Эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Унгарын Будапешт хотод энэ сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын түрүүч Будапештийг зориод байна.
Энэ удаагийн чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар багтсан.
Тамирчдаас “Лондон 2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хоёр алт, нэг мөнгөн медальт С.Батцэцэг, “Рио 2016” олимпийн наадмын шагналт V байрын эзэн, ДАШТ-ий хошой хүрэл медальт Г.Мандахнаран, ДАШТ-ий хошой хүрэл медаль, “Жакарта 2018” Азийн наадмын аварга Э.Бэхбаяр нарын тэргүүтэй 20 тамирчин барилдах юм. Эдгээр тамирчдаас ДАШТ-д хамгийн олон удаа буюу 10 дахь удаагаа зодоглох тамирчин бол Гавьяат тамирчин О.Насанбурмаа бөгөөд тэрбээр 2006 оноос эхлэн барилдаж эхэлжээ. Мөн анх удаагаа дэлхийн дэвжээнд барилдах таван тамирчин багтсан байна.
Чөлөөт бөхийн ДАШТ-д өрсөлдөх тамирчдын нэрс өнгөрөгч наймдугаар сард сонгон шалгаруулалтын тэмцээнээр эцэслэн тодорсон билээ. Гэвч “Жакарта 2018” Азийн наадамд түрүүлсэн П.Орхоноос допинг илэрсэн учир эмэгтэй багийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт орж, нэмэлтээр хоёр тамирчин Унгарыг зорих болсон. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад эрхээ авч чадаагүй хоёр тамирчин багтсан нь багагүй шүүмжлэлд өртсөн ч энэ талаар албаныхан ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Хэдийгээр ДАШТ-ий бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон ч баг тамирчид багагүй хугацаанд бэлтгэлээ эрчимжүүлж Унгарыг зорилоо.
Чөлөөт бөхийн ДАШТ ирэх бямба гаригт (2018.10.20) эрэгтэй 61, 74, 86, 125 кг-ын жингийн барилдаанаар эхлэх хуваарьтай байна. Харин тэмцээний нээлтийн ажиллагаа ням гаригт болж, эрэгтэй жингүүдийн ангилалаар үргэлжлэн явагдана.
“БУДАПЕШТ-2018”: ЧӨЛӨӨТ БӨХ-ДАШТ
ЭРЭГТЭЙ:
- 57 кг- Э.Бэхбаяр
- 61 кг- Т.Түвшинтулга
- 65 кг- Т.Тулга
- 70 кг – Б.Бямбадорж
- 74 кг- Г.Мандахнаран
- 79 кг- П.Өнөрбат
- 86 кг- О.Үйтүмэн
- 92 кг- Л.Төртогтох
- 97 кг: Ө.Батзул
- 125 кг- Н.Золбоо
ЭМЭГТЭЙ:
- 50 кг- Э.Нарангэрэл
- 53 кг- Э.Сумъяа
- 55 кг- Э.Даваачимэг
- 57 кг- А.Батцэцэг
- 59 кг- Б.Шоовдор
- 62 кг- Э. Гантуяа
- 65 кг- Х.Болортуяа
- 68 кг- С. Батцэцэг
- 72 кг- О.Насанбурмаа
- 76 кг- Г.Наранчимэг нар багтсан юм.
ДАШТ-ий шууд дамжуулалтыг https://unitedworldwrestling.org-с үзээрэй.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ