Ширэнгэн ойд, чулуун дээр суугаад ямар нэгэн зүйлийг анхааралтай ширтэж буй хоёр сармагчны зураг 2018 оны Английн зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдааны шилдгээр шалгарсан юм.
Уг зургийг Нидерландын гэрэл зурагчин Марсел фан Оостен Хятадын Чиньлин ууланд авсан байна. Хоёр сармагчин маргалдаж буй омгийнхон руугаа харж суугаа нь энэ ажээ.
Зурагчин амьтдын зан араншинг нь ойлгож, таамаглахын тулд сүргийг хэд хоногийн турш дагаж явсан байна.
Наана сууж буй эрэгчингийн цэнхэр нүүр, нурууных нь бор, шаргал өнгийн намирсан үс нь гэрэл зургийн хамгийн гол элемент аж. Шүүгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн гол зүйл нь нууцлаг харц болоод өнгөний гайхалтай зохицлынх нь сэтгэл татам байдал байсан ажээ. Шүүгчдийн нэг болох Роз Кидман Кокс “Энэ зурганд бусад олон зуун гэрэл зурагнуудаас ялгарах нууцлаг увдис байсан. Мөн гэрэл зурагчид сармагчинг ихэвчлэн модон дээр байхад нь авдаг бол энэ хоёр сармагчин чулуун дээр тайван сууж байгаа нь Марселийн гаргасан хүчин чармайлтыг харуулж байна” гэжээ.
Тус уралдааны өсвөр насны ангилалд шалгарсан шилдэг зургаар Өмнөд Африкийн Скай Мекер нэртэй хүүгийн “нойрмоглож буй цоохор ирвэс” шалгарчээ. Цоохор ирвэс хөлөө хугалсан байсан тул цөөвөр чононуудаас амиа хамгаалахын тулд маш их тэмцэх хэрэгтэй болсон байна. Харин 16 настай Скай хүү түүнийг отож байгаад, унтаад сэрснийх нь дараа уг зургийг дарж амжжээ. Зурагны арын ногоон дэвсгэр өнгө болоод цоохор ирвэсийн гунигтай царай нь хоорондоо гайхалтай зохицох аж.
Эх сурвалж: BBC
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ