Бар, ялааг ялгалгүй барих Жиньпиний “үнэгний ав”

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Бар, ялааг ялгалгүй барих Жиньпиний “үнэгний ав”

Бар, ялааг ялгалгүй барих Жиньпиний “үнэгний ав”

“Трансперэнси Интернэшнл” байгууллагын Авлигын төсөөллийн индексийн судалгаагаар Хятад улс 2013 онд дэлхийн 178 улс орноос 80 дугаар байрт эрэмбэлэгдэж байсан юм. Тус улс дахь авлигын түгээмэл хэлбэр нь хээл хахууль, хөрөнгө завших, хууль бусаар гэрээ байгуулах, танил тал, хамаатнаараа дамжуулан асуудлыг шийдвэрлэх зэрэг бөгөөд хувийн хэвшил, хууль тогтоох байгууллага, төрийн албан хаагч, цагдаагийн байгууллага авлига ихтэй гэж үздэг байна.

Мөн Коммунист намын албан тушаалтнууд болон Хятадын иргэдийн дунд явуулсан төсөөллийн судалгаануудаас харахад тус улсад анхаарал татсан асуудлын нэг бол “авлига” юм. Намын төв сургуулийн судлаачдын явуулсан 1999-2004 оны судалгааны дүнгээр тус улсын нийгэм дэх хамгийн ноцтой асуудлын нэг, хоёрдугаар байрт авлигыг нэрлэсээр ирсэн байдаг. 2006 оны сүүлээр Төрийн зөвлөлийн дэргэдэх Судалгаа шинжилгээний төвөөс төрийн оролцоогүй аж ахуйн нэгжүүдийн 87 хувь буюу 4586 бизнес эрхлэгчийг хамруулсан судалгаа явуулсан юм. Уг судалгаагаар орон нутгийн захиргааны байгууллагын шударга байдлыг үнэлүүлсэн бөгөөд судалгаанд оролцогчдын 25 хувь нь орон нутгийн захиргааны байгууллагын шударга байдлыг “муу” 12 хувь нь “маш муу” гэж үнэлсэн байдаг.

2012 онд болсон Хятадын Коммунист намын 18 дугаар их хурлын дараагаар Ши Жиньпинээр удирдуулсан тав дахь үеийн удирдлага засгийн эрхэнд гарсны дараа авлигатай тэмцэх томоохон кампанит ажил эхлүүлээд байгаа билээ. Энэ тэмцэлдээ коммунист намыг "шидэт зэвсгээ" болгож авсан Ши Жиньпин өөрийнх нь хэлдгээр “Хятад мөрөөдөл”-д хүргэх “цус сэлбэлт”-ийн ажлаа эрчимжүүлж байна.

Хятадын авлигатай тэмцэгчид амьтдын нэрээр нэрлэсэн тусгай томьёололтой. “Бар” гэвэл улс төрийн өндөр албан тушаалтнууд, “үнэг” гэдэг нь мөнгөө гадаадад нуусан зальтнууд, харин “ялаа” нь багахан хэмжээний хээл хахууль авагчид юм. Ши Жиньпиний хэрэгжүүлж буй авлигын эсрэг тэмцэл Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд, БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Улс төр, хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга асан Жоу Юнкан зэрэг 2012 оноос хойш 180 гаруй хүн “ачигдаад” байгаагаас бараг 30 хувь нь өндөр дээд албан тушаалтнууд байгаа учраас Ши Жиньпиний тэмцлийг намын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй, дээд давхаргыг хамарсан “цэвэрлэгээ” болж байна хэмээн үзэхэд хүргэж байгаа юм.

Хамгийн сүүлийн том баривчилгаа нь Хятадын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчин Пан Бинбин долдугаар сараас хойш сураггүй алга болоод саяхан гарч ирсэн. Тэрбээр мөн л асар их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр олон жилийн ял авах болсон нь тодорхой болсон. Мөн олон улсын цагдаагийн байгууллага буюу интерполын ерөнхийлөгч Хятадын иргэн Мэн Хонвэй эх орон руугаа амрахаар яваад алга болсон ч төд удалгүй авлигын хэргээр эх орондоо шалгагдаж байгааг мэдээлсэн билээ.

 

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятадын явуулсан авлигатай тэмцэх кампанит ажил нь дэлхий дахинд үлгэр дууриал болж, олон улс оронд авлигачидтай хатуу тэмцэх ажлыг эхлүүлэхэд нөлөөллөө гэж “Синьхуа” агентлаг онцолжээ. Хятадын Ардын прокурорын Ерөнхий прокурор Цао Цзяньмин 2013 оны аравдугаар сарын 22-ны өдөр Ардын их хурлын Байнгын хорооны хуралдаанд авлига, хээл хахууль болон хөрөнгө завших хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тус танилцуулгад дурдсанаар 2013 онд прокурорын байгууллага 198781 хүн оролцсон 151350 авлига, хээл хахууль болон хөрөнгө завшсан хэргийг мөрдөн шалгасан байна. Нийт авлигын хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 167514-д нь прокуророос яллах шийдвэр дүгнэлт үйлдсэн бөгөөд 148931 хүнийг буруутай болохыг шүүхээс тогтоогджээ. Дээр дурдсан авлигын гэмт хэргийг шалгаснаар нийт 6,6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг нөхөн төлүүлсэн байна. Ийнхүү Ардын прокурорын Ерөнхий прокурор Ардын их хурлын байнгын хороонд авлигын асуудлаар танилцуулга хийсэн явдал нь 1989 оноос хойш анхных болсон юм.

 

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

БНХАУ-ын Эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг төрийн байгууллага дахь идэвхтэй, идэвхгүй авлига, бусдыг сүрдүүлэн мөнгө авах, мөнгө угаах, төрийн албан хаагч албан тушаалаа урвуулан ашиглах зэрэг олон төрлөөр тодорхойлсон байдаг. Мөн төрийн албан хаагчдад санал болгосон хээл хахуулийн хэмжээ 10000 юаниас их бол эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг байна.

Тус улсын эрүүгийн хуулийн  наймдугаар бүлэгт зааснаар:

  • 10000-200000 юанийн авлигын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял
  • 200000-1000000 юанийн “ноцтой” авлигын гэмт хэрэгт таваас арван жилийн хорих ял
  • 1000000 юаниас дээш болон шууд хэмжээгээр 5000000 юаниас дээш хэмжээний хохирол учруулсан “онц ноцтой” хахуулийн гэмт хэрэгт 10-аас дээш жилийн хорих ял
  • Үндэсний ашиг сонирхлыг зөрчсөн (1000000 юаниас илүү хохирол учруулсан) авлигын хэрэгт таваас арван жилийн хорих ял
  • Гурван саяас дээш юанийн авлига авбал цаазаар авах буюу ялын дээд хэмжээг ногдуулдаг байна.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ БАЙГУУЛЛАГА 

-Сахилга, хяналтын төв хороо: Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтнуудын дунд шударга байдлыг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага бол Коммунист намын Сахилга, хяналтын төв хороо юм. Сахилга, хяналтын төв хороо нь Коммунист намын гишүүдээс гадна тус улсын Засгийн газрын хэмжээний авлигын хэргийг хянах,шалгах үйл ажиллагааг голлон явуулдаг байна.  Анх 1927 онд Хятадын Коммунист намын Төв хянан шалгах хороо нэртэй байгуулагдсан бөгөөд 1949 онд одоогийн нэрээрээ Сахилга, хяналтын төв хороо болж өөрчлөгдсөн. Сахилга, хяналтын төв хорооноос сүүлийн үед хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол хөрөнгө мэдүүлсэн өндөр албан тушаалтнуудыг санамсаргүй байдлаар сонгон шалгах үйл ажиллагаа юм.Тус байгууллагын вэб хуудсанд иргэд гомдол, мэдээлэл өгөх эсвэл авлигын хэргийн мөрдөн байцаалттай холбоотой мэдээлэл авах дэд хэсгүүдийг нээснийг 2013 оны есдүгээр сард Синхуа агентлаг  мэдээлсэн.

-Хяналт шалгалтын яам: Авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг өөр нэг байгууллага бол БНХАУ-ын Төрийн зөвлөлд харьяалагддаг Хяналт шалгалтын яам юм. Хяналт шалгалтын яам нь төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хууль, эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, захиргааны үр ашигтай байдлыг өргөжүүлэх, цэвэр, цэгц шударга төрийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн албаны сахилга батыг нэмэгдүүлэх, засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах зэрэг асуудалд мэргэжлийн байгууллагын зүгээс хяналт тавих, шалгалт зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллага юм. Хяналт шалгалтын яам нь Төрийн зөвлөлийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хуульд заасны дагуу тус байгууллагын чиг үүргээ гүйцэтгэх нь аливаа төрийн байгууллага, хувь хүний нөлөөллөөс хараат бус юм.

-Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо: Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний товчоо нь Төрийн зөвлөлийн Хяналт шалгалтын яамны удирдлагад үйл ажиллагаагаа явуулдаг агентлаг юм. Гэхдээ тус агентлаг авлигын хэргийн мөрдөн шалгах бус үндэсний хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан явуулах үндсэн үүрэгтэй.

-Авлигын талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах байгууллага: Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор, Ард түмний конгресс, Гомдлын газар, Үндэсний аудитын газар, Хяналт шалгалтын яам зэрэг байгууллагууд тус гомдол мэдээлэл хүлээн авах үүргийг гүйцэтгэдэг. 2011 он Дэлхийн шударга ёсны тайланд дээрх байгууллагуудын улс төрөөс хараат байдлыг “дунд зэрэг” гэж үнэлсэн байдаг.

АВЛИГЫН ЭСРЭГ ДАЙН ЭДИЙН ЗАСАГТ

Макаогийн эдийн засаг өнгөрсөн онд 20.4 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүний шалтгааныг Хятадын эрх баригчдын явуулж буй авлигын эсрэг "аян дайн"-тай холбон тайлбарлаж байна. Учир нь Макао бол Хятадад мөрийтэй тоглоом тоглохыг хуулиар зөвшөөрсөн цорын ганц бүс нутаг.
Мөн үнэтэй ресторанууд, элит ангиллын эд зүйл, согтууруулах ундаа, автомашин борлуулдаг компани, байгууллагууд багагүй алдагдалтай ажиллаж буй гэнэ. Учир нь тэдний үйлчлүүлэгчид нь жинхэнэ авлигачид байдаг аж. Тансаг барааны эрэлт буурсан ч эдийн засагчид аяндаа зах зээлийнхээ жамаар засарна гэж үзэж байна. Үнэтэй барааны үнийн бууралт нь энэ төрлийн бараа голдуу хахуулийн хэрэгсэл болж, эсвэл бохир мөнгөөр худалдагдаж байсантай холбоотой гэж олон улсын судлаачид дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж