Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд босгожээ

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд босгожээ

Хөгжлийн банк 500  сая ам.долларын бонд босгожээ

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2018.10.17/ үргэлжлүүлэн хуралдаж байна. Байнгын хорооны гишүүдэд валютын ханшийн талаарх мэдээллийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өглөө.

Тэрбээр “Үндэсний мөнгөн тэмдэгт ам.доллартай харьцах ханш 2018 оны эхнээс 5,5 хувиар сулраад байна. Төгрөгийн ханш сулрахад эдийн засгийн дотоод болон гадаад хүчин зүйл нөлөөлсөн. Эдийн засгийн дотоод хүчин зүйл гэдэг нь эдийн засгийн сэргэлтийг дагасан хөрөнгө оруулалт, хэрэглээний импортын өсөлт, 2012 онд босгосон бондуудын төлөлт нөлөөлсөн гэж ойлгож байна.

Агшиж байсан дотоод эргэлт сэргэж, 2018 хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 17,6 хувиар өссөн. Үүний дийлэнх хэсэг болох 12,1 хувийг хөрөнгө оруулалтын өсөлт бүрдүүлж байна. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын импорт өнгөрсөн оныхоос өсч байна. 2018 оны эхнээс хөрөнгө оруулалтын импорт 298 сая ам.доллар буюу 46 хувиар өсөөд байна. Үүнээс гадна ажил эрхлэлт нэмэгдэж, иргэдийн дундаж орлого, зарлага өсөхийн хэрээр хэрэглээний шинж чанартай импорт 234 сая ам.доллар буюу 29 хувиар өссөн. Шатахууны импорт 147 сая ам.доллар буюу 33 хувиар өссөн. 2018 онд “Чингис” бондын 115 сая ам.доллар, “Дим сан” бондын 160 сая ам.долларын төлбөрийг төлж барагдуулсан. Энэхүү төлбөрт гадаад валютын улсын нөөцийн тодорхой хэсэг нь гарсан гэдгийг тодотгож хэлмээр байна. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдалд нөлөөлсөн. Экспорт орлого оны эхний найман сарын байдлаар дөрвөн тэрбум 671 сая ам.доллар болж, өнгөрсөн оноос  570 сая ам.доллараар нэмэгдсэн ч хил дээрх түгжрэлтэй холбоотойгоор энэ оны долоо, наймдугаар саруудад экспортын хэмжээ бусад сарынхаас буурсан. Энэ нь  худалдааны тэнцлийн ашиг 480 сая ам.доллараар буурахад нөлөө үзүүлсэн. Гадаад хүчин зүйл тэр дундаа том гүрний маргаанаас болоод зэс, алт, төмрийн хүдэр зэрэг үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Гадаад зах зээлд таагүй нөхцөл байдал үүсч эхэлсэн. Тухайлбал, зээлийн хүүгийн түвшин нэмэгдэж, хөгжиж байгаа орнуудаас хөрөнгө гадагшлахад нөлөөлж байна. Улс орнуудын бодлогын сонголт нь ханшаа тодорхой хэмжээнд сулруулах замаар, гадаад валютын улсын нөөцөө хамгаалах чиглэлд шилжиж байна. Би өмнө нь “гадаад зах зээлийг ажиглаж байна” гээд хэлчихсэн юм.  Гэтэл зарим хүмүүс “хэр удаан ажиглах гэсэн юм” гэж сошиалаар шүүмжилж байгааг  харсан. Том гүрнүүдийн маргаан хэдэн сарын настайг одоо хэлэхэд эрт байна. Иймд нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг харахаас өөр аргагүй. Судалгаанаас харахад 142 орны үндэсний мөнгөн тэмдэгт ам.долларын эсрэг сулраад байна. Өндөр хөгжилтэй орнууд мөнгөний бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэн. 2018 он гарснаас хойш ОХУ наймдугаар сард 0,25 функтээр нэмэгдүүлсэн, Турк улс 16 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн ханш оны эхний найман сарын байдлаар валютын эсрэг чангарч байсан бол сүүлийн саруудад суларснаар БНХАУ, БНСУ-ын валютын эсрэг тэнцвэрт түвшинд хүрээд байна. Монгол Улс гадаад худалдааны өрсөлдөх чадвараа хамгаалах нь ханшийг хамгаалах хамгийн чухал зүйл гэж үзэж байна. Нийт хэрэглээний 50 орчим хувийг импортоор авдаг манай улс гадаад валютын нөөцтэй байх нь эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах санхүүгийн баталгаа болно гэдэг бодлогыг Монголбанк баримталж байна. Иймд дан ганц Монголбанк гэлтгүй УИХ, Засгийн газар бусад байгууллагын хамтын ажиллагаа чухал.

Богино хугацаанд төсвийн алдагдал бууруулах, экспортыг нэмэгдүүлэх санхүүгийн схем тодорхойлох, импортын эрэлтийг аль болох сулруулах нь богино хугацаанд хийж болох алхам.

Дунд хугацаанд уул уурхайн бус бодлого хэрэгжилтийг сайжруулах, экспортыг дэмжих байгууллага болон гадаад худалдааг дэмжсэн байгууллага шинээр бий болгох, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогын орчин бий болгох, алт худалдан авалтыг сайжруулах зэрэг арга хэмжээ авах ёстой.

Эцэст нь өчигдөр шөнө Хөгжлийн банк 500  сая ам.долларын таван жилийн хугацаатай жилийн 7,25 хувийн хүүтэй бонд босгосон.  Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүй өөрсдөө явж бонд босгосон. Энэ нь улсын нөөцөд ирэх байсан гадаад валютын дарамтыг бууруулна. Яагаад гэвэл 2019 он гараад 380 орчим сая ам.долларын өр төлнө. Тиймээс ямар ч байсан өр төлбөр барагдуулах санхүүгийн эх үүсвэртэй боллоо. Энэ нь цаашлаад Монгол төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ” гэв.

Түүнийг мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү ам.долларын ханш хэзээ буурах вэ гэж асуухад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайхан “Цаг хугацаа хэлж чадахгүй. Дотоод гадаад хүчин зүйлээс хамаарна. Энэ олон хүчин зүйлийг харгалзах ёстой. Монголбанк төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах, ханшийг тогтворжуулахын тулд ажиллаж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Тун удахгүй шатахууны үнийн өсөлтийн талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Байнгын хорооны гишүүдэд мэдээлэл өгнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж