Өмнөд Солонгос улс паспортныхоо загварыг өөрчлөн 2020 оноос шинийг нэвтрүүлэхээр болжээ. Тус улсын Гадаад хэргийн яамнаас өнгөрсөн Даваа гаригт /2018.10.15/хоёр төрлийн паспортны загварыг цахим хуудсандаа тавьж иргэдээс санал асуулга авчээ. Хоёр загвар хоёулаа хөх өнгөтэй бөгөөд эхнийх нь Өмнөд Солонгосын үндэсний цэцэг болох Шароны сарнайн зургийг буулгасан бол хоёр дахь нь ямар нэгэн зураг, бэлгэдэлгүй цулгуй байхаар шийджээ. Одоогийн хар ногоон өнгийн паспортыг тус улс 32 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн билээ. Санал асуулгад оролцсон иргэдийн ихэнх нь хөх өнгө бол Хойд Солонгосын ардчилсан намын бэлгэ тэмдэг учраас тохиромжгүй өнгө гэж үзжээ. Зарим хүмүүс хоёр Солонгос улс эргэн нэгдэхийн дохио гэж үзсэн байна. Гадаад хэргийн сайдын хэлснээр уг загварууд нь 2007 онд улсаас зохион байгуулсан паспортны загварын тэмцээнд түрүүлсэн бүтээлүүд юм байна. Сөүлийн их сургуулийн Дүрслэх урлагийн тэнхимийн профессор Ким Со Жун, график дизайнер Ан Сан Со нар тус тэмцээнд түрүүлсэн ба хоёр уран бүтээлч хоёулаа хөх өнгийг сонгосон нь энэ ажээ. Олон улсын стандартын дагуу улаан, хөх, ногоон, хар гэсэн дөрвөн өнгийг зөвшөөрдөг. Улаан өнгийг Европын орнууд болон Хятад гэх мэт зарим коммунист орнууд ашигладаг бол ногоон өнгө нь Исламын шашны бэлгэ тэмдэг учир Исламын шашинтай орнууд хэрэглэдэг. Харин хөх өнгө бол АНУ, Канад Хойд Солонгос, Аргентин гэх мэт 78 оронд хэрэглэгддэг хамгийн түгээмэл өнгө юм. Хар өнгийг сонгосон улс тун ховор байдаг байна.
Эх сурвалж: koreatimes.com