Олимпийн шувтрагын тоглолт давтагдах уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Олимпийн шувтрагын тоглолт давтагдах уу?

Олимпийн шувтрагын тоглолт давтагдах уу?

Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ-ний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо. Тэмцээний 3-р шатанд шалгарсан шилдэг 6 шигшээ багуудаас G хэсгийг Серби тэргүүлж Итали, Японы шигшээ багууд удаалсан бол H хэсгийг Хятад тэргүүлэн Нидерланд болон АНУ-ын шигшээ багууд удаалсан. Хэсгийн эхний 2 баг хагас шигшээд өрсөлдөх эрхээ авч байгаа ба Сербийн шигшээ баг Нидерландтай, Хятадын шигшээ баг Италитай тоглоно. Харин АНУ болон Японы шигшээ багууд 5-р байрын төлөө тоглох юм.

Дэлхийн аваргын 3-р шатны хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр явагдсан. Япон, АНУ-ын шигшээ багууд хагас шигшээд өрсөлдөх эрхгүй болоод байсан. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Итали Сербийн эсрэг хийж 1-3 харьцаатай хожигдсон бол Хятадын баг Нидерландыг мөн 3-1 харьцаатай буулгаж авсан байна. Хагас шигшээд учраа таарсан Нидерландын шигшээ баг Сербийг 2-р шатны хэсгийн тоглолтонд 3-0 харьцаатай хожсон бол 1-р шатанд Италийн шигшээ Хятадын хожоод байгаа. Хэрвээ хэсгийн шатны тоглолтуудад ялалт байгуулж амжилтаа хадгалж чадвал Нидерланд болон Италийн шигшээ багууд аваргын төлөө гарч ирэх боломжтой.

Гэхдээ Серби Нидерландыг, Хятадын шигшээ баг Италийг хожиж чадвал 2 жилийн өмнөх Риогийн олимпийн наадмын финалын тоглолт давтагдах учиртай. Хятадын волейболын домог болсон тоглогч асан Лан Пин дасгалжуулагчтай Хятадын шигшээ баг олимпийн аваргын алтан медалиа дэлхийн аваргын алтаар ихэрлүүлэхийг хүсэж байгаа ч амаргүй өрсөлдөгчтэй тоглоно. Харин 2006 оноо бие даасан Сербийн шигшээ баг богино хугацаанд өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд Риогийн олимпийн наадамд мөнгөн медаль хүртэж байсан. Хагас шигшээ тоглолт баасан гаригт явагдах ба хожсон багууд нь аваргын төлөө тоглох бол хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Риогийн олимпийн финалын тоглолт давтагдах эсэхийг хүлээх л үлдлээ.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс