Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой

Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ам.долларын ханш чангарч байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа нь бүх хүний анхааралд байна. Энэ асуудалд дуугарч байгаа хүн алга. Энэ үзэгдлийг байх ёстой мэтээр Монголбанкны зүгээс тайлбарлаж энэ хэрээр олон нийтэд буруу ойлголт өгч байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.  2018 оны аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн графиктай байгаа. Гэтэл үүнийг Монголбанк тайлбарлахдаа он гарсаар төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5,6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэж байна. Мөн Аргентин болон Турк улсуудтай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж байгаа. Эдгээр улстай харьцуулж өөрсдийгөө өмгөөлж хамгаалж байгаа явдлыг би хувьдаа буруутгаж байна. Аргентин улс эдийн засгийн гүн хямралтай байгаа. Он гарсаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэг нь 100 хувь суларч гадаад өр нь 254 тэрбум ам.доллар. Турк ч гэсэн мөн адил үндэсний мөнгөн тэмдэгт нь унасан. Тус улсын гадаад өр 467 тэрбум  ам.доллар байгаа. Тэнд дайн болж байна.  Ийм эдийн засгийн доройтолд орсон хоёр улстай харьцуулалт хийж хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж уг хууль нэлээд зүтгүүлж лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй , хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна. Эцэст нь бизнес эрхлэгчид, иргэд хохирдог учраас  миний бие  УИХ-ын чуулганаар тус хуулийг батлах үеэр Монголбанкийг төгрөгийн ханшийг хариуцдаг, үнийн инфляцийг ч хариуцдаг болгохоор зохицуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад орших юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш монгол төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 25 хувиар суларсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна” гэлээ.

Мөн тэрбээр цааш хэлэхдээ “Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж батлах гэж байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт Монгол банкнаас хүлээн авалт зохион байгуулсан. Иймэрхүү үйл ажиллагааг байнга эсэргүүцэж ярьдаг. Эдийн засгийн байнгын хорооны тодорхой зарим гишүүд очиж болно. Эдийн засгийн байнгын хорооны 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй. Төв банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлагдах шатанд удаа дараа ийм хүлээн авалт, нөлөөлөх үйл ажиллагааг хийсэн. Батлагдсаны дараа талархал гэж мөн хүлээж авч байсан. Тэр үед нь би “Энэ арга хэмжээгээ боль” гэж хэлж байсан. Удаа дараа хэлж байхад энэ ажлаа зогсоохгүй байна. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил. Үүний улмаас Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монгол банкны Ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монгол банкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилогдсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж буйгийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд бүгд ашиг, сонирхлын зөрчилтэй батлагддаг болсон. Түүнийг засч, засруулах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байна. Тэр бүрт бид амжилтад хүрч чадахгүй байна. Монголбанкны алдагдалтай байгаа гэсэн. Гэвч яг хэдийн алдагдалтай байгаагаа тодорхой болгох ёстой. Монголбанкинд хийсэн шалгалтын дараа тавьсан шаардлагууд, УИХ-ын тогтоолыг биелүүлэхэд яаж ажиллаж байгаа юм, үйл ажиллагаа нь олон нийтэд ил байгаа юу, шилэн дансандаа хөрөнгө мөнгөө тусгаж байгаа эсэх төрийн нууцад хуулиараа хамаарахгүй асуудлыг нууцад оруулан хаан далдалж байгаа асуудлаа яаж цэгцэлсэн юм гэдгийг шийдэх ёстой. Энэ бүгдийгээ ур чадвартайгаар шийдээд байвал цомхон эдийн засагтай улсад төгрөгийн тогтвортой байдлаа хянаад байж чадна. Гаднаас орох валютын урсгал сайн байгаа. Уул, уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нь өсөлттэй байгаа. Төлбөрийн тэнцэл хэвийн буюу 92 сая долларын алдагдалтай явж байна. Чингис бонд, Дим Сам бонд гэх мэт томоохон өрийг дарахтай холбоотойгоор энэ алдагдал гарч байгаа бол харьцангуй тогтвортой байна. Төсвийн алдагдал 2016 онд 19-20 хувь байсан бол энэ онд таван хувьд барихаар ажиллаж байна. Төсөв дээр анхаарах ёстой зарим зүйл заалтуудаа ажлын хэсэгт ярьж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-19 гишүүний хэд нь Монгол банкны лоббид автсан юм бол?

-Хэд, хэдэн хүлээн авалтад нь би очоогүй учраас хэн нь очсон хэдэн гишүүн уригдсан талаарх мэдээлэл алга.

-2019 онд долларын ханшийг нэлээн өндөр үнээр төсөөлсөн байна. Н.Баярсайхан гэдэг хүнийг огцруулснаар долларын ханш буух уу?

-Ам долларын ханшийг тогтвортой барих боломжтой. Төсөв орлогоо давуулан биелүүлж байна. Төсөвт тодотгол хийж дахин хэрэггүй зүйлд давуулан хэрэглэдэг байсан бол одоо тэгэхээ больсон. Долларын ханшийг барих ажлыг огт хийхгүй байна. Тэгэхээр Н.Баяртсайхантай хариуцлагын асуудлыг ярих ёстой. Энэ хүн ажлаа чадна гэж авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж