Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Цэцийн 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.17) хуралдаан 11 цаг 17 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ.


Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцжээ. Мөн хуралдаанд Улсын дээд шүүхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч П.Золзаяа нар оролцсон байна.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээлд шүүхээс ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд  Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн  хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2  дахь хэсгийн “… шударга ёс, … тэгш байдал … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “… эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах … эрхтэй. …” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзсэн байна.

Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Тавьдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй.” гэж заасныг зөрчөөгүй байна гэж дүгнэжээ.

Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэснийг; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. …” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үззж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЖ АЖИЛЛУУЛАХААР БОЛОВ

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж дэмжив.

Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн.

Иймээс уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж