Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Азийн ажиллах хүчний хомсдол ба шийдэлгүй Монгол

Хаяа дэрлэсэн өмнөд хөрштэй цалингаар өрсөлдөх бядтай улс байхгүй болно

Дэлхийн хөгжлийн луужин болсон Азийн хүн ам хөгширч байна. Маш хурдтай. Хачирхалтай нь тэдний байр суурь хөдөлмөрийн зах зээл дээр нөлөөтэй хэвээр. Тэд улс орны хөгжлийн загвар, технологийн үсрэнгүй хөгжилтэй эн тэнцүү түвшинд дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг зураглаж буй НҮБ-ын дээвэр дор нэгдсэн мэргэжлийн байгууллага, зах зээлийн шинжээчид онцлох боллоо. Азийн өсөлт, хөгжлийн алтан үеийг цогцлоосон тэдний өдрөөс өдөрт томорч буй хоосон орон зайг нөхөх боловсон хүчний эрэлт ирээдүйд улам нэмэгдэнэ. Нөгөө талаар, тэднийг асарч тойглох эрүүл мэндийн ажилтнууд хамгийн өндөр эрэлттэй байх нь. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн хамгийн том гурван эдийн засгийн хоёрт нь ажиллаж, амьдрахад хамгийн таатай үе ирээд буйд баярлахаас аргагүй. Олон нийтийн сүлжээгээр Японд нөхцөл сайтай ажлын байранд, бүр тодорхой хэлбэл, автомашин үйлдвэрлэгч болон технологийн томоохон компаниудад үндсэн ажилтан авна гэсэн зар сүүлийн үед олширлоо.

Мэдээлэл технологийн болон цахилгааны, нарийн мэргэжлийн инженерүүдийг үндсэн ажилтнаар авч, гэр бүлтэй нь ажиллуулна гэсэн зар дадлагажигчийн ажлын байрныхаас олон болж буйг Японд ажиллах хүч зуучилдаг компанийн төлөөлөл онцлов. Үндсэн ажилтан болбол цалин өндөр, нийгмийн хангамж сайн, ажлын байр баталгаатай, оршин суух зөвшөөрөл найдвартай, цаашлаад ирээдүй нь гэрэлтэй гэсэн үг. Энэ бол Япон компаниудын боловсон хүчний төлөөх өрсөлдөөн хот, мужаас хальж бусад улс орон, бүс нутагт ширүүхэн өрнөж буйг харуулж байна. Харин өнгөрсөн 30 жилд тус улсад ур чадвартай дадлагажигч ажилтны нийт ажиллах хүчинд эзлэх хувь 15-37 хувь болж өссөн байх юм. Японы хүний нөөцийн мэргэжилтэн Тошиаки Мацумото “Япон компаниуд ажилчдаа хэзээ, хаана ажиллах тал дээр маш уян хатан болж байна” хэмээн Reuters агентлагт ярьжээ.

Тухайлбал, дөрөвдүгээр сард Toyota компани Токио хот дахь төв оффистоо ажилчдынхаа хаана ажиллах хүсэлтэй байгаа талаарх хариултыг нь 24 цагийн турш хүлээн авсан байна. Ажилчдаа зөвхөн цалин хангамжаар тогтоон барих нь хангалтгүй болж, байршил, ажлын цагийн уян хатан зохицуулалтад анхаарах болсон аж. Тус улсад энэ оны байдлаар нэг ажил горилогчид 1.62 ажлын байр ногдож, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт сүүлийн 44 жилд хамгийн дээд цэгтээ хүрснийг хэвлэлүүд онцолж байна. Цаашдаа ч ажиллах хүчний дутагдал улам тэлэх нь тодорхой байгаа нь өдгөө дэлхий дахинд Японы тухай хамгийн түгээмэл сэдэв болоод буй. Ердөө хоёр жилийн дараа бидний оршин буй Ази, Номхон далайн бүс нутагт ажиллах хүчний дутагдал 12.3 сая, 2030 онд 47 саяд хүрэх тооцоог удирдах түвшний ажилтнуудын оролцоотой хөдөлмөрийн зах зээлийн төлөвийг судалдаг Korn Ferry төв хийжээ. Эрэлт нь нийлүүлэлтээсээ 16 хувиар давснаар цалингийн хэмжээг нэмэх нөхцөл бүрдэх аж.

Чадварлаг боловсон хүчнээ гадаадад олноор нь алдах эрсдэл ойрхон байна

Өөрөөр хэлбэл, 12 жилийн дараа дэлхий даяар 4.2 их наяд ам.долларын цалин хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангахад бэлэн эргэлдэж байх нь. Ажилчдад ийм мөнгө амлах өндөр магадлалтай нь санхүү, бизнес, эрүүл мэндийн салбар. Боловсон хүчний хомсдолоос болж санхүү, бизнесийн салбарт үүсэх алдагдал жилд дунджаар 439.6 тэрбум ам.доллараар хэмжигдэх тооцоо бий. Эдгээр салбарт нийт эрэлтийн 10 орчим хувь эргэлдэх төлөвтэй. Түүнчлэн технологи, медиа, харилцаа холбооны салбарт 4.3 сая ажилтны хомсдол үүснэ гэж тооцоолж байна. Үндсэндээ Хятадаас гадна Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур зэрэг улс Азид ажиллах хүчний гол эрэлтийг бий болгох аж. Тухайлбал, Малайзад 2030 он гэхэд ажиллах хүчний дутагдлаас болж бизнест 93.4 сая ам.долларын алдагдал хүлээх төлөв бий. Мөн Сингапурт ур чадвартай ажилтны хомсдол нэг саяд хүрэх бөгөөд энэ нь жилд 106.8 тэрбум ам.долларын орлого олох боломжоо алдах эрсдэл юм.

Одоогоор тул улсад хөдөлмөрийн зах зээлийн хомсдол 61 хувь давж буй аж. Харин эрүүл мэндийн салбарт 2030 он гэхэд эрэлт 18 саяд хүрэх бөгөөд зөвхөн Зүүн өмнөд Азид дөрөвний нэг нь ногдож байна. Үүний дотор Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг Номхон далайн баруун эргийн хүчирхэг эдийн засгуудад 1.4 сая ажилтан дутагдалтай байх нь. Гэхдээ энэ бол хамгийн багаар тооцсон үзүүлэлт. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцоогоор 1000 хүн тутамд ногдох эмч, сувилагчийн тоо Хятадад 3.9, Японд найм, Өмнөд Солонгост 7.8 шаардлагатай аж. Хэдийгээр Азид технологийн хөгжлийн ачаар эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж байгаа ч ур чадвартай ажилтнуудын нийлүүлэлт хүн амын өсөн нэмэгдэж буй хөгшрөлтийн хурд, төрөлтийн эрчтэй сааралтыг гүйцэхгүй байна. Тиймээс ч эрүүл мэндийн салбарт хүний нөөц татах замаар дээрх тулгамдсан асуудлаа шийдэх бодлого баримталж буйг Forbes онцолсон юм. Ялангуяа, хаяа дэрлэсэн өмнөд хөршийг ирээдүйд цалингаар гүйцэх зах зээл үгүй аж.

Шинжлэх ухаан, технологийн салбартаа Нобелийн шагналтнуудыг мөнгөөр “зодож” татаж буй тус улс 2030 он гэхэд АНУ, Японы дараа хамгийн өндөр цалин хангамжтай улс болно гэдгийг Korn Ferry төвийн бизнесийн удирдах албан тушаалтнуудын санал асуулга харуулж буй аж. ОУВС ч Хятадын хэт давуу байдал болох хямд ажиллах хүчний нийлүүлэлт 2025 он гэхэд үндсэндээ төгсгөл болно. Ингэснээр өдгөө ДНБ-ээсээ илүү хурдацтай өсөж буй цалингийн хэмжээ улам нэмэгдэж, Индонез, Филиппиний түвшнээс өндөр тогтоно гэж дүгнэжээ. Энэ бүхнийг онцолж буй шалтгаан нь хэрэв монгол хүний хөдөлмөрийг бодитоор үнэлж, дутагдах гачигдахын зовлонгүй амьдрах бололцоо олгохгүй бол алсдаа эмчээс эхлээд нарийн мэргэжилтнүүдээ гаднын орнуудад олноор нь алдах эрсдэл ойрхон байна. Яг л өнөөдөр гаднынхан мэдээлэл технологийн инженерүүдийг нөхцөл сайтай ажлын байраар татаж, дотоодын өрсөлдөх чадварыг бууруулж буйтай адил. Азийн ажиллах хүчний их урсгал дунд нэг ч гэсэн монгол хүн амьдрал ахуйгаа өөд татах нь сайшаалтай ч улс орны хэмжээнд харвал дотоодын хөдөлмөрийн зах зээл эзэнгүйдэх, тамирдах тавилан ирэхгүй гэх баталгаа алга.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж