УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийг УИХ ид хэлэлцэж байна. Та Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргын хувьд ирэх оны төсвийн талаар ямар бодолтой байна вэ. Хоёр жилийн дараа сонгууль болно. Зарим гишүүдийн зүгээс жалганы төсөв болчхож гээд байгаа. Мөн жижиг, дундын үйлдвэрт тэг төгрөг буюу дэмжлэг байхгүй гэж та хэлсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-2019 оны төсөвт орлогоо бүхэлд нь орхигдуулсан. Сангийн сайд бол орлого талаа урт, богино хугацаанд харах ёстой хүний нэг. Орлого талаа дан ганц уул уурхайгаар бүрдүүлнэ гэж бид олон жил явлаа шүү дээ. Алт, зэс, нүүрс гурвын ханш Монгол Улсын төсөвт нөлөөлдөг зүйл биш. Татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэх, дэмжих чиглэлд анхаарах ёстой. Төсвийг бүрдүүлэхэд оролцож буй гол сектор нь татвар төлөгчид. 2019 оны төсөвт жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэг ч төгрөг тусгагдаагүй. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгч бол ирээдүйн Монгол Улсын татвар төлөгчид. Сангийн сайд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 300 тэрбум гаруй төгрөг байгаа гэж ярьж байна лээ. Энэ тухай Сангийн яамны холбогдох хүмүүсээс нь асуухад, санд мөнгө байхгүй, иргэд хэдэн жилийн хугацаатай авчихсан юм билээ. Үүний төллөлтүүд 2021-2023 онд төлөгдөж эдгээрийг нийлүүлээд л хэлчихсэн юм билээ. Гэтэл бодит байдалд санд мөнгө байхгүй. 2019 онд жижиг дунд бизнес эрхлэгчдэд эргэн төлөлтөөс багахан мөнгө орж ирнэ. Энэ нь мэдээж хаанаа ч хүрэхгүй. Төр байгаа цагт татвар бий гэдэгтэй би 100 хувь санал нийлнэ. Гэхдээ татварынхаа бодлогод яаж татвар төлөгчдийн бааз суурийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх үү гэдэгт төр анхаармаар байгаа юм. Бизнесээрээ амьдралаа залгуулаад төрдөө дарамтгүй татвараа төлөөд явдаг ийм л үеийг бий болгох ёстой. Төсвийн хэлэлцүүлэг эхлэхэд ч би энэ талаар хэлсэн. Бид ирээдүйгээ томоор харж мөнгө олдог зүйлд хөрөнгө оруулж байх ёстой. Орлогоо зээл, тусламж эсвэл уул уурхайн хараат байдлаар харах бус эдийн засгаа солонгоруулахад зоригтой хандаасай л гэж би хувьдаа хүсдэг.
-Та бол бизнес эрхлэгчийн дуу хоолой болсон цөөн гишүүний нэг. Бизнес эрхэлдэг гэдэг утгаар нь таны хэлж ярьсныг бизнесийн нүдээр харах нь олонтаа?
-Миний үүсгэн байгуулсан гурван компани жижиг дунд бизнесийн үйл ажиллагааны орлоготой биш. Миний хувьд жижиг дунд бизнесийг дайрч, жаргал, зовлонг нь мэддэг хүний хувьд жижиг дунд бизнес эрхлэгчийг хууль эрх зүйн талаас дэмжих нь миний үүрэг гэж хардаг. Энэ утгаараа би УИХ-д Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог ахалж байгаагийн хувьд уг асуудлаар дуугарна, асуудлын араас нь явна, жижиг дунд бизнес эрхлэгчдийн дуу хоолой нь болж тэднийг хамгаална.
Татвар төлөгчдийнхөө бааз суурийг нэмэх, иргэдийнхээ бизнес хийх сонирхлыг нь дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх нь төрийн үүрэг. Гэтэл үүнийг орхигдуулчихаад байгаа нь харамсалтай. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ганцхан өөрийн үзэл бодлоор асуудалд ханддаг байж болохгүй. Төсөв гэдэг хувийн компани нь биш шүү дээ.
ТӨСӨВ БОЛ Ч.ХҮРЭЛБААТАРЫН ХУВИЙН КОМПАНИ БИШ
-Ирэх оны төсөв аймаг бүрт адилгүй хуваарилагдсанд гишүүд бухимдаж, 32, 33-ын бүлгээр ялган аймгуудын төсвийг хуваарилсан байна гэж шүүмжилсэн удаатай. Мэдээж та ч гэсэн шүүмжлэлтэй хандаж байгаа байх?
-Уг нь гишүүд хувьдаа таван тэрбум төгрөг авч байгаа асуудал огт байхгүй. Жишээ нь, миний тойрогт нэг сургууль, цэцэрлэг, авто гарааш баригдахаар 2018 оны төсөвт суугдсан. Хотын захиргаанаас тендер нь зарлагдаж хийгддэг ажил учраас энэ жил газар чөлөөлт нь нээгдэж 2018 оны төсөвт суусан мөнгө нь ирэх оны төсөв дамнан суугдаж байгаа юм. Би өөрийнхөө тойрогт сургууль, цэцэрлэг бариулахын тулд таван тэрбум төгрөгийг хөөцөлдөж авсан л гэсэн үг. Ерөнхийдөө төр бизнест оролцохгүй гэсэн үгээр хааж 2019 оны төсөвт томоохон бүтээн байгуулалтын ажлууд тусгагдаагүй. Мэдээж сургууль, цэцэрлэг, зам барих нь сайн хэрэг. Гэхдээ ойрын хугацаанд үр ашгаа өгөх зүйлд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулж, зээл тусламжаар орж ирж байгаа мөнгийг үр ашигтай зарцуулах асуудал үндсэндээ орхигдсон. Тухайлбал, Улаанбаатар хот руу хандсан хөрөнгө оруулалтуудаас сургууль, цэцэрлэгийг хасаад харвал бараг тэг байгаа.
Бид түгжрэлээс яаж гарах уу гэж олон жил ярьсаар ирсэн. Энэ асуудал ч төсвийн гадна үлдсэн. Улаанбаатар хотыг түгжрэлээс гаргахад дэлхийн бусад орны нийслэл хотуудтай харьцуулахад хамгийн шийдэх боломжтой асуудал шүү дээ. Шийдэхийн аргагүй газрын мухардалд орчихсон, хотдоо 20 сая гаруй хүн амьдардаг том хот биш учраас шийдэх боломжтой гэж хардаг. Хотоо гадагш тэлэх бодлогыг авч хэрэгжүүлмээр байгаа юм.
-Таны санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг намрын чуулганаар хэлэлцэнэ. Уг хуулийн төслийн үр өгөөж нь юу вэ?
-Бизнес дөнгөж эхлүүлж байгаа үедээ хууль эрх зүйн янз бүрийн дарамтад ордоггүй, өөр зүйлд сатааралгүй өмнөх бизнестээ л анхаарал хандуулах тийм эрх зүйн орчныг уг хуулийн төсөлд тусгасан. Хоёрдугаарт, бизнес эхлүүлэхэд хэцүү гэдэг залуусын дунд яригддаг ойлголтыг өөрчлөхийг хүссэн. Өөрөөр хэлбэл, та өөрөө л бизнес эхлүүлэхийг хүсвэл төрийн дэмжлэг байгаасай шүү гэдгийг суулгаж өгөхийг хүссэн. Төрийн дэмжлэг гэдгийг зөвхөн зээл авна гэж ойлгодог. Тэгвэл зээл авахгүйгээр бизнесээ явуулаад нэг хувийн татвар ногдуулна гэдэг нь өөрөө төрийн дэмжлэг юм. Нийгэмд 10 хүн ажилгүй байлаа гэхэд төрд дарамт учруулах нь тодорхой. Тэгвэл энэ ачаанаас үүрэлцэж байгаа хүмүүс бол жижиг дунд бизнес эрхлэгчид. Өмнө нь жижиг болон дунд үйлдвэр эрхлэгч гэж л ярихаас бус хуулийн ангилал байгаагүй. Үүнийг анх удаа ангилж хуулийн төсөлд тусгасан нь илүү нарийвчлалтай болсон.
-Сангийн яамнаас боловсруулсан Татварын тухай хуулийн төсөлд жижиг дунд бизнес эрхлэгчдэд 10 хувийн татвар ногдуулахаар тусгасан бол таны санаачилсан хуулийн төсөлд нэг хувийн татвар ногдуулна гэж заасан байсан. Яагаад ийм зөрүүтэй байгаа юм бэ?
-Цаг хугацаа талаас нь авч үзвэл Татварын тухай хуулийн төслийн миний санаачилсан хуулиас хойш оруулж ирэхдээ хоёр зүйлд эсрэг хуулийн төслийг оруулж ирсэн. Сангийн яамнаас боловсруулсан төсөлд 10 хувийн татвар ногдуулж, үүнийхээ 90 хувийг буцааж олгоно гэж байгаа. Нэг аж ахуй нэгжийн ард 10 хүн гэж тооцвол олон аж ахуй нэгж болох юм бол 10 хувийн татвар авахаас илүүтэй ашгийг төрд бий болгоно. Сангийн сайд энэ талаас нь харах хэрэгтэй.
Мөн улирал тутам тайлан гаргахгүй жилд нэг удаа тайлан гаргана гэж Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд тусгасныг 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжүүд жилдээ нэг удаа тайлан гаргана. Харин 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуй нэгжүүд улирал тутамд тайлангаа өгнө гэж Татварын тухай хуулийн төсөлд заасан. Миний өргөн барьсан хуулийн төсөлд жилийн орлого нь 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуй нэгжийг манай хууль дэмжинэ. Өөрөөр хэлбэл, өдөрт хоёр сая орчим төгрөгийн орлоготой бол жижиг дунд үйлдвэр эрхлэгч юм. Нэг хувийн татвар авах, 10 хувийг авсныхаа дараа буцааж олгоно гэдэг ойлголтын асар том зөрүү юм. Жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг нэг хувь болгоно гэдгийг би ч санаачилсан юм биш. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрт жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын 10 хувийг нэг хувь болгоно гээд маш тодорхой заасан. 2016-2020 он хүртэлх Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд мөн ингэж тусгагдсан. Тэгэхээр Ж.Ганбаатар гэдэг хүн нэг хувийн татвар гэдгийг санаанаасаа зохиосон биш байгаа биз. Энэ бол МАН-ын мөрийн хөтөлбөр. Татварын багц хуулийг боловсруулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар намынхаа мөрийн хөтөлбөрийг эргэн харах ёстой.
-Өндөр хөгжилтэй улс орнууд жижиг, дунд үйлдвэрлэлээ төрийн бодлогоор хэрхэн дэмждэг юм бол?
-Би энэ асуудлаар Чех, Япон, Солонгос, Вьетнам, Арабын нэгдсэн Эмират улсын элчин сайд нартай уулзаж туршлага судалж байсан. Тэд бичил, жижиг, дунд гэдгээр нь тодорхой ангилж төрийн бодлогоо явуулах ёстой гэдэг санааг хэлж байсан. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны зарим гишүүн Бүгд Найрамдах Казахстан Улсад жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлаар ажилласан. Тус улсад “ДАМУ" гэдэг төрийн байгууллага байдаг. Анх энэ байгууллага 2017 он хүртэл буруу замаар явж, төрөөс маш их санхүүжилт авч байсан ч зарцуулалт нь буруу явж ирсэн юм билээ. Ингээд Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев үүнийг зарчмын хувьд өөрчилснөөр “ДАМУ” жижиг бизнес эрхэлж байгаа компаниудад хөрөнгө оруулдаг, томоохон өрсөлдөх чадвартай газруудад банкаар дамжуулж зээл олгодог болсон. Мөн Казахстан, Япон, Солонгос зэрэг улсад томоохон аж ахуй нэгжүүд жижиг дунд үйлдвэрийнхээ санд буцалтгүй мөнгөн тусламж үзүүлдэг юм байна. Барууны орнуудад аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь орлого, зарлагынхаа баримтыг өөрсдөө цуглуулж байгаад “Аккаунт” компанид 200-300 ам.доллар төлөөд тайлангаа гаргуулчихдаг. Баруунд ажиллаж байгаа монголчууд үүнийг сайн мэднэ. Энэ санааг л би хуулийн төсөлдөө тусгасан.
-Хуулийн төсөлд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч гэж ангилж оруулж өгсөн гэлээ. Ялгааг нь хэрхэн тодорхойлсон бэ?
-Бичил гэдэг нь 10 хүртэл ажилчинтай, 250 сая төгрөгийн жилийн орлоготой аж ахуй нэгжүүдийг хэлэх юм. Бичил аж ахуйн нэгжид сангаас зээл олгодог байх, харин жижиг, дунд эрхлэгчдэд олгох зээлийг банкаар олгоно гэж тусгасан. Бичил бизнес эрхлэгч банкнаас зээл авах гэхээр банк тайлан, баланс, барьцаа хөрөнгө, төсөл хөтөлбөр нэхдэг. Бичил бизнес эхлүүлэх гэж байгаа хүнд санаа л байгаа болохоос мөнгө, тайлан баланс, барьцаа хөрөнгө байхгүй. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг банкаар дамжуулж олгосноор зээлийн хүү арай өндөр байна. Үүнийг Жижиг, дунд эрхлэгчид хангаж чадна гэж харж байгаа. энэхүү ангилал нь хуулийн төслийн давуу талын нэг гэж харж байгаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид том аж ахуй нэгжүүдтэй адилхан нягтлан авдаг, хуульчдын тасагтай байх шаардлагыг тавьдаг байж болохгүй. Дээр нь алдаа гарлаа гэхэд татварын байцаагчид нь өлгөж аваад акт тавьчихдаг. Ингээд Зөрчлийн тухай хуулийн дагуу данснаас шууд орлогыг нь булааж авдаг зэрэг асуудал өнөөдөр бизнес эрхлэгчдийг мохоож байна. Төр бол ямар ч шалтгаан хэлэлгүйгээр тусламж үзүүлж, дэмжих нэг номерын сектор нь. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжээд дэмжээд болохгүй байна гэдэг өөрсдийнхөө бурууг төр нийт 800 мянган бизнес эрхлэгчид рүүгээ цацаад байж болохгүй. Алдаа хаана гарч байна вэ гэдэг шалтгаанаа өөрсдөө хайх цаг нь ирсэн. Жижиг дунд үйлдвэрийн салбар тодорхой хувиар хөгжиж байгаа.
-Хоёулаа ярилцлагын сэдвээ өөрчилье. Намрын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудын нэг бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх эсэх асуудал. Та ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглал хоёрын алийг дэмждэг вэ?
-Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх асуудал. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн асуудлаар УИХ-ын гишүүд зөв ярих ёстой. Санааныхаа зоргоор ярих сэдэв ч биш гэдгийг тодотгон хэлмээр байна. Миний хувьд парламентын засаглалыг дэмждэг. Өнөөдөр манай улсад парламентын засаглал тохирно. Магадгүй 15-20 жилийн дараа өөрөөр яригдаж магад. Ялангуяа хоёр том хөрштэй манай улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй. Шашин шүтлэгийн асуудлаас үүдэж зарим улсад Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой байж болно.
МОНГОЛБАНК ЧАДЛААРАА Л АЖИЛЛАЖ БАЙГАА
-Сүүлийн үед шатахууны үнэ, ам.доллар өсч иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Эрх баригчдын зүгээс болон Монголбанкныхан валютын ханшийн савлагааг дэлхийн худалдааны дайнтай холбон тайлбарлаж байгаа. Ханшийн өсөлтөд нөлөөлж буй шалтгааныг та хэрхэн харж байна вэ?
-Дэлхийн ихэнх улсад ам.доллар бусад валютын эсрэг чангарч байна. Энэ бол маргаангүй үнэн. Гэхдээ гаднын улсуудтай харьцуулахад манай улсын эдийн засаг жижиг учир ам.долларын өсөлтийг шийдэх боломжтой. Бид алттай, нүүрстэй, зэстэй орны хувьд давуу талаа ашиглах ёстой. Монголбанк болон Сангийн яамнаас өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар ам.долларын гадагш урсгал эрс багасч харин ам.доллар орж ирэх урсгал нэмэгдэж байгаа гэж ойлгосон. Цаашид ам.доллар өсөхгүй гэдгийг холбогдох хүмүүсийн амнаас нь Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр сонссон.
-Та Монголбанкинд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Эдийн засгийн байнгын хорооны Мягмар гаригийн хуралдаан дээр Монголбанкны Н.Баяртсайхан Ерөнхийлөгч рүү ширүүхэн үг хаясан ямар учиртай юм бэ?
-Хувийн харилцааны зөрчлөөс бус зарчмын зөрүүтэй асуудлаар санал зөрөлдсөн. Өөрийнх нь хэлсэнчлэн Н.Баяртсайхан Ерөнхийлөгч муу ажиллаагүй байх. Ам.долларын эсрэг Монголбанк чадлаараа л ажиллаж байгаа.
У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАР БУСАДТАЙ НИЙЛЭЭД ТӨРИЙН МӨНГӨНӨӨС ХУЛГАЙЛЖ ИДЭЭД БАЙГАА ЗҮЙЛ АЛГА
-Өнгөрсөн хугацаанд МАН хоёр хуваагдчихсан зэрэг янз бүрийн мэдээлэл нийгэмд цацагдаж байсан. Өнөөдөр намын доторх хэрүүл нэг тийш шийдэгдсэн үү?
-32,33-ын гэсэн яриа байсан нь үнэн. Энэ нь олон нийтэд жилийн өмнө илэрхий байсан. Харин одоо бол 32,33-ын бүлэг гэж байхгүй болсон гэдгийг би хэлж чадна.
Магадгүй өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нар гомдлоо тээдэг, одоо ажиллаж байгаа сайд нар тэд юу юм бэ гэсэн байдлаар ярьдаг байж магадгүй. Гэхдээ энэ нь 32,33-ын бүлэг гэж бус цөөн хэдэн хүний хоорондох асуудал.
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөн тавьсан. У.Хүрэлсүхийн Засгийн газарт та хэр сэтгэл хангалуун байгаа вэ?
-Огцруулах асуудлыг хөндөж болохгүй. Тогтвортой ажиллуулж үр дүнг нь харахаас өөр зам үгүй. Жилийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдах үед ард түмэн ихэд хүлээлт тавьсан. Гэвч тэр хүлээлтэд нь хүрч ажиллахгүй байгаа нь үнэн. Гэхдээ өмнөх Засгийн газруудтай харьцуулахад энэ Засгийн газар сайн ажиллаж байгаа. Ядаж л бусадтай нийлээд төрийн мөнгөнөөс хулгайлж идээд байгаа зүйл алга. Харин зоригтой ажиллах байдал дутагдаж байна. Болгоомжилсон, алдаа гаргахаас айж бэргэсэн байдалтай байгаа тал бий. Засгийн газарт ажиллаж байгаа Сангийн сайдын нэг давуу тал нь мөнгийг хадгалах, хумих тухай ярьж байгаа нь сайшаалтай. Орж ирж байгаа мөнгийг үрэн таран хийж хуваагаад идэхгүй байгаа нь сайн хэрэг.
-2016 оны УИХ-ын сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хооронд та юу хийж амжуулж байна вэ. Магадгүй шинэ гишүүн гэдэг утгаараа хамгийн нам жим, тайван үе өнгөрч байгаа болов уу?
-Намайг зарим хүн шинэ улстөрч гэж хардаг юм шиг байгаа юм. Уг нь би Нийслэлийн иргэдийн хуралд төлөөлөгч мөн Тэргүүлэгчээр ажиллаж байсан. НИТХ-д хэлэлцэж байгаа асуудал нь бага ч гэсэн тэндээс хүн парламентын ажилд нэлээд сайн суралцдаг. Тэгэхээр улс төрийн туршлага тодорхой хэмжээгээр байсан гэж хэлж болно. Парламентад орж ирж ирээд хамгийн сайн сурсан зүйл нь нэлээд сайн ярьж сурч байна даа (инээв). Мөн бусдаас шүүмжлэл, хатуу үг сонсч сурч байна. УИХ-ын гишүүн гэдэг бол нэг сэдвээр таван минут ярьдаг хүн гэж тодорхойлж болно.
-УИХ-ын гишүүн болсноор таны бизнест хэр давуу тал бий болгов?
-Итгэхгүй байж магадгүй. УИХ-ын гишүүн болсноор миний бизнест эергээр нөлөөлсөн нэг ширхэг зүйл байхгүй. Мэдээж өмнөх шигээ бизнестээ цаг зарцуулах нь багассан. Чуулган, байнгын хорооны хурлуудад идэвхтэй оролцож санал бодлоо илэрхийлэхийг хичээдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван хуулийн төсөл санаачилсан. Мөн найм дахь ажлыг хэсэг ахалж байгаа.
-Гишүүд тойрогтоо бэлэг сэлт тараах нь үргэлж шүүмжлэл дагуулдаг. Та бол тойрогтоо идэвхтэй ажиллаж, тойргийн иргэддээ гар тэнийлгэдэг гишүүдийн нэг. Энэ талаар саналаа хуваалцана уу?
-Би нийгмийн хариуцлагаа хүлээж Баянгол дүүрэгт 2004 оноос хойш ойр ажиллаж ирсэн. Анх би “Оргил” худалдааны төвөө ч Баянгол дүүрэгт байгуулж байсан. Цагаан сар бусад баяр ёслолын үеэр ахмадуудаа хүндэтгэн хүлээж авч уулзах нь миний уламжлалт болсон ажил. Хэрэв үүнд эргэлзэж байвал миний үүх түүхийг сөхөх эрх танд бий. Түүнээс биш УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэнэт ахмадаа хүлээн авч, бэлэг сэлт өгдөг болсон зүйл огтхон ч байхгүй. Манай дүүргийн иргэд зөвхөн бэлэг сэлт авах гэж миний уулзалтад ирдэг гэж яривал Баянгол дүүргийн ард түмнийг доромжилж байгаа хэрэг. Тэд төрийн түшээдийнхээ хийж хэрэгжүүлж байгаа ажлыг нь сонсъё гэсэн сэтгэлээр л ирдэг. Сонгогчид маань төрөө хүндэлдэг төрд төлөөлж байгаа хүнийхээ үгийг сонсохыг хүсдэг болсон шүү дээ. Иргэдтэйгээ ойр холбоотой байх ёстой. Энэ үүргээ л би гүйцэтгэж ажилладаг.