Алхам тутамдаа “би болоогүй байна” гэдгээ мэдэрч явна

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Алхам тутамдаа “би болоогүй байна” гэдгээ мэдэрч явна

Эрэнбаатарын Жавхлан. Эрх зүйч, сэтгэл судлаач-нийгмийн ажилтан мэргэжилтэй. БНХАУ-ын Шанхай хотноо байгууллагын удирдлагаар магистрант суралцаж буй. “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч. “Lord foods” ХХК-ийн захирал, Шанхай хот дахь Монгол иргэдийн нийгэмлэгийн тэргүүн.

-Таныг гэр бүлийн тогтвортой байдал төсөл боловсруулж байгаа гэсэн. Энэ талаар товчхон мэдээлэл өгөөч?

-Миний мэргэжлийн дагуу монгол айлаас гэр бүлийн хөгжил, боловсрол, тогтвортой байдал, түүх соёл уламжлалын мэдлэгтэй хүмүүнлэг залуус төрж гараасай гэсэн хүсэлтэй. Манайхан ерөнхийдөө их европжиж байна. Үг хэллэг, хандлага,  соёл дадлын хувьд ч тэр. Ер нь гадаадад  боловсрол эзэмших нь сайн ч үндэсний үнэт чанарууд тэр чинээгээр гээгдэж буйд эмзэглэдэг.  Би цаашдаа гэр бүлийн сэтгэл судлал, эрх зүйн орчинг дагнаж ажиллана. Төсөлд оролцож буй зорилгынхоо хүрээнд гэр бүлийн хөгжил, гэр бүлийн тогтвортой байдлыг олон нийтэд сурталчлан таниулах төсөл боловсруулж байна.

-Манайд энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлэхэд үр дүн нь хир байх бол?

-Манай улсад гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө болоод боловсрол судлалын төвүүд их дутмаг. Тэгэхээр дүүргийн нийгмийн ажилтнуудыг гэр бүл харилцаа сэтгэлзүйн чиглэлээр мэргэшүүлсэн сургалтад хамруулах нь зүйтэй санагддаг. Олон улсын практикаар гэр бүл сэтгэлзүйчтэй ойр байх нь олон боломжийг өгдөг. Мөн компани бүр сэтгэлзүйчтэй. Ажилтан өглөө ирэхдээ ямар нэг асуудалтай байвал сэтгэлзүйчтэйгээ уулзаж зөвлөгөө авна. Тэгээд өдөржингөө нөгөөх проблемоо бодохгүй асуудалдаа шийдэл олчихсон учир бүтээмж өндөртэй ажиллана. Манайд үйл ажиллагаа явуулж буй газрууд бүгд ТББ-ын статустай. Уг нь хуульчлагдчихвал олон улсын жишгээр эрүүл мэндийн яамандаа харъяалагдана. Сэтгэлзүйн зөвлөн туслах үйлчилгээний олон улсын хууль бий. Монголд ийм хууль батлуулах гэхээр учир дутагдалтай. Цаашдаа манай сэтгэлзүйчид нэгдэж холбоо, нийгэмлэг болоод энэ нэрээрээ сэтгэлзүйн хуулийг батлуулаад явбал төвүүд нь баталгаатай болж зэрэглэл тогтоогдоно. Ийм систем руу явах хэрэгтэй. Одоо бол ерөөсөө нэг сэтгэл судлаач ТББ нээгээд зөвлөгөө өгч суудаг. Тухайн хүний чадамж  мэргэжлийн ур чадвар нь хир байдаг, хүмүүст хэрэгтэй үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй. Дээрээс нь ямар нэгэн байдлаар дэмжиж байгаа төрийн чиглэл үйлчилгээ гэж байдаггүй.

-Манайхан сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээнд нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ?

-Энэ байдлыг энэ чиглэлээр ажилладаг нэгдсэн том байгууллага хүмүүст ойлгуулж нийгэмд чиглэсэн мессеж сурталчилгаа хиймээр байна. Ер нь бол сэтгэлзүйн зөвлөн туслах үйлчилгээний үр дүн маш өндөр. Манай хосууд муудалцлаа, маргааш нь эхнэрүүд лам бөө удган дээр очдог. Үнэндээ хосуудын хооронд ямар нэг харилцаа бий болж асуудлаа даван туулна уу гэхээс үзмэрч үзэж харах нь үр дүн биш. Гэр бүлээ тогтвортой авч явъя гэвэл хосууд хоорондоо зөв харилцааг бий болгох ёстой. Хосуудын маргааны шалтгаан олон. Гэвч эцсийн дүндээ жижигхэн юмнаас хөрөлт бий болж лавшраад салалт үүсдэг. Хөрөлт жижигхээн маргаан, хэдхээн үгнээс эхлэлээ тавьдаг. Харин сэтгэлзүйчид хандахад хөрөлтийн цэг нь юу байв гэдгийг оношлож тогтоогоод олон шат бүхий харилцааны даалгавар хийж харилцаа эдгэрдэг.

-Ийм даалгавараар харилцаа нь засарсан гэр бүл олон байдаг уу?

-Сүүлийн жилүүдэд манай гэр бүлүүд сэтгэлзүйчид хандаж зөвлөгөө авах нь ихэссэн. Гэхдээ иргэд сэтгэлзүйн харилцаа гэдэг хүнд хэрэгтэй гэхээсээ илүүтэй үйлчилгээ авч үр дүнг нь мэдэрсэн  нэгнийгээ хараад ийм сонголт хийж байна.

-Зөв сайн гэр бүлийн нууц юу вэ?

-Хосууд бие биедээ үнэнч бас итгэдэг байх ёстой. Итгэдэггүйгээс болоод хардалт үүсдэг. Нэгнийхээ санаандгүй хэлсэн үгнээс юм бодоод дотороо хадгалчихдаг. Үүнийхээ оронд чи яагаад ямар учраас надад тэгж хэлэв гэх мэтээр байнга асуудаг зоригтой байх хэрэгтэй. Дотроо хадгалаад явахаар хана үүсчихдэг. Тэр ханыг давж гарах зориг дутдаг.

-“Улс төрд шинэ манлайлагч” төслийн  залуус нийгмийн салбар бүрт идэвхтэй үйл ажиллагаа явуулж сурч боловсорч байна. Төслийн талаарх таны бодол?

-Би найман сард Шанхайгаас амарч ирээд төслийн тухай сонссон. Тэгээд зориглоод эсээ бичсэн. Өмнө нь иймэрхүү олон боломжоос хойшоо сууж хоцорч байсан болохоор энэ удаа өөрийгөө их дайчилсан. Өдий хүртэл аль ч талаараа шат ахиж явна. Ойлгож ухамсарлаж байгаа хамгийн гол зүйл бол алхам тутамдаа “би болоогүй байна” гэдгээ мэдэрч явна. Хоёр ч сургууль төгсчихлөө, магистраа хамгаалчихлаа болчихлоо гэж боддог үе байсаан. Харин төсөлд ороод ирсэн чинь чи болоогүй байна, суралцаагүй байна гэсэн мессежийг шууд авсан. “ Улс төрд шинэ манлайлагч” төсөл надад залуу хүн нийгмийн олон салбарын мэдлэг мэдээлэлтэй байх ёстойг ойлгуулсан.

-Хамгийн гол сурсан зүйл тань?

-Харилцааны талаар олон зүйлийг таньж мэдэж хэрэгжүүлж байна. Дээрээс  нь улс төрийн ойлголт мэдээлэлтэй боллоо. Төслийн даалгавар акц үйл ажиллагаа бүхний ард нэг дэвшил, нэг бодол, нэг зорилт тээн үлдэж байна.

-Өрсөлдөгчдийнхөө тухайд?

-Энд бид хоорондоо өрсөлдөхөөс гадна өөрөө өөртэйгээ өрсөлдөж өөрийгөө өөрчлөх ялах хөгжих тийм хөшүүрэг болж байна. Бусад өрсөлдөөний тухайд бол ёс зүйтэй шударга байх хэрэгтэй.

-Яг ийм талбарт сэтгэлзүйчийн давуу тал юу вэ?

-Хүнтэй ойлголцоход дөхөмтэй. Ерөнхийдөө хүнийг хараад таньдаг. Харилцааны сэтгэл судлал эзэмшсэн хүн эерэг харилцааг бий болгох чадвартай болдог.

-Амьдрал дээр давуу тал их үү? 

-Энэ бол том асуудал. Манай найзууд чи эхнэртэйгээ их амархан ойлголцдог уу гэдэг. Үгүй ээ, энэ чинь амьдрал шүү дээ. Маш олон асуудал гарна. Тэр болгон дээр би эхнэртэйгээ ойлголцох боломж муу. Загасчны морь усгүй гэдэг шиг л. Гэхдээ би бараг байнга буулт хийдэг. Эмэгтэйчүүд бууж өгөх дургүй хүмүүс.

-Мэргэжлээ ашиглаж чаддаггүй гэсэн үг үү?

-Харин тийм ээ. Би хүнд юу гэж зөвлөхөө мэддэг учраас нийтлэг алдаа гаргахгүйг хичээдэг. Би аав хүн, хүүхдийнхээ эвийг олох ёстой. Гэтэл муудалцах үе гарна. Энэ бүхэнд сэтгэлзүйч гэдэг үүднээс хандахад их хэцүү.

-Амжилт хүсье.

Эх сурвалж: www.manlailagch.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж