Явган хүний зам, гарц хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа зөрчлийг арилгах зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд газар албадан чөлөөлөх ажлыг хийж буй. Нийслэлийн газрын албанаас өчигдөр “Туушин” зочид буудлын үүдний хэсэг болон "Өргөө" амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашааг албадан чөлөөлсөн. Тэгвэл газар чөлөөлөлт, явган зам талбай чөлөөлж байгаа ажлын талаар нийслэлийн Газрын албанаас өнөөдөр /2018.10.17 / мэдээлэл хийлээ.
ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛӨХДӨӨ ХУВИЙН ЭЗЭМШИЛ ГАЗАРТ ХАЛДААГҮЙ
“Дэлхийн томоохон хотууд авто замын түгжрэл, дэд бүтцийнхээ чиглэлээр томоохон зам , гүүр, давхар зам , нүхэн гарцууд барих гээд ажлуудыг хийдэг. Харин Монгол Улсын хувьд тодорхой хэмжээнд авто замын ажлууд хийгдээд явж байна. Гэсэн хэдий ч нийслэл хотод явган хүний зам талбайг нэмэгдүүлж , явган хүн алхах таатай орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Дан ганц авто машины зам ярих биш иргэддээ амар тайван алхах орчныг бүрдүүлэх нь түгжрэлийн эсрэг хийх томоохон ажлуудын нэг юм. Улаанбаатар хотын явган хүний зам талбайг ирэх хоёр жилийн хугацаанд 3-5 дахин нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Явган хүний зам талбайг чөлөөлөхөд хувийн эзэмшил газар руу халдаагүй" гэж Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ тайлбарлалаа.
"Хүний хувийн өмчийг хүчээр буулгаад байгаа асуудал огт биш. Манай зарим иргэн аж ахуй нэгж байгууллагууд өөрсдөө кадастрын зургаа хэтрүүлж явган хүний зам руу сунгаж барилга барьсан учраас хашаа хайсаа буулгаж байгаа. Үнэхээр буулгаж өгөхгүй удаа дараагийн шаардлагыг биелүүлэхгүй байгаа газрыг албадан чөлөөлж байна. Энэ ажлыг иргэдийн зүгээс ихээр дэмжиж идэвхтэй оролцож байгаа. Иргэд Ulaanbaatar.mn веб хуудсаар болон иргэдэд үйлчлэх дөрвөн төв, цахим хуудсаар дамжуулан хаана явган хүний зам талбай хэрэгцээтэй байна, хаана явган хүний зам талбайг хааж барилга барьсан талаарх мэдээллийг ирүүлэх боломжтой. Ирэх хавраас эхлэн энэ ажлыг улам өргөжүүлнэ” гэв.
Сургууль, цэцэрлэг барих газрыг мөн чөлөөлж байгаа. Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун мэдээлэл өглөө.
ГАЗРЫГ АЛБАДАН ЧӨЛӨӨЛСӨН ЗАРДЛЫГ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭН ГАРГУУЛНА
Тэрбээр “Явган хүний зам талбайг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/809 дугаар захирамжийн дагуу явган хүний зам, талбайг чөлөөлөх ажлыг хийж байна. Зөрчлийн тухай хууль болон захиргааны хуулийн хүрээнд кадастрын зургаас илүү гаргаж барьсан зөрчлийг арилгах хугацаатай мэдэгдэл компаниудад хүргүүлж байгаа. Заасан хугацаанд шаардлага биелүүлээгүй аж ахуй нэгж байгууллагыг албадан чөлөөлнө. Газар албадан чөлөөлөхөд тодорхой хэмжээний зардал гарна. Газрын тухай хуулийн 57.4-т зааснаар “ Заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээг авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан. Тиймээс газар албадан чөлөөлсөн зардлыг шүүхэд нэхэмжлэн гаргуулна.
Явган хүний зам талбайг чөлөөлсөн газруудын талаарх мэдээлэл хүргэе.
- Сүхбаатар дүүрэгт "Туушин" зочид буудлын явган хүний зам хааж барьсан шат,
- "Авзага" ХХК-ийн явган хүний зам дээр барьсан хашаа,
- Чойжин ламын сүм музейн барилга болон хашаа,
- Өргөө амаржих газар орчмын явган хүний замд тулгаж барьсан хашаа,
- Өгөөж ХХК-ийн урд барьсан хашаа зэрэг нийт таван байршил,
- Баянзүрх дүүрэгт Натур худалдааны төвөөс нарны зам руу холбогдох зам дагуу явган хүний замд тулгаж барьсан зургаан хашаа,
- Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд явган хүний зам дээр байрлуулсан зөөврийн граж зэргийг чөлөөлөөд байна.
ИРЭХ ЖИЛ 10 СУРГУУЛЬ, 22 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО
Сэлбэ болон Баянхошуу дэд төвүүд авто зам, замын байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорооны цогцолбор барих нийт 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га талбайд газар чөлөөлөх ажлыг хийж дуусах шатандаа оржээ. Өнөөдрийн байдлаар нийт газар чөлөөлөх ажил 94 хувьтай байгаа гэнэ. Мөн 2018 оны төсвийн тухай хуулиар барилга барих хөрөнгө батлагдсан нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 39 байршилд сургууль цэцэрлэг барихаар төлөвлөн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гурван сургууль, гурван цэцэрлэг, Баянгол дүүрэгт нэг сургууль, гурван цэцэрлэг, Сүхбаатар дүүрэгт нэг сургууль, дөрвөн цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэгт таван сургууль, 11 цэцэрлэг гэхчлэн нийт арван сургууль, 22 цэцэрлэг барих талбайг чөлөөлжээ. Дээрх 39 сургууль, цэцэрлэг барих барилгын ажил ирэх жил ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байна.
Авто замын байгууламжийн тухайд нийслэлийн 2018 оны төсөвт тусгагдсан болон улс хоорондын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 37 байршилд авто зам, гүүрэн байгууламж, явган хүний замын зориулалтаар газар чөлөөлж байгаа. Үүнд газар чөлөөлт бүрэн дууссан нь 26, энэ жил хэрэгжихгүй учраас газар чөлөөлөлт хийгдээгүй ес, дуусах шатандаа орсон хоёр газар байна. Үлдсэн арван нэгж талбарт иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байгаа" гэлээ.
Э.БУРАМ