Улсынхаа нийслэлд аж төрж байгаа ч өнөөг хүртэл найдвартай эрчим хүчинд холбогдож чадаагүй, мэдээллийн эрин зуунаас хол хоцрогдож байгаа цөөнгүй хороод бий. Тэгвэл өчигдөр 300 орчим айл өрхийг гэрэл цахилгаантай болгосон баяртай үйл явдал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгонд боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хоёр жилийн турш хөөцөлдсөний дүнд ийнхүү 3-61 дүгээр гарам, Аргүнт, Аршижир орчмын гэрэл цахилгаангүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүд найдвартай, тасралтгүй хангагдах эрчим хүчтэй юм.
Уг ажлыг хоёр жилийн хугацаанд улсын хөрөнгө оруулалтаар “Да хот” компани хийж гүйцэтгэжээ. Гүйцэтгэсэн ажлын тухайд дээрх хоёр байршилд тус бүр 0.4 Кв-ийн 1.73 км агаарын шугам, 10 кВ-ийн 0.28 км агаарын шугам, 100.4 кВ-ийн 400 кВА дэд станцыг 300 гаруй сая төгрөгийн зардлаар бүтээн байгуулсан байна.
Ийнхүү өмнө нь телевизор, хөргөгч, индүү, угаалгын машин гээд амьдралын наад захын хэрэглээгээ хангах цахилгаангүй байсан айл өрхүүд эрчим хүчтэй болсондоо сэтгэл өндөр байгаагаа хэлж байв.
УИХ-ын гишүүний зөвлөх Ж.Одбаяр “Бидэнд найдвартай эрчим хүчтэй болох хүсэлт маш олон иргэдээс ирдэг. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар сонгогдсон тойргийнхоо иргэдээ эрчим хүчээр хангах асуудлыг ажил хэрэг болгох үүднээс хоёр жилийн хугацаанд хөөцөлдөж, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран өнөөдөр олон өрх гэрэлтэй боллоо. Энэ ажилд Эрчим хүчний яам, Сангийн яам, Эрчим хүчний хөгжлийн төв, УБЦТС болон “Да хот” ХХК-ийнхандаа талархал илэрхийлье” гэлээ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2000 орчим айл цахилгаангүй амьдарч байгаагаас өнөөдөр 300 орчим нь ийнхүү эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгож буйг дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн юм. Цаашид ч мөн энэ ажил үргэлжилж, ойрын хоёр жилдээ багтааж үлдсэн өрхүүдийг эрчим хүчинд холбох боломж бүрдэнэ гэв. Түүнчлэн Засаг дарга эрчим хүчээ дагаад хөгжил ирж байна. Тиймээс айл өрхүүдийг шөнийн эрчим хүчний тарифаа ашиглан утааг бууруулах арга хэмжээ авах, байшингаа сайтар дулаалахыг захисан юм.
Бид CХД-ийн 21 дүгээр хорооны Засаг дарга болон зарим иргэдтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.
21 дүгээр хорооны Засаг дарга Б.Мягмарсүрэн:
Сэтгэл байвал хийж бүтээж болдгийг харууллаа
-Бид эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдахын тулд олон жил хөөцөлдөж, олон ч УИХ-ын гишүүн, нийслэл болон дүүргийнхээ удирдлагуудад хандаж байлаа. Өнөөдөр энд надтай хамт олон жил цахилгаантай болохоор хөөцөлдөж байсан иргэд маань ирсэн байна. Үүгээрээ би юу хэлэх гэсэн бэ гэхээр үнэхээр сэтгэл байвал иргэдийнхээ ая тухтай амьдралын орчинг бүрдүүлэхэд маш чухал үүрэгтэй эрчим хүчний асуудлыг шийдэж болдгийг та бүхэн харж байна. Үүнд их үүрэг гүйцэтгэсэн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн ЗДТГ-ын хамт олон болон сэтгэл зүтгэл гаргасан бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
21 дүгээр хорооны иргэн Б.Хөгжилт:
Эрчим хүчгүй үнэхээр зүдэрч байсан
-Манайх энэ хороонд ирж амьдраад 5 жил болж байна. Энэ хугацаанд энд амьдарч байгаа бүх айлуудын нэгэн адил дунд сургуулиасаа салаалуулж тог татаж ашиглаж байлаа. Гэтэл энэ нь төдийлөн найдвартай биш болохоор түр зуурын бороо цасанд тасарчихдаг, үнэхээр зүдэрч байсан.
Харин өнөөдөр тасралтгүй найдвартай эрчим хүчтэй болсондоо туйлын их баяртай байна. Энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж өгсөн бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна.
СХД-ийн 121 дүгээр дунд сургуулийн бага ангийн багш Н.Отгонмягмар:
Эрчим хүчтэй болоход тусалсан бүх хүмүүстээ маш их баярлалаа
-Сургууль, цэцэрлэг байгуулагдахад манай 3.61-ийн гарам дахь хүн амын тоо эрс өссөн. Үүнийгээ дагаад бидэнд эрчим хүч маш их хэрэгцээтэй болсон. Тиймээс манай өмнөх сургуулийн захирал Б.Оюунцэцэг сургуулиас 500 м зайд кабель татаж, 7 өрхийн эрчим хүчний асуудлыг шийдэж өгсөн. Гэтэл энэ газрыг тойроод олон айл бууж, мөн л тог салаалуулж ашиглаж байсан юм.
Үүнээс болж эрчим хүчний ачаалал нэмэгдэн, хүчдэл нь дийлэхгүйгээс тоггүй болчихлоо гэх айлууд орой бүр ирж, үнэхээр хүндрэлтэй амьдарч байсан. Мөн газраар аалзны тор аятай маш их кабель утаснууд ил задгай байх болсон нь их эрсдэлийг дагуулж байлаа. Тиймээс энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэж өгч байгаад үнэхээр баяртай байна. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон дүүрэг хорооныхоо Засаг дарга, яамдууд, энэ ажлыг хийсэн компанийн хамт олондоо маш их баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.
21 дүгээр хорооны иргэн Д.Төмөрбаатар:
Найдвартай эрчим хүчтэй болох олон жилийн минь хүсэл биелж байна
-Би 1997 оноос эхлэн 10 жилийн хугацаанд багийн Засаг дарга хийх хугацаандаа эрчим хүчтэй болох асуудлыг их хөөцөлдсөн. Тухай үеийн УИХ-ын гишүүн, дарга удирдлагууд гээд энэ асуудлаар уулзаагүй хүн бараг байхгүй. Тухайн үед манай энэ орчмын газар Төв аймгийн харьяанд байсан. Бид хөөцөлдөөд ямар ч үр дүнд хүрээгүй. Бид өнөөг хүртэл лааны гэрэл шиг сүүмийсэн гэрэлтэй амьдарч, хөргөгч, зурагт залгах нь бүү хэл жаахан тод гэрэлтэй болох гээд лампаа солиход л буудчихдаг байсан юм. Цахилгааны хүчдэлийн бууралтаас болж эд хөрөнгөөрөө хохирсон олон айл бий.
Найдвартай эрчим хүчтэй болох гэсэн олон жилийн минь хүслийг биелүүлж өгсөн УИХ-ын гишүүндээ, дүүрэг хорооны дарга нар болон бусад хүмүүстээ гялайлаа.
Холбоотой мэдээ