Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид түгээлтийн машинуудыг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тогтоол баталсан. Өнгөрсөн тавдугаар сарын 23-нд гаргасан уг захирамж ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих тул Монголын хүнсчдийн холбооноос өнөөдөр /2018.10617/ мэдээлэл хийв.
Тус холбооны зүгээс болон хүнсний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, компаниудын төлөөллүүд шинээр баталсан тогтоолыг мөрдөж хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийллээ. Учир нь цаг агаар, улирлын онцлог, түгээлтийн ажилтнуудын ажлын нөхцөл байдал, цалин хангамж бусад зүйлээс шалтгаалан хэрэглэгчдийн гарт хүрэх хүнсний бүтээгдэхүүн шинээрээ очиж чадахгүйд хүрнэ гэдгийг онцолсон. Энэ бүх хүчин зүйлсээс шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж болзошгүйг сануулсан юм.
Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Бид нийслэлийн удирдлага, холбогдох шатны хүмүүст ажлын бус цагаар түгээлт хийе гэсэн санал тавьсан боловч хариу өгөөгүй. Борлуулагчид шөнийн цагаар түгээлт хийх ямар ч боломжгүй. Энэ тогтоол хэрэгжиж эхэлбэл нэмэлт зардлын мөнгө иргэдийн халааснаас гарах төдийгүй, шинэ бүтээгдэхүүн хэрэглэх боломжгүйд хүрнэ. Хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг томоохон таван компани шинээр батлагдсан тогтоолтой холбогдуулан судалгаа хийхэд автомашины тоог нэмэгдүүлэх, борлуулагчийн цалин хөлс зэргийг нэмэх зэрэг 23 тэрбумын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа юм”
Сүү ХХК-ны борлуулалтын албаны дарга Б.Батхишиг “Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хадгалалт түгээлтийн нарийн горим шаардагддаг. Энэ бүтээгдэхүүнийг өглөө бүр хэрэглэгчийн гарт шинээр хүргэхийг зорьдог. Бид Улаанбаатар хотыг тойрсон 2500 малчин өрхөөс өдрийн цагаар сүүгээ хүлээж авдаг. Үйлдвэрт орой нь ирсэн сүүгээ шөнө боловсруулж савлан өглөө нь хэрэглэгчийн гарт хүргэдэг. Гэтэл ажлын найман цаг ухрааснаар сүүн бүтээгдэхүүнээ цагт нь хүргэж чадахгүй болно” гэсэн тайлбар өгч байв.
Улаанбаатар хотод өдөр бүр замын хөдөлгөөнд оролцож буй машины 77 хувийг суудлын автомашин эзэлдэг байна. Үүнээс ачааны автомашин 18 хувийг эзэлдэг аж. Эдгээрээс зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцдог 2300 түгээлтийн ачааны автомашин байдгийн 880 нь түгээлтийнх юм байна.
Б.Дэлгэрцэцэг
Холбоотой мэдээ