалын сан /НДС/ -гийн тогтолцоо 1995 онд үүсч бий болсон. Үүнээс өмнө төр бүгдийг хариуцаж байсан. 2015,2015,2017 онуудад НДС-д 2 их наяд төгрөгийн татаасыг улсын төсвөөс өгсөн. Энэ нь юу хэлж байна вэ гэхээр НДС алдагдалтай байгаа юм. Бодит амьдрал дээр олон жил хөдөлмөр эрхэлсэн багш, эмч, сувилагч НДШ төлөөд яваад байдаг. Гэтэл үүний цаана янз бүрийн сэдэлтэй хүмүүс орж ирээд, хуурамч бичиг баримт бүрдүүлээд өндөр тэтгэвэр аваад байгаа нь үнэн. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдын НДШ-ийг нөхөн төлүүлэх шийдвэрийг дахиад нэг жилээр хойшлуулах санал оруулж ирж байгаа юм. Би бол Монгол Улсын иргэн, Монгол Улсын Сангийн сайд. Тиймээс улсын төсвийг ашигтай байлгахын төлөө ажиллаж байна.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

10 : 44
2018-10-18

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү нар байр сууриа илэрхийлэв. Т.Аюурсайхан гишүүний хувьд “Монголбанк Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг тэрэлжид урьсан. Мөнгөний бодлогоо батлуулахын тулд лобби хийж байна” гэж шүүмжлэв. Хариуд нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир энэ уулзалтыг Байнгын хорооны гишүүдтэйгээ эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар ярилцахын тулд би зохион байгуулсан юм. Гэтэл Т.Аюурсайхан гүтгэлээ” хэмээн бухимдав.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “хүүхдүүдийг дандаа ойр дотны хүмүүс нь хүчирхийлж байна. Гэтэл хүчирхийлэлд оноох ялыг бууруулж баталсан. Би хуулийн төсөл санаачлаад Хууль зүй, дотоод хэргийн сайдад өгсөн ч явахгүй байна. Х.Нямбаатар гэдэг бацааныг овоо юм хийх болов уу гэсэн чинь ер хөдлөхгүй юм” хэмээн шүүмжлэв.

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж