“Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

“Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн болно

“Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах “Спорт ба хөгжил” улсын IV зөвлөгөөн маргааш /2018.10.18/ Төрийн ордны их танхимд болно. 2012 оноос хойш тасалдаад байсан уг зөвлөгөөнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар хамтран зохион байгуулж байна.

Биеийн тамир, спортын улсын 4 дүгээр зөвлөгөөнөөр Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын  талаар спортын салбарынханд нэгдсэн ойлголт өгөх, “Биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого”, Монгол улсын “Биеийн тамир, спортын тухай” хууль ба бусад хууль, эрх зүйн баримт бичгүүд, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан боловсронгуй болгох талаарх арга зам, шийдэл, чиглэлийг тодорхойлж, биеийн тамир, спортын хөгжлийг эрчимжүүлэн төгөлдөржүүлэх цогц асуудлыг хэлэлцэх юм.

Зөвлөгөөний үеэр биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага, бодлогын хэрэгжилтийн талаар үндэсний бодлого боловсруулагчид, олон улсын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд:

  • “Биеийн тамир, спортын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн хандлага”
  • “Биеийн тамир, спортын салбарын бодлогын хэрэгжилт”
  • “Биеийн тамир, спортын төрийн ба төрийн бус байгууллагын сайн засаглалыг хөгжүүлэх нь”
  • “Биеийн тамир, спортын шинжлэх ухааны хөгжил ба зорилт”
  • “Чанартай бие бялдрын боловсрол”
  • “Хөтөлбөр-2020” зэрэг сэдвийг хэлэлцэнэ.

Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, МҮОХ, МПХ, спортын холбоод, цэрэг, тусгай хүчний биеийн тамир, спортын байгууллагууд, их, дээд сургууль, спортын дунд сургууль болон бусад байгууллагын  удирдлага, ажилтан, албан хаагч, багш дасгалжуулагч, тамирчид, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл болох 500 гаруй төлөөлөгч оролцоно.

Энэ жил Монгол улс Олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож буй. Зөвлөгөөний үеэр 1968 оны Мехикогийн 19-р олимпийн наадмаас Жигжидийн Мөнхбат мөнгөн медаль, Чимэдбазарын Дамдиншарав, Данзандаржаагийн Сэрээтэр, Төмөрийн Артаг нар хүрэл медаль хүртэж Монгол Улс анхны олимпийн медальтнуудтай болсон түүхэн үйл явдлыг тэмдэглэж, Олимпийн медальтнуудад хүндэтгэл үзүүлнэ.

Улсын 4 дүгээр зөвлөгөөний үеэр хэлэлцэгдэх гол асуудлуудын нэг нь Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, агуулгын талаар салбарынханд нэгдсэн ойлголт өгч, хэрэгжилтийг хангах явдал юм.

2017 оны долдугаар сарын 06-ны өдөр батлагдаж, 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ерөнхий зорилго нь биеийн тамир, спортыг бие даасан салбар болгон хөгжүүлж, улс орны хөгжил ялангуяа хувь хүний хөгжил, эрүүл монгол хүн, эвтэй хүчтэй Монгол улсыг цогцлоохын төлөө сайн засаглалыг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Монгол улсын 15-64 насны иргэдийн 2 хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй, 22.3 хувь нь хөдөлгөөний хомсдол бүхий эрсдэлт бүлэгт байгаа нь нийтийн биеийн тамирын чиглэлд эрс шинэчлэлийг яаралтай хийх шаардлагатай байгааг харуулж байна. Үүний тулд нийтийн биеийн тамирт хамааруулсан хуучны цөөн спортын төрлийг шинэчилж, шинэ тутам хөгжиж буй, олон хүнийг идэвхитэй хамруулах спортын төрлүүдийг илүү хөгжүүлж “Нийтийн биеийн тамир” гэдэг ойлголтыг халж дэлхийн чиг хандлагын дагуу “Олон нийтийн спорт” болгон хөгжүүлэх боломж шинэ хуулиар бүрдээд байна.

Мөн спорт холбоодын тухай бүтэн  зүйл болон бие даасан заалтууд орсон нь спорт холбоод нь байгууллага /институт/ болон төлөвшихөд ихээхэн дэмжлэг болно гэж үзэж байна. Тодруулбал “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв”-ийг байгуулж салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх тууштай бодлого боловсруулан, Үндэсний шигшээ багуудыг тухайн спортын мэргэжлийн холбоодын шууд харьяанд байгуулж, хяналт, үнэлгээг дээрх төвүүд хариуцах хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир спортын газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж