С.Шойгу Хятадыг зорилоо
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, төлөөлөгчдийнхөө хамтаар Хятад улсыг зорилоо. Тэрбээр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилсан бөгөөд Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ -ын Батлан хамгаалах яам хооронд байгуулагдсан байсан цэрэг-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлж, урт хугацаанд хамтран ажиллах хөтөлбөрийг баталгаажууллаа.
Мөн Монголын талаас тавьсан хүсэлтийг үндэслэн Зэвсэгт хүчинд нэн шаардлагатай байсан техникийг буцалтгүй тусламжаар олгов.
Монголд хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд нь ОХУ-ын талаас дараах албаны хүмүүс дагалдан ажиллалаа. Үүнд:
– ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал ФОМИН Александр Васильевич;
– ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд АЗИЗОВ Искандер Кубарович;
– ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга, хошууч генерал КШИМОВСКИЙ Александр Александрович;
– ОХУ-ын ЗХЖШ-ын Оперативын ерөнхий газрын орлогч дарга, дэслэгч генерал ПЕТРОВ Андрей Николаевич;
– ОХУ-ын ЗХЖШ-ын Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал ВОРОПАЕВ Владимир Иванович;
– ОХУ-ын БХЯ-ны Олон нийтийн харилцаа, мэдээллийн департаментын удирдагч, хошууч генерал КОНАШЕНКОВ Игорь Евгеньевич;
– ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны орлогч захирал ДРОЖЖОВ Владимир Николаевич;
– ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, Агаарын цэргийн атташе, хурандаа СУЛИМУК Геннадий Михайлович;
– ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын 2 дугаар чиглэлийн дарга, гуравдугаар зэргийн ахмад
ЯШИН Дмитрий Валерьевич
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг шагналаа
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан бол шагналыг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өглөө.
Ерөнхийлөгч Х.Баттулга айлчлалаар мордсон тул төрийн тэргүүний нэрийн өмнөөс армийн генерал С.Шойгуд шагналыг нь гардуулах үүрэг УИХ-ын даргад ногджээ.
Шагнал гардуулах ёслол Төрийн ордны хүндэтгэлийн танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, Монгол Улсын Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал Сергей Кужугетович Шойгуг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.
С.Шойгу Ерөнхий сайдтай уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа.
С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан аж. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав.
Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаарх хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв.
Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв.
Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг гэлээ.
Цаашид Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв.
Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав.
Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдлаа.
Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийв
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай хэлэлцээ хийж, хоёр улсын яам хоорондын Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрт батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлага, төрлийн цэргүүдийн болон цэргийн боловсрол, эрдэм шинжилгээ, эмнэлэг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлэх тухай чиглэлүүдийг тусгажээ. Энэхүү үйл ажиллагаа Батлан хамгаалах яаманд болсон юм.
Дараа нь ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээнд зориулж, буцалтгүй тусламжаар нийлүүлж байгаа цэргийн техникийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү техник нь Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалд нэн шаардлагатай байгаа техник хэрэгслүүд аж. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын тэмдэглэснээр ОХУ-аас эдгээр техник хэрэгслийг нийлүүлснээр Монгол Улсын Зэвсэгт хүчин бүх төрлийн нисэх онгоцыг хүлээн авч, аюулгүй буулгах боломж бүрдэж байна. Боловсон хүчнүүд бэлтгэгдсэн тул техник хэрэгсэлтэй ажиллахад асуудал тулгарахгүй юм байна.
Цэрэг-техникийн хамтын ажиллагаа
Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хооронд байгуулсан харилцаа 2000 оноос улам өргөжин, 2004 онд Монгол Улсад Цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна. Хэлэлцээрийн дүнд 2005 оноос ОХУ Монголын талын хүсэлтийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчинд цэрэг, техникийн тусламж үзүүлэх болжээ.
Мөн Хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах механизм болох Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийг 2007 онд байгуулан, бүлгийн хуралдааныг жил бүр хоёр талд ээлжлэн хийж, хамтын ажиллагааны ойр, дунд хугацааны зорилтыг тодорхойлон дүгнэх болсон аж. 2007 оноос дунд хугацааны анхны хөтөлбөр, 2014 оноос дунд хугацааны хоёр дахь хөтөлбөрийн үндсэн дээр ажиллах болжээ.
2011 онд Хоёр талын цэрэг-техникийн хамтын ажиллагааны явцад оюуны өмчийн эрхийг харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан байна.
Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд 2008 оноос хоёр талын хамтарсан хээрийн сургуулийг “Дархан-1, 2, 3” нэртэйгээр, 2011 оноос “Сэлэнгэ-2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018” нэртэйгээр цэргийн анги салбаруудаа зэвсэглэл, техниктэй оролцуулан хоёр талын нутагт ээлжлэн зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Боловсон хүчин бэлтгэх чиглэлээр:
Монголын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын цэргийн сургуулиудад хөнгөлөлттэй нөхцөлөөр болон тусламжийн журмаар суралцуулах тухай Батлан хамгаалах яамд хоорондын 2006 оны хэлэлцээрийн дагуу ОХУ-ын цэргийн академи, их, дээд сургуульд суралцуулж байна.
С.Шойгу Монголд хүрэлцэн ирлээ
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2018.10.18/ 08.15 цагт тусгай аяллын онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар Монгол Улсад нэг өдрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байгаа нь энэ юм. Эл айлчлал нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын хувьд арван жилийн дараа хийж буй айлчлал болж байна. Учир нь 1998 онд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд А.Э.Сердюков Монгол Улсад айлчилсан. Харин армийн генерал С.Шойгугийн хувьд 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа Монголд айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байжээ.
Айлчлалын бүрэлдэхүүнийг Монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Даваа тэргүүтэй албаны хүмүүс угтаж аваад байна.
Айлчлалаар хоёр тал батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн хамтын ажиллагааны явц, цаашдын чиглэлийн талаар хэлэлцээ хийж, Монгол Улсын Батлан хамгаалах яам, ОХУ-ын Батлан хамгаалах яам хоорондын Цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурах юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын талаас ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд тэргүүтэй таван генерал, 14 төлөөлөгч, 12 хэвлэлийн төлөөлөгчид багтжээ.
Айлчлалын үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ