Сүхбаатарын болон байлдааны гавъяаны улаан тугийн одонт Батлан хамгаалахын их сургууль нь анх 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байгуулагдсан, Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган сургуулиудын нэг.
Энэ сургуулийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр танилцаж, хийж хэрэгжүүлсэн ажил болоод тулгамдсан асуудлыг нь сонслоо. БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамцийн танилцуулснаар 2800 гаруй суралцагчтай. Үүний 300 гаруй нь цэргийн мэргэжлийн суралцагчид бол 2400 гаруй нь иргэний мэргэжлийн буюу офицер, ахлагчийн сургуулийн суралцагч байна. Ингэхдээ сургуулийн багш эрдэмтдийн 60 гаруй хувь нь залуу боловсон хүчин гэдгийг Я.Чойжамц захирал онцолсон. Харин батлан хамгаалах салбарын хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал олон гэнэ. Тухайлбал, "Сургуулийн эрх зүйн орчин, зохион байгуулалт, санхүүжилт шаардлагатай хэмжээнд байдаггүй. Нэг суралцагчид ногдох хувьсах зардал бага байдгаас үүдэн чиглэгдсэн сургалтын стандартыг хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал болдог тухай сургуулийн удирдлагууд сайддаа учирласан. Түүнээс гадна батлан хамгаалахын шинжлэх ухаан, инновацийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, сургуулийн зарим барилга, байгууламжийн засвар, тохижилтын ажлын санхүүг шийдэж өгөх тухай хүссэн. БХИС-ийн ихэнх барилга нь 25-100 жилийн өмнө барьсан юм байна. Энэ хамт олон элсэн суралцагчдад цэргийн боловсрол олгохоос гадна судалгааны чиглэлээр мэргэшсэн сургууль болох боломж нөхцөл байгааг ч энэ үеэр онцолж байлаа.
С.ОТГОН