Сэлбэ гол орчим тамхичдын хөндий болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.18-нд нийтлэгдсэн

Сэлбэ гол орчим тамхичдын хөндий болжээ

Сэлбэ гол орчим тамхичдын хөндий болжээ

Манай улсын томоохон дээд сургуулиуд хаяа хаяагаа түшин нийслэлийн төв хэсэгт байрладаг. Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль дараалсан оюутны гудамжнаас хүний хөл тасрахгүй. Хичээлээ тарсан, хичээлдээ яарсан гээд хаа сайгүй оюутнууд холхих ч гартаа тамхи барьсан залуустай та бүхэн алхам тутамдаа таарсан биз ээ. Ялангуяа охид, бүсгүйчүүд тамхи татах нь энгийн үзэгдэл болсон. Тамхи бол зөвхөн эрчүүдийн хэрэглээ байсан бол одоо эм, эргүй, хөгшин, залуугүй татдаг болсон.

Сургуулийн орчинд, ялангуяа их, дээд сургуулийн орчинд Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж байгаа эсэх, тамхидалт ямар байгааг сурвалжлахаар бид Санхүү эдийн засгийн дээд сургуулийг зорив. Биднийг 15.00 цагийн үед очиход сургууль орчмоор оюутан залуус холхиж, энд тэнд хэсгээрээ тамхи татах залуус хаа сайгүй. Санхүү эдийн засгийн дээд сургуулийн урд Арслантай гүүрний яг дэргэд нэгэн эмэгтэй тамхи, бохь, чихэр худалдаална.

Биднийг тэнд таван минут зогсох зуур 10 гаруй хүн ирж тамхи худалдаж авав. Тэдний дунд охид ч бас байв. Тэд тамхиа аваад Сэлбэ голын эрэг дагуу очиж тамхилцгаана. Яг ийм үзэгдэл минут, цагаар давтагдана. Гэхдээ энэ тамхичид тамхины ишээ зүгээр л Сэлбэ голын эрэг дагуу хаячихна. Тэнд зориулалтын тамхины цэг, хогийн сав байхгүй учраас хүссэн газраа хаядаг. Тиймээс л хэдхэн жилийн өмнө хэдэн тэрбумаар засч, тохижуулсан Сэлбэ голын эрэг тамхины ишээр "чимэглүүлжээ".

Тамхины хогоо яагаад зориулалтын саванд хийхгүй байгааг “тамхичдаас” асуухад чамд ямар хамаа байна гэсэн хандлагаар харц шидээд одов. Сургуулийн орчинд тамхи худалдаалахыг хориглосон хууль бийг тамхи зарж буй эмэгтэйд сануулахад “Би энд олон жил сууж наймаа хийж байна. Та нарт миний юу хийх ямар ч хамаагүй. Битгий гай болоод, хүн үргээгээд бай” хэмээн биднийг хөөв. Түүний хэлснээр энд тамхи, чихэр борлуулж амьдралаа залгуулдаг гэх. Түүний байнгын үйлчлүүлэгчид ч оюутнууд болон зам дагуу явж буй хүмүүс. Ийнхүү бидний ярилцах зуур насанд хүрсэн болов уу гэмээр хоёр охин тамхи, бохь, шүдэнз худалдаж аваад цааш явав.

Насанд хүрээгүй юм шиг санагдсан учраас араас нь хэсэг ажиж зогсов. Өөрсдийгөө сурагчид биш, бидний юу хийх өөрт чинь хамаагүй шүү гэсээр явж одов. Эрчүүд яах вэ тамхи татаг гэж уужуу ухаанаар бодож болох ч охид, эмэгтэйчүүдийн тамхины хэрэглээ эрчүүдийнхээс давсан мэт. Гудамж, булан тохойд нарийхан тамхи зуусан охид, эмэгтэйчүүдийг хараад эмзэглэх сэтгэл төрдгийг нуух юун. Санхүү эдийн засгийн дээд сургуулиас ШУТИС, МУБИС, МУИС-ын сургуулийн орчмыг ажиглав. Бусад дээд сургуулийн ойр орчимд оюутнуудын үүсгэсэн тамхины цэг хаа сайгүй. Яг дэргэд нь ТҮЦ, эсвэл наймаачид тамхи зарна. Ямар ч хяналтгүй.

Уг нь Тамхины хяналтын тухай хууль гараад таван жил болж буй. Энэ хуулиар сургуулийн орчинд 500 метр дотор тамхи худалдаалах, борлуулахыг хориглосон. Ингэхдээ тамхи татах цэг байгуулж, зөвхөн зөвшөөрөгдсөн тамхины цэгт тамхи татахыг хуульчилсан. Гэхдээ Монголын хууль гурав хоног гэдэг шиг энэ хууль одоо хэрэгжихгүй байсаар. Тамхины хууль хэрэгждэггүй газрын нэг нь их, дээд сургуулийн орчин болоод байна.

Тамхины хяналтын тухай хуулийг батлахдаа нэг зүйлийг орхигдуулсан. Тамхи борлуулсан, зөвшөөрөлгүй тамхи татсан тохиолдолд хэн хяналт тавьж, хариуцлага тооцох вэ. Энэ асуудал өнөөдөр ч тодорхой бус. Хууль батлагдсан ч амьдрал дээр хяналт тавьдаггүй, хэрэгждэггүйн тод жишээ бол Тамхины хяналтын тухай хууль.

Монгол Улс тамхидалтаараа дэлхийд эхний 10-т багтдаг. Дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн судалгаа бий. Манай улсын хүн амын дундаж нас баралтын 77 хувийг халдварт бус өвчний шалтгаан эзэлдэг байна. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлийн нэг нь тамхи. Зүрх, судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин зэрэг нас баралтын гол шалтгаан болдог өвчнүүд тамхинаас үүдэлтэй. Манай улсын хүн амын 47 хувь буюу бараг тэн хагас нь тамхи татаж, үлдсэн хагас нь дам тамхидалтад өртөж байгаа нь халдварт бус өвчин аюулын харанга дэлдэхэд хүргэж байгаа тоог бид өдөр бүр авдаг ч тамхинд орж байгаа залуучуудын нас, тоо өдөр, өдрөөр нэмэгдэж байна.

Гэхдээ Тамхины хяналтын тухай хуулийн буянаар паб, бар, ресторан, хоолны газар зэрэг үйлчилгээний байгууллагууд тамхигүй орчин болсон. Цэнхэр манан дунд хоолоо иддэг байсан бол одоо зөвшөөрөгдсөн тамхины өрөөнд тамхи татдаг болсон гээд авууштай зүйл бий. Яг үүн шиг сургуулийн орчинд тамхи худалдаалахгүй байхад хатуу  хяналт, шаардлага хэрэгтэй байна. Бусдын эрх миний хамрын үзүүрээр хязгаарлагддаг шиг бусдын тамхи татах эсэх надад, чамд хамаагүй гэж орхих асуудал энэ биш. Хуулийн хариуцлага хүлээлгэж, хяналт тавьдаг больё. Үүнийг их, дээд сургуулийн орчноос эхлүүлье.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж