Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Түгжрэл ба “school bus”

Түгжрэл ба “school bus”

Гадаа хүйтний эрч чангарч байна. Үүнийг дагаад хальтиргаа гулгаа ихтэй энэ үед замын түгжрэл улам нэмэгдэх нь тодорхой. Мөн сургуулийн сурагчид буудал дээр автобус хүлээж хэр удаан хацраа улайлган зогсох бол. Бид түгжрэлийн эсрэг, гарц хайж цуврал нийтлэлүүдийг хүргэж байгаа. Өмнөх дугаартаа такси үйлчилгээ болон нийтийн тээврийн тухай хөндсөн бол энэ удаа сургуулийн автобус. Сургууль бүхэн автобустай байх нь түгжрэл буурахад чухал нөлөөтэй. Учир нь өглөө бүр 07:00-08:00 цагийн хооронд замын ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь ажилдаа яарсан хүмүүсээс гадна хувийн унаа­гаараа хүүхдээ сур­гууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр яарсан эцэг эхчүүдийн урт цуваа. 30 хүүхэдтэй ангийн хүүхдүүд хичээлдээ ирэхийн тулд 30 машин хөлөглөнө. Энэ нь түгжрэлийг улам нэмэг­дүүлж, ачаалал үүсгэж байна. Үүний оронд 30 суу­далтай нэг автобус хүүх­дүүдийг гэрээс нь авчихдаг бол түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм.

СҮХБААТАР ДҮҮРЭГ ХАМГИЙН ОЛОН ХҮҮХДИЙН АВТОБУСТАЙ

2017-2018 оны хичээлийн жилд долоон дүүргийн төрийн өмчийн 27, хувийн өмчийн 23, нийт 50 сургуулийн 121 автобус давхардсан тоо­гоор 5.376 хүүхэд зөөж байгаа юм байна. Баянзүрх дүүргийн 13 сургууль нийт 21, Баянгол дүүрэгт долоон сургууль 10 автобустай. Харин Сонгино­хайрхан дүүрэг гурван сургуулийн гурван автобустай. Сүхбаабар дүүрэг 12 сургуулийн 30 автобустай бол Чингэлтэй дүүрэг нэг автобустай. Харин Хан-Уул дүүрэг 13, Налайх гурав, Багахангай дүүрэг нэг автобустай юм байна. Үүнээс харахад хотын төв хэсэгт байрлах сургуулиуд хамгийн их автобустай байна. Харин хүн амын суурьшил ихтэй Сонгинохайрахн дүүрэг хамгийн бага автобустай аж. Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар сургуулийн сурагт Г.Баярмагнай “Манай гэр сургуулиас таван буудлын цаана байдаг. Өвлийн улиралд өглөө 07:00 цагт гэрээсээ гарахад таг харанхуй байдаг.  Харанхуй гудамжаар алхсаар 07:20 гэхэд автобусны буудал дээр ирдэг. Хааяа автобус ирэхгүй удаан хүлээнэ. Хичээ­лээсээ хоцорно. Мөн орой давтлагаа тараад гэртээ харихад гу­дамжны гэрэлтүүлэг муутайгаас болж нохой дайрах, хальтирч унах асуудал их гардаг” гэв. Баянзүрх дүүргийн иргэн Б.Оюунтуул “Манайх Баянзүрхийн товчоонд байдаг.  Манай хүүхдүүд Улиастайн 87 дугаар сургуульд сурдаг. Үүнээс ойр сургууль байхгүй. Өглөө, оройдоо их даар­чих­сан ирдэг. Би хааяа такси бариад ир гэж мөнгө өгдөг юм. Гэхдээ байнга өгөөд байж чадахгүй. Хэрэв хүүхдийн автобустай бол­чихвол хөлсийг нь өгөөд байж болно. Ядахдаа л цаг орой болчихлоо. Хүүхдүүд минь яагаад ирэхгүй байна гэж санаа зовохгүй ажлаа хийнэ. Гадуур хүүхэд алга боллоо л гэх юм. Хоёр хүүхдээ жаахан оройтоход элдвийн юм бодогдоно. Хэрэв нэгдсэн журмаар автобустай болчихвол олон эцэг эхийн санаа амар болно” гэсэн юм.

ЗАХЫН ХОРООЛЛЫН СУРГУУЛИУДЫГ АВТОБУСТАЙ БОЛГОЁ

Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлээс хоёр сургуульд хүүхдийн автобус өгчээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад тулгамдаж буй асуудал бол тээврийн асуудал. Өнгөрсөн оны нийслэлийн төсөвт хүүхдийн автобусанд 400 сая төгрөг төсөвлөсөн. Өнөөдөр эхний хоёр автобус бэлэн болж, хүлээлгэн өгч байна.

Энэ жил мөн 400 саяыг төсөвлөсөн. Энэ мөнгөөр дахин гурван сургуулийг автобустай болгоно” гэж онцолсон юм. “Эколог бус” компанид үйлдвэрлэсэн хоёр автобусыг Хан-Уул дүүргийн 59 дүгээр сургууль, Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд олгосон юм. 59 дүгээр сургуулийн сурагч А.Ариунзаяа “Манай сургууль автобустай болсонд баяртай байна. Манайх малтай учир Өлзийтэд байдаг. Өмнө нь сургуульдаа ирэхдээ өглөө эрт гараад байнга алхаж эсвэл ааваар хүргүүлдэг байсан. Харин одоо гэрийнхээ ойролцоогоос автобусандаа суудаг болсон. Манай ангиас хол гэртэй таван хүүхэд сургуулийн автобусаар үйлчлүүлж байгаа. Бид даарахгүй, орой айхгүй явдаг болсон” гэв.

Сонгинохайрхан дүүр­гийн иргэн Б.Баярсүрэн “Би төрөөд гурван сар болж байна. Уг нь гэртээ хүүхдээ хараад суух учиртай. Даанч өглөө бүр 12 дугаар сургууль руу хувийн унаагаар хүүхдээ зөөж байна. Нөхөр ажилтай учир амжихгүй. Тиймээс өлгийтэй хүүхдээ урд суудалдаа хэвтүүлээд том хүүхдээрээ түшүүлээд л явдаг. Гэрээс гараад түгжрэлд зогсоно. Энэ үед хүүхэд минь уйлна гээд бэрхшээл их. Тэглээ гээд хүүхдээ ганцааранг нь явуулалтай биш. Хэрэв сургууль нь автобустай бол би машинаар хүргэж өгөх шаардлага алга. Тиймээс захын хорооллын сургуулиудыг автобустай болгож өгөөч гэх хэлмээр байна” гэсэн юм. Эцэг эх, хүүхдүүдийн ярианаас сонсоход хүүхдийн автобус ус, агаар мэт хэрэгтэй байгааг ойлгож болно. Ядаж л хүүхдүүд даарахгүй гэртээ, сургуульдаа очно гэдэг эх орныхоо хөгжилд оруулах том хувь нэмэр билээ.

ХҮҮХДИЙН АВТОБУС ТҮГЖРЭЛД НӨЛӨӨЛӨХӨӨС ГАДНА АЮУЛГҮЙ БАЙДАЛД ТУСТАЙ

Сургууль бүр хүүхдийн автобустай болсноор түгжрэл буурахаас гадна хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах боломжтой юм. Хүүхдүүд хичээлдээ яваад гэртээ ирэлгүй ор сураггүй алга болдог тохиолдол өнөөдөр хэвийн үзэгдэл мэт болсон. 2017 оны байдлаар зөвхөн нийслэл хотын хэмжээнд 1210 хүүхэд эрэн сурвалжлагдсан байна. Эдгээр дуудлагын ихэнх нь гэртээ очих цагтаа очоогүй, компьютер тоглоомын газар бүгсэн, найз нөхөдтэйгөө нийлж гадуур тэнэсэн, баяр ёслолын үеэр эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүд. Харин энэ оны эхээр улсын хэмжээнд 859 хүүхэд төөрснөөс 845 нь олдсон байна. 14 хүүхдийг эрэн сурвалжилж байна. Энэ бол сэтгэл эмзэглүүлэм тоо. Бидний ирээдүй болсон хүүхэд багачууд энэ мэт алга болсоор байх уу. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө газрын Хууль эрх зүйн хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Улсын хэмжээнд 18 нас хүртэлх нэг сая гаруй хүүхэд байдаг. Тэдний 800 мянга орчим нь нийслэлд амьдардаг. 3553 нь өнчин, 1019 нь асрамжийн газар амьдарч байна. Өнгөрсөн оны байдлаар 1700 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсноос 127 нь амь насаа алдсан байна. Үүний 50 хувь нь зам тээврийн осолд орсон” гэсэн мэдээллийг өгсөн юм. Хэрэв сургууль бүр хүүхдийн автобустай болчихвол бид хэдэн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аварч чадах вэ. Тиймээс сургууль бүрийг зориулалтын автобустай болгоё.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж