Гадаад улс орнуудад эх орноо төлөөлж ажиллах, нэр хүндтэй албыг хашдаг дипломатчид ажил мэргэжлийн хувьд олгогддог нэгэн давуу тал бол “дипломат эрх ямба, дархан эрх” юм. Энэхүү нийтлэлдээ дипломат хэмээх мэргэжлийг эзэмшиж байгаа эсвэл эзэмшихээр зорьж буй хүмүүст зориулан дипломат эрх ямбын тухай сонирхолтой баримтуудыг бэлтгэлээ.
ТҮҮХ
1961 онд Австрийн Вена хотод Дипломат эрх ямба, дархан эрхийн тухай конвенцийг батлах хүртэл энэ тухай бичигдсэн албан ёсны олон улсын эрх зүйн баримт бичиг байхгүй байжээ. Анх энэхүү баримт бичгийг батлахад АНУ, ЗХУ, Хятад тэргүүтэй 22 улс оролцсон бөгөөд 1964 онд буюу гурван жилийн дараа л албан ёсоор хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Харин өдгөө уг конвенцэд дэлхийн 191 улс орон нэгдээд байгаа юм.
ЭРХ ЯМБА, ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ
Тус Венийн конвенцэд зааснаар гадаадад ажиллаж байгаа дипломатууд татвараас чөлөөлөгдөх, хүлээн авагч улсын эрүүгийн хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх гэх мэт олон дархан эрхтэй. Үүнд тэдний гэр бүл, амьдарч байгаа орон сууц, тээврийн хэрэгсэл зэрэг нь ч хамаарна. Өөрөөр хэлбэл, дипломат паспорттай хүмүүсийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд дуудаж болдоггүй юм.
ЭРХ ЯМБА ХЯЗГААРЛАГДАХ НЬ
Гэхдээ дархан эрх ямба нь тэднийг ажил үүргээ гүйцэтгээгүй байх үед үйлчлэхгүй юм. Түүнчлэн томилогч улсын засгийн газар нь шаардлагатай үед тэдэнд хариуцлага тооцох, эгүүлэн дуудах эрхтэй. Тухайлбал, Гүржээс АНУ-д томилогдон ажиллаж байсан дипломат 1997 онд согтуугаар машин барьж яваад өсвөр насны охиныг дайрч, хөнөөсөн хэрэг гарсан ч АНУ-ын зүгээс түүнтэй ямар нэгэн хариуцлага тооцох эрхгүй байсан юм. Гүржийн засгийн газраас түүний дипломат эрхийг нь цуцалснаар АНУ-ын шүүхэд дуудагдаж, хорих ял оноосон байдаг.
“ПЕРСОНА НОН-ГРАТА” БУЮУ ТААЛАМЖГҮЙ ЭТГЭЭД
Хүлээн авагч улсын хувьд дипломатуудыг тааламжгүй этгээд гэж зарлан, явахыг шаардах үндэслэл байдаг. Тухайлбал 2016 онд АНУ-ын ерөнхийлөгч асан Б.Обамагийн засаг захиргааны үед ОХУ-ын 38 дипломатыг Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд саад учруулсан хэргээр тааламжгүй этгээдээр зарласан байдаг.
Хэрвээ гадаад улс оронд ажиллаж байгаа дипломатууд ямар нэгэн хэрэгт орооцолдвол түүнийг ихэвчлэн яриа хэлэлцээрийн зарчмаар шийддэг. Хэдийгээр тэд гадаад улс оронд байхдаа дархан эрх ямба эдэлдэг ч хоёр улсын харилцааг тогтвортой байлгах үүднээс аль болох биеэ зөв авч явахыг хичээх ёстой болдог байна.
Эх сурвалж: www.pissd.com
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ