Монгол Улсын Ерөнхийлөгч МҮОНТ-ээр чөлөөт ярилцлага хийсний маргааш нь /2018.10.17/ бөөн дуулиан дэгдэв. Нэвтрүүлэг эхлэхийн өмнөх өдрүүдэд “цензурт өртөн цуцлагдах болов уу” гэж байсан бол нэвтрүүлгийн дараа яагаад чанарын шаардлага хангахгүй нэвтрүүлэг цацагдав гэдгээр маргаан өрнөлөө. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд цахим хуудаснаа “Өчигдрийн МҮОНТ-ээр гарах байсан зөв бичлэг нь энэ. Ямар зорилгоор интершумтай буруу бичлэг тавьсан болохыг тодруулж буруутай албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар МҮОНТ-ийн Удирдах зөвлөлд хандана” гэж мэдэгдсэн. Мөн тус телевизийн сэтгүүлч А.Бүрэнбаатар төдөлгүй “дууны балансыг засч дахин нэвтрүүлэхээр болсон” талаар мэдээлж Монгол Улсын Ерөнхийлөгч болон түүний Тамгын газар, ХМОНХХ, зөвлөхүүдээс байгууллагынхаа баг, хамт олны өмнөөс хүлцэл өчсөн юм. Үзэгчид дуугүй л байв. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчийн хүлцэл өчсөн жиргээний хариуд “Чиний хариуцлага биш л дээ. Нэвтрүүлэхэд бэлэн болсон алдаагүй бичлэгийг хэн солив гэдэг л асуулт байна” гэсэн нь гайхшируулж орхилоо.
Тэгэхээр яасан байх нь вэ. Холбогдох хүмүүс тал, талаасаа чанарыг нь шалгаад бэлэн болгосон Ерөнхийлөгчийн ярилцлагын нэвтрүүлэг “террорт” өртсөн байх нь, тийм үү. Хэн ийм “хорлон сүйтгэх” ажиллагаа хийсэн байж таарах вэ. МАН-ын эрх барьж буй үеийн, төрийн мэдлийн телевизээр цацагдах байсан учраас МАН-ынхан буруутай, эсвэл тус телевизийн удирдлага намчирхаад байгууллагынхаа нэр хүндийг, сэтгүүлчийнхээ хөдөлмөрийг ч бодохгүй нэвтрүүлэгт халдана гэж үү. Тун ойлгомжгүй, олон үзүүртэй асуудал болоод явчихлаа.
Гэтэл өчигдөр /2018.10.17/ орой 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт өмнөх өдөр нь “Яасан муухай сайд вэ” гэтэл балбуулсан, бүр “Аль улсын Сангийн сайд вэ” хэмээн хэлүүлсэн Ч.Хүрэлбаатар оролцож ирэх оны Төсвийн тухай хууль болон асуудал дагуулсан “Увсын төсөв”-ийн талаар “тайлбарлалаа”. Ерөнхийлөгч төсөвт өртөг болон санхүүжилтийн хэмжээг мэдсээр байж “муухай харагдуулахын тулд” хольж хутган тайлбарласан гэж байна. Тэрбээр Монгол Улс 360 сумтай. 2013-2016 онд Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан гэдэг хоёрхон суманд 32 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлсэн гэдгийг “гаргаж ирэв”. Үүнийгээ “Ес зүй яривал үүнийг бас ярих ёстой. Хүн өөрийнхөө ёс зүйгүй байдлыг хэлдэггүй мөртлөө бусдыг шүүгээд байх шаардлагагүй шүү дээ” хэмээн илэрхийлсэн. Түүгээр ч барахгүй “Би Баянхонгор аймгийн хоёрхон суманд 32 тэрбум төгрөг зарцуулж байсан минь буруу байжээ” гэж хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн шүү.
Харин төсөв хэмнэх санаачилгынх нь тухайд “Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэмнэх саналыг бол хүлээж авалгүй яахав. Гэтэл эсрэгээрээ Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын зардлаас 660 сая төгрөг хасчихлаа” гэсэн авцалдаагүй зүйл ярилаа гэж шүүмжилж байна. Тэрбээр Ерөнхийлөгч төсвийн ерөнхийлөн захиран зарцуулагчийн хувьд санал тавьж болно. Ингэхдээ өөрийн эрх мэдэл дэх шүүхээс, прокуророос, Тамгын газрынхаа зардлаас төдийг хасъя гэсэн хасалт хийх тодорхой санал оруулж ирэх ёстой байсан. Түүнээс биш ярих бол амархан” гэв. Хүүхдийн мөнгөний тухайд нийт хүүхдийн 60 хувь нь хүүхдийн мөнгө авдаг байсныг 80 хувьд болгосон. Дээрх 80 хувь буюу нийт 918 мянган хүүхдээс 28 мянган хүүхэд нь “хүүхдийн мөнгөө” огт авдаггүй. Хүсэлт гаргаагүй, хүүхдийн мөнгө авахгүй гээд байхад нь заавал өгөх албагүй шүү дээ гэв.
Сангийн сайд энэ ярилцлагаараа “Гэрээндээ 68 ам.доллар гэж үнэ заачихаад цаашаа өндөр үнээр нийлүүлдэг хулгайтай тэмцэнэ”. “Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нүүрсний экспорт муу байсан. Үүний нэг шалтгаан нь Ерөнхийлөгч сонгуулийн үеэр БНХАУ-тай холбоотой таагүй зүйл гаргасантай холбоотой. Тэр үеийнх шиг 34 тонноор бодоход бид жилдээ 42 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж үзэж байгаа” гэсэн сонирхолтой байр сууриудыг илэрхийлсэн юм.
Үнэндээ Сангийн сайдын одоо туулж яваа зам бартаа ихтэй. Бартаа ихтэй хэдий ч амаргүй зорилтуудыг өмнөө тавьж даван туулж байгааг нь бас үнэлүүштэй билээ. Тухайлбал, Сангийн сайдын ажлыг хүлээн аваад ажилтайгаа танилцахад татвар төлөгчдийн мөнгийг арилжааны банкууд дээр байршуулчихаад Сангийн яам тодорхой хуваариар хоёр долоо хоног тутамд үнэт цаас гаргаж, өөрөөр хэлбэл өөрсдийнхөө мөнгийг өндөр хүүтэйгээр зээлж авдаг байсан. Тиймээс тэр бүх мөнгийг Төрийн санд татаж авсан. Тэгэнгүүт мөнгө зээлж авах шаардлагагүй болсон. Дараагийн асуудал нь Засгийн газрын авсан гадаадын зээлүүд мөн л арилжааны банкууд дээр байршиж байсан. Шинэ нисэх буудал л гэхэд 200-гаад сая ам.долларын санхүүжилт хийх байсан боловч одоо 600 гаруй сая ам.долларын санхүүжилт шаардлагатай болсон. Гэхдээ арилжааны банкных шиг жилийн 18 хувийн хүүтэй зээл биш 30, 40 жилийн хугацаатай, 0.2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл учраас төсөвт, эдийн засагт дарамт учруулдаггүй гэж ярилаа. Энэ бүхнийг хийхэд амар байгаагүй, алхам тутамдаа улс төрийн зөрчилтэй тулгарч байсан гэдгийг ч тэрбээр хүлээн зөвшөөрсөн юм. Мөн 2016 оны төсвийн алдагдал 4.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 17.5 хувьтай тэнцэж байсан. Би 1.9 их наядын алдагдлыг зээл авахгүйгээр санхүүжүүлнэ гэдгээ хэлчихсэн гэдгээ дахин мэдэгдэв.
Ийнхүү “Цэнхэр дэлгэц”-ийн дуэль хоёр өдөр үргэлжлэхдээ улс төрийн хөшигний цаадах зөрчлийн нэгээхэн үзэгдлийг дэлгээд орхив. Хоёр ярилцлагын аль нь ард иргэдэд илүү сонирхолтой, цаг үеэ олсон, хэрэгтэй мэдээллийг нь өгснийг үзэгчид шүүх биз ээ.
Холбоотой мэдээ