Үеэс үед дамжин ирсэн өв соёлын үнэт зүйлээ та улсад бүртгүүлэх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Үеэс үед дамжин ирсэн өв соёлын үнэт зүйлээ та улсад бүртгүүлэх ёстой

“Соёлын өвийн анхдугаар” зөвлөгөөн хоёр өдрийн /2018.10.17-18/ турш үргэлжлэх юм

Үеэс үед дамжин ирсэн өв соёлын үнэт зүйлээ та улсад бүртгүүлэх ёстой

Хүүхэд залуус гадаад хэлээр “гангарч” эх хэлээ мартан, монгол гэр, таван хошуу малаа танихгүйд хүрлээ гэж хүн бүр ярих болсон гэвэл нэг их хилсдэхгүй. Гэвч минут секундээр хэмжихээргүй хурдтай өөрчлөгдөж буй техник технологийн эрин үетэй хөл нийлүүлж яваа нь тэдний буруу биш аж. Энэ бол даяаршиж буй дэлхий ертөнцөд нийгэм цаг үе нь шаардаж буй учраас “Соёлын өвийн дархлаа”-ын асуудал чухал асуудал болсон гэдгийг мэргэжилтнүүд нэгэн дуугаар  хэлж байна.  Өнөөдөр /2018.10.17/ “Novotel” зочид буудалд эрдэмтэн судлаач, мэргэжилтэн, соёлын өв хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагаас бүрдсэн 250 гаруй хүн цугласан. Энэ үеэр иргэдийн гарт өв залгамжлан ирж буй өв соёлын биет зүйлсийг бүртгэж баримтжуулах нь  тулгамдсан асуудлын нэг болж буйг холбогдох албаны хүмүүс хэлж байв.

Монголын соёлын өвийн тулгамдсан асуудлаар зохион байгуулж буй энэхүү “Соёлын өвийн анхдугаар” зөвлөгөөн хоёр өдрийн /2018.10.17-18/ турш үргэлжлэх юм. Өнөөдөр биет өвийн тухай хэлэлцэж санал бодлоо солилцох бол маргааш биет бус өвийн асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэж хурлаас гаргасан шийдвэрийг хуулийн төсөлд тусгах аж.

Энэ үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Соёл, соёлын өвийн мэргэжилтэн доктор Д.Мэндсайхан “Соёлын өв гэдэг нь үеэс үед дамжин ирсэн мэдээ мэдээллийг өөртөө агуулж байдаг. Өвийг соёлыг эдээр болон оюунаар дамжуулдаг. Өнөөдрийн зөвлөгөөнөөр  биет өвийн хадгалалт хамгаалалтын асуудлыг хэлэлцэж байна. Соёл гэдэг нь монголчуудын оршин тогтнох дархлаа нь юм. Монгол Улсад хөдлөх эд зүйлст ангилагдах өв соёл маш сайн хадгалагдаж ирсэн ч хувь хүмүүсийн гар дээр уламжлагдаж ирсэн өвүүд бий. Мэргэжлийн бус хүмүүсийн гарт хадгалагдаж байгаа эд өлгийн зүйлсийг улсын сан хөмрөгт бүртгүүлэх ёстой. Тухайн иргэн Соёлын үндэсний төвд мэдээлэх хэрэгтэй. Хэдийгээр тэр хүний хувийн өмч ч гэсэн Монгол Улсын өмчид харьяалагдана. Тиймээс алга болж, эвдрэх болзошгүй эрсдэлээс хамгаалуулж мэргэжилтнүүдээр тухайн үнэт зүйлийнхээ зэрэглэлийг нь тогтоолгох хэрэгтэй. Улсад бүртгэж авна гэдэг нь тухайн хүний өв дамжин ирсэн зүйлийг хурааж авна гэж ойлгож болохгүй” гэв. Энэ талаар Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар санал нэг хэлж байсан юм. Түүний хэлснээр улсын сан хөмрөгт бүртгэгдсэн болон биет өвийг танин мэдүүлэхэд дэлхийн улс орнуудын адил танилцуулах каталоги хэвлүүлэх ажлыг хэрэгжүүлдэг. Гэвч хувь хүний гарт буй соёлын үнэт өвийг бүртгэх нь чухал болохыг онцолсон. Харин Соёлын өвийг хадгалж хамгаалах  асуудалд төрийн бус байгууллагууд нүдэнд харагдаж гарт баригдах дорвитой ажил хийхгүй байгааг Бий биелгээ холбооны тэргүүн З.Лхагвасүрэн хэлсэн юм.

Тэрбээр “Бий биелгээнд маш олон соёлын өв хадгалагдаж явдаг. Зүгээр нэг хөөмий биш, хөдөлгөөн, зан заншил, хувцас зэрэг маш олон соёлын хэлбэр багтдаг болохоор судалгааны хэлбэрт орж чадахгүй байна. Нөгөө талаар төрийн бус байгууллагуудыг төр дэмжих ёстой.  Өнөөдөр ТББ-уудын үйл ажиллагаа нь тодорхойгүй. Төсөлд хамрагддаг ч хаана ямар байгууллагад өгч байгаа нь мэдэгддэггүй. Миний хувьд 12 жил ТББ-д ажилласан ч төсөлд хамрагдаж чадаагүй. Тиймээс энэ зөвлөгөөний үр дүн гарч,илүү далайцтай ажил хийгээсэй гэж хүсье” гэв.

Биет бус өв соёл, зан заншил хэл соёл язгуур урлагаа хадгалан авч хамгаалж үлдэх хамгийн том дархлаа нь Монгол хүн та өөрөө гэсэн асуудал ч энэ үеэр хөндөгдлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж