Тендерчид хүүхдийн хоолноос хумсалдгаа зогсоо

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Тендерчид хүүхдийн хоолноос хумсалдгаа зогсоо

Тендерчид хүүхдийн хоолноос хумсалдгаа зогсоо

Монгол Улс 2006 оноос "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд 12 жил болж байна. Нэгэн үе “Үдийн цай” хөтөлбөр сургуулийн захирал, Засаг дарга нарын бизнес байсан бол одоо толгойтой бүхний мөнгө унагахаар довтолдог бизнес болж хувирчээ.

Төсөвт суулгаж ирсэн хөрөнгөөр бол өдөрт нэг хүүхдэд 600 төгрөгт тааруулж үдийн цай өгөх ёстой. Үнэндээ бол гол харламаар бага мөнгө. Ийм мөнгөөр Улаанбаатар хотын хоолны газраас нэг ширхэг хуушуур ч авч идэх боломжгүй. Гэвч олны олон нийлэхээр 600 төгрөгт багтаан чанартай үдийн цай өгөх боломжтойг хөдөөгийн сургуулиуд нотолсон жишээ олон бий. Дотуур байрны гал тогоогоо түшиглээд үдийн цай бэлтгэхэд 1-5 дугаар ангийн бүх сурагчдад халуун хоол, цай, аарц, сүү өгдөг байжээ. Харин “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгчийг тендер зарлан сонгох болсноос хойш хоолных нь орц, хэмжээ нь багасаж, чанар нь муудсаар эцэстээ хотынхны нэгэн адил печень, үзэмний шүүс болж хувирсан байдаг.  Юун тос даасан аарц, сүү уух. Хааяадаа халуун аарц, сүүгээр дайлбал их юм.  Энэ бол “Үдийн цай” хөтөлбөрөөс ахиу ашиг унагахын тулд хоолных нь мөнгөнөөс хумсалдаг болсны л жишээ юм.

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн чанар ч эхний үеэ гүйцэхгүй болсныг эцэг, эхчүүд батлах болов уу.

Саяхан УИХ-аар 2019 оны төсөв хэлэлцэх үеэр Сангийн яамныхан хамгийн муу хүн чанаргүй хүмүүс болж хувирсан. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Үдийн цай” хөтөлбөрийн чанарыг сайжруулахын тулд нэг хүүхдэд ногдож байгаа 600 төгрөгийг 1200 болгох хүсэлт тавьсан юм байна. Харин Сангийн яам зөвшөөрөөгүй.  Зөв шүү дээ.

Хүүхдийн хоолноос хумсалдаг муухай аргыг нь таслан зогсоогоогүй цагт төсвийг нь нэмлээ ч хоолны чанар сайжрахгүй. Цоорхой саванд ус хийхтэй л адил төсвийн хөрөнгө “урсдагаараа” урсана. Төсвийн мөнгө “Ёооё” гэж орилох ч биш.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 820 сургууль байна. 2018-2019 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангид 234 мянга гаруй сурагчид сурч байгаа бөгөөд 2019 оны төсөвт нэг хүүхдэд 600 төгрөг ногдохоор бодож, 34.2 тэрбум төгрөг суулгажээ.

Хэдийгээр хүүхдийнхээ хоолны төсөвт гар татсан нь муухай харагдаж болох ч 32.4 тэрбум төгрөг бага мөнгө биш. Хэрэв энэ мөнгийг хоёр дахин нэмэгдүүлбэл 70 тэрбум төгрөг рүү дөхсөн зардал “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд төсвөөс жил бүр гарна гэсэн үг.

Тэгэхээр Боловсролын сайд аа, эхлээд “Үдийн цай” хөтөлбөрийг хүүхдэд яаж чанартайгаар хүргэх боломж байна вэ гэдэг шийдлээ гарга. Давхар шалгалтаа хий. Тендерт шалгарсан компаниуд хэр хэмжээний ашиг унагаж байна вэ гэдгийг нарийвчлан тогтоо.

Эцсийн эцэст ашиг өгдөггүй бизнес рүү амь тавин зүтгэдэг хүн хаана ч байдаггүй юм шүү дээ.  УИХ-ын гишүүдийн яриад байгаачлан хэрвээ наад 600 төгрөг ашиг өгдөггүй байсан бол “Үдийн цай” хөтөлбөрийн тендерт оролцох аж ахуйн нэгж олдохгүй байсан. Гэтэл тендерт ялахын тулд хэдэн зуугаараа өрсөлдөж байна шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж