Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүний шошгыг өөрчлөн борлуулж байсан гэх асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2018.10.17/ мэдээлэл хийлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт аравдугаар сарын 4-нд иргэнээс гомдол иржээ. Гомдлын дагуу улсын ахлах байцаагчид “Ханара” минимаркетад шалгалт хийжээ. Шалгалтаар дотоод хяналтын журам мөрдөөгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу нэг сая төгрөгийн шийтгэвэр тогтоосон.
Харин энэ сарын 15-нд гомдол гаргасан иргэн дахин мэдээлэл өгсөн байна. Ингээд мэдээллийн улсын байцаагчид тус компанийн агуулах болон минимаркетад шалгалт хийжээ. Шалгалтаар БНСУ-аас оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдөр буюу хугацааг засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогджээ. Ингээд илэрсэн зөрчлийн дагуу 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилжээ. Мөн хаяг шошгын зөрчилтэй 40 нэр төрлийн 11 сая 648 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжилсэн байна. Үүнээс гадна хугацаа нь дуусаагүй ч хилээр хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй 29 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч, ургамлын эрүүл ахуй, хими, хор судлал, хүнд металлын шинжилгээнд хамруулахаар болжээ.
Дээрх бүтээгдэхүүн нь мэргэжлийн хяналтын газарт мэдэгдээгүй, гаалийн бүрдүүлэлт хийгээгүй, улсын байцаагчдад шалгуулаагүй, хилээр хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй байгаа тул хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.
Түүнчлэн “Ханара” минимаркетаас хоол үйлдвэрлэлийн 14 газарт нийлүүлсэн хоол амтлагч, хүнсний бүтээгдэхүүнийг татан авах мэдэгдэл хүргүүлээд байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Ханара” компани нь энэ онд БНСУ-аас дөрвөн удаа таталт хийжээ. Эхний удаад 24 нэр төрлийн 20.3 тонн бүтээгдэхүүн хилээр оруулж ирсэн байна. Дараа нь 27 нэр төрлийн 19.9 тонн бүтээгдэхүүн, 31 нэр төрлийн 21.3 тонн бүтээгдэхүүн, 24 нэр төрлийн 19.7 тонн бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Ингээд тооцвол “Ханара” нь 106 нэр төрлийн 81.2 тонн бүтээгдэхүүнийг гааль болон мэргэжлийн хяналтын газарт шалгуулж оруулж иржээ. Эдгээр бүтээгдэхүүнд хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн байхгүй. Тиймээс “Ханара” нь зөрчилтэй бүтээгдэхүүнийг аль хилийн боомтоор яаж оруулж ирснийг тогтоохоор хуулийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Зөрчилтэй холбоотойгоор “Ханара” минимаркетийн үйл ажиллагааг түр зогсоосон. Мөн Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах агуулахын үйл ажиллагааг нь зогсоосон” гэлээ.
Хуулийн дагуу мэргэжлийн хяналтын газар нь тухайн жилийн ажиллах төлөвлөгөөг өмнөх жил нь гаргаж, төлөвлөгөөнд багтсан аж ахуйн нэгжүүдэд урьдчилан мэдэгддэг ажээ. Энэ нь хуулийн цоорхой болж, аж ахуйн нэгжүүд шалгалт дууссаны дараа хуурамч бүтээгдэхүүн борлуулах сэжим болдог байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэдээс гомдол ирээгүй тохиолдолд мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ямар нэгэн байгууллагад шууд орон шалгалт хийх боломжгүй байдаг ажээ. Тиймээс хуурамч бүтээгдэхүүн борлуулж байж болзошгүй тохиолдол илэрвэл иргэн даруй мэргэжлийн хяналтын байгууллагад хандан өргөдөл, гомдол гаргах шаардлагатай юм.
Холбоотой мэдээ