Монголд ажиллахаар ирсэн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчдийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр хүлээж авч уулзлаа. ОУХБ-ын Монгол Улс болон БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Тим Дэ Мэйэрээр ахлуулсан төлөөлөгчдөд Хөдөлмөрийн сайд улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар болон шинэ байгуулагдсан Засгийн газрын хөдөлмөрийн салбарт барьж ажиллах бодлого чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлт тийм сайнгүй байна. 2014 оны ажилгүйдлийн түвшин хараахан зарлагдаагүй байна. 2013 онд 6,4 хувьтай гарсан нь харьцангуй бага харагдаж байж болох ч бодит байдал дээр хамаагүй илүү байгаа. 2014 оны бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оныхоос 20 мянгаар нэмэгдсэн гэсэн үзүүлэлтийг Үндэсний статистикийн газраас саяхан танилцуулсан. Энэ нь нэг талаасаа ажилгүйдэл нэмэгдсэн, мөн бүртгэлд хамрагдаж ажил хайж буй иргэдийн тоо өсч байна гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан иргэдийн тоо өмнөх оноосоо хоёр дахин, тэтгэмжид өгсөн хөрөнгийн хэмжээ нь 2,5 дахин нэмэгдсэн байна билээ. Энэ бүхэн ажилгүйдэл нэмэгдэж байгааг харуулж буй юм. Хөдөлмөрийн биржид өнгөрсөн онд 90 мянган ажлын байрны захиалга ирсэн ч ердөө 50-хан хувьд ажиллах хүч зуучилсан. Хөдөлмөрийн биржээр дамжин ажилтай болсон иргэдийн 60 хувь нь түр ажлын байранд зуучлуулсан зэргээс үүдэн бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр ажлын байр бий болгох, ажилгүй иргэдийг ажилд зуучлахад чанарын ахиц гаргах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Манай яамны хувьд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомжууд болон хөдөлмөр эрхлэлтийн бодлогод өөрчлөлт оруулах ажлыг яаралтай хийх хэрэгтэй байгаа” хэмээн ярьсан юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дууссан бөгөөд энэ удаагийн өөрчлөлтийг хийх болсон шалтгаан болон Хөдөлмөрийн сайдын хувьд барьж ажиллах бодлого хуулийн төсөлтэй хэрхэн уялдаж буйг танилцууллаа.
ОУХБ-ын хувьд улс орнуудын зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийг боловсруулж өгдөг бөгөөд Монгол Улсынхыг хийж байгаа гэнэ. Үүний тулд манай улстай чухам ямар чиглэлээр яаж хамтран ажиллахаа тодорхойлох нь тэдний энэ удаагийн айлчлалын нэг том зорилго аж. Тэд Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ ОУХБ-ын зөвлөмжийг анхаарч илүү зах зээл рүүгээ харсан ялангуяа цалинг тогтоох, цалинг хамгаалах тал руу харсан байдлаар өөрчлөлтийг хийх ёстойг зөвлөсөн. Мөн цаашид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой асуудлууд дээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгалаа.
Г.НАРАН