"МИАТ ядарсан монголчуудаа сааж амьдардаг"

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

"МИАТ ядарсан монголчуудаа сааж амьдардаг"

"МИАТ ядарсан монголчуудаа сааж амьдардаг"

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгээс МИАТ, Биеийн тамир спортын тухай хууль болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар тодрууллаа.


-МИАТ компани зургаахан онгоцтой хэрнээ 900 орчим хүн цалинжуулдаг. Мөн өндөр үнээр тийз борлуулж байгаа нь шүүмжлэл дагуулдаг. Энэ компанийг ашигтай ажиллуулахын тулд хувьчлах ёстой гэдэг. Та УИХ-ын чуулган дээр бас энэ талаар хэлж байсан. Тодруулж байр сууриа илэрхийлэхгүй юу?

-МИАТ-ийг тойрсон маш олон асуудал яригддаг. Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг сайдаар ажиллаж байх үед би албан бичгээр энэ талын мэдээлэл авч байсан учраас чуулганы хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн. Олон улсад МИАТ шиг зургаан онгоцтой компани бол 300-400 ажилтантай байхад хэвийн үйл ажиллагаа явуулж болдог. Гэтэл МИАТ ХК хэвийн ажиллах боломжоос бараг гурав дахин илүү ажлын байр бий болгочихсон. Хоёрдугаарт, МИАТ өөрөө тийзээ борлуулдаггүй. Тийз борлуулагч компаниудтай гэрээ байгуулчихдаг гэж ойлгосон. Харамсалтай нь МИАТ-ийн тийз олддоггүй, нислэг дөхөөд ирэхээр үнэтэй олддог. Үнэхээр зорчигч их байв уу гэхээр онгоц хоосон нисээд байдаг. Онгоц хоосон суудалтай нисэх бүрд алдагдал хүлээнэ. Зам тээврийн хөгжлийн яамнаас надад ирүүлсэн тоон мэдээлэлд маш тодорхой дурдсан байна лээ. МИАТ-ийн бүх нислэг цагаа барьдаггүй, 15 минутаас 3 цаг хүртэл хоцордог. Ялангуяа Сөүл, Токиогоос нисэх нислэг байнга нэг цагаар орчмоор хоцорч нисдэг. Яагаад гэвэл “Хятад улс агаарын зөвшөөрөл өгөөгүй байна, уучлаарай” гээд хүлээлгээд байдаг. Тэгээд бас газардсан нисэх буудлынхаа хамгийн мухрын, хамгийн даржин гарц дээр, эсвэл шууд задгай талбай дээр буугаад автобусаар зорчигчдоо зөөдөг. Ийм л үйлчилгээ үзүүлж байна. МИАТ бол Монголын ард түмний компани. Энэ компанийн онгоцоор Монголын ард түмэн үйлчлүүлж байна. Берлин Москва, Сөүл, Токио гэх мэт холын чиглэлд нисч байгаа онгоц нь телевиз байхгүй, тоос шороондоо дарагдчихсан, гаднаас түрээслэсэн хуучин онгоцууд үйлчилдэг. Энэ компанид 2,3 шинэ онгоц бий. Тэдгээр онгоцоо гадны улс орнуудад түрээслээд, олсон ашгаар нь урсгал зардал, ажилчдынхаа цалин хөлсөнд өгчихдөг юм шиг байна лээ. Маш сонин менежменттэй байгууллага. Эсвэл энэ компанийг иймэрхүү ажиллуулж байгаад дампууруулаад, хямдхан хувьчилж авах гэсэн бодлого яваад байна уу гэмээр эргэлзээ төрдөг шүү.

-Энэ компанийг либералчлах ямар боломж байна вэ?

-Урсгал зардлаа эргэж харах ёстой. Зах зээл дээр нислэгийн эрэлт байна, эрэлтийг хангах нийлүүлэлтийг хийгээд явах ёстой. Онгоцны тоог нэмэх, нислэгийн тоог, чиглэлийг эргэж харах гэх мэт наад захын ажил байна. Яагаад заавал Берлинд буух ёстой юм, Европын цаашаа дамжин нислэг бараг байхгүйтэй адилхан газарт монголчуудыг аваачаад асгачихдаг, тэндээс манайхан өөр хот руу дамжиж байж цааш нислэгээ үргэлжлүүлдэг гэх мэт олон хүндрэл гарч байна. МИАТ-ийн асуудал яригдаад эхлэхээр тэнд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудал сөхөгддөг. МИАТ-ийн нийт ажилчдын асуудлаас дээгүүрт Монголын нийт ард түмний эрх ашиг тавигдах ёстой. Дэлхийд байхгүй үнэ тарифтай энэ компанийн онгоцоор жилдээ хэдэн зуун мянган Монгол иргэн зорчиж байна. Ядарсан хэдэн монголчуудаа л “сааж” амьдарч байна. МИАТ бол энэ хэдэн монголчуудаа “саах” биш “туслах” ёстой төрийн өмчит компани юм.  Ийм менежмент явуулж чадахгүй бол чаддаг багт нь хариуцуулж өгөх ёстой. Ер нь нисэхийн салбарыг либералчилснаар иргэдийн халааснаас гарах мөнгөний хэмжээ багасах ёстой. Олон улсын жишиг тооцооллоор нэг цагт нисэх зардлыг нэг хүнд ногдуулж тооцоход тийзийн үнэ 150-200 ам.доллар, хоёр цагийн нислэг 250 ам.доллар, гурван цагийн нислэг 300 ам.доллар гээд багасаад байдаг. Жишиг үнэ бүс болгонд ялгаатай, улс орнуудын дотоодын нислэг бол бүр хямд тусдаг юм байна лээ. Энэ жишгээр үзэхээр Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн тийз 700-800 мянган төгрөгөөр хоёр талдаа нисэх бүрэн боломжтой гэдэг судалгаа бий. МИАТ-ийн нийт зардлын 27 хувийг шатахууны зардал эзэлдэг гэж сонссон. Тэгвэл гадаадын бусад авиа компаниуд шатахууны зардалд нийт үйл ажиллагааны зардлынхаа 20-25 хувийг л зарцуулдаг юм байна лээ. Өөрөөр хэлбэл, манайхаас нэг их зардлын зөрүү гарахгүй байгаа юм. Тэгэхээр МИАТ зардлынхаа үлдсэн 70 гаруй хувийг юунд зарцуулаад байна вэ гэдгийг эргэж харах ёстой.

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулах сонирхолтой авиа компани олон бий. Тэдгээр компанийг оруулж ирэх ёстой, ёсгүй гэж санал зөрөлдсөөр өдийг хүрсэн. Харин та ямар байр суурьтай байна вэ?

-Сонирхлоо илэрхийлээд байгаа авиа компаниудыг оруулж ирээд өрсөлдөөн бий болгох ёстой гэж бодож байна. Ганцхан “Korean air” өндөр үнэтэй тийзээр үйлчлэх ёстой гэдэг дүрэм журам тогтоогоогүй шүү дээ. “Turkish Airlines” компани ч ялгаагүй тэндээ орон нутагт нисдэг жижиг онгоцоор урт зам туулахын тулд зорчигчдыг зутраадаг. Зах зээлийг нь чөлөөтэй тавьж өгөөд, үнэ, чанарын өрсөлдөөн бий болгох тал дээр Иргэний нисэхийн ерөнхий газар, салбар яам анхаарах хэрэгтэй.

МИАТ-ийг өрсөлдөөнд оруулснаар үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй, бараг л гадагшаа харилцаж байгаа том гүүр нурна, боомилогдоно гэх мэтээр тархи угаадаг эртний үлгэрүүдэд итгэсээр байх шаардлагагүй.

Өнөөдөр 21 дүгээр зуун гараад 20-иод жил өнгөрчихөөд байна. Энэ бол зүгээр л либералчлах сонирхолгүй нөхдийн явцуу ядмаг ухуулга. Цаана нь ямар сонирхол байна вэ гэдгийг олж харах учиртай.

-Шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орох гэж байна. Хуучин онгоцны буудлыг хэрхэн ашиглах ёстой вэ?

-Хуучин нисэх буудлын ашиглалтыг цаашдаа салбар яам хариуцна гэж  шинэ сайд хэлнэ лээ, чуулган дээр. Буянт-Ухааг нэг яамны “аж ахуйн том хашаа” болгох гээд байгаатай санал нийлэхгүй байна. Бид аливаа юмыг хийхдээ эхлээд эд хөрөнгө, мөнгө санхүү талаас нь хардаг аж ахуйн сэтгэлгээнээс салах ёстой. Цаана нь Буянт-Ухаа буудлаас хэд дахин том нисэх онгоцны буудал ашиглалтад орох гэж байна ш дээ. Тэгэхээр хуучин онгоцны буудлаа чөлөөлөөд Буянт-Ухаа III, IV дүгээр хороолол ч юм уу, тэр хавийн хүн амын төвлөрлийг тооцоод ирээдүйд үүсэх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, шинжлэх ухаан технологийн парк барих, музейнүүд байгуулах, үзэсгэлэнгийн заал, гарааны компаниудын хэрэгцээнд Монголын “силикон хөндий” болгох гэх мэтээр үр ашигтай бөгөөд зайлшгүй тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэхэд зориулалтаар ашиглаж болно. Хотын захиргаа Яармаг нүүнэ гэж байгаа, цаана нь маш том хүн амын суурьшлын бүс бий болж байна. Иймд Нийслэл хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон шийдвэр болох учраас энэ том талбайг, энэ том хөндийн газрыг Засгийн газар тусгай хэрэгцээндээ аваад, цогцоор нь харах байх гэж бодож байна. Нэг яам хав дараад хэвтэж хэрхэвч болохгүй.

-Биеийн тамир спортын тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Хуулийн бэлтгэл ажил хэр зэрэг хангагдсан бэ?

-Сум болгонд иргэдийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр нэг бие тамирын арга зүйч ажиллуулах ёстой гэж энэ хуульд зааж өгсөн. Гэвч ирэх оны төсөв хүрэлцэхгүй байгаа гээд тэдний орон тоог оруулж ирсэнгүй. Орон тоо байхгүй учраас цалин байхгүй. Ингээд хууль хэрэгжих боломжгүй болж байна.

-Ирэх он бол олимпын бэлтгэл жил юм. Тамирчид олон тэмцээн уралдаанд оролцож, оноо цуглуулах, олимпын эрх авах хариуцлагатай жил ирж байна. Иймд тамирчдыг дэмжих төсөв санхүүг хэр зэрэг хангалттай суулгасан бэ?

-Токиогийн олимпын эрх авах, оноо цуглуулах бүх тэмцээн ирэх онд болно. 2019 он бол шийдвэрлэх жил юм. Биеийн тамир спортын газраас төсвийн төсөлд 25 орчим тэрбум төгрөгийн санал өгсөн ч одоогоор 11 тэрбум төгрөгөөр төсөвт суулгаад, хэлэлцүүлж байна. Үндсэндээ талаас илүү хувийг боломжгүй гэж үзсэн. Энэ асуудлыг монголын төр харах ёстой. Улсын шигшээ багийн 300 гаруй тамирчин, 100 гаруй паралимпийн тамирчин байдаг юм байна.  Өнөөдөр улсын шигшээ багийн тамирчин 280 мянган төгрөгийн цалин гар дээрээ авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч байна. Паралимпийн тамирчид үүнээс өөр орлогогүй, дэмжлэг үзүүлэх компани ч ховор байдаг. Тэд тивийн байтугай дэлхийн рекорд тогтоож байна. Тэдний нийгмийн асуудалд ямар байгааг эргэж харах ёстой. Энэ жилийн төсөв хүнд гээд төсвийг нь танаж байгаа бол дараа дараагийн төсөв дээр онцгой анхаарах ёстой.

-Тамирчдаа дэмжиж байна гээд төсөв мөнгө хуваарилаад өгөхөөр дундаас нь мөнгө “идлээ” гэх шүүмжлэл гардаг. Олон улсын чанартай томоохон тэмцээн уралдаанд явж байгаа тамирчдыг өндөр үнээр хувцасладаг ч тэрхүү хувцас нь өнгө үзэмж муутай, хэмжээ размер таарахгүй  байх тохиолдол бий. Энэ асуудлыг та хэрхэн харж байна вэ?

-Зарим тохиолдолд тийм асуудал гарсан байхыг үгүйсгэхгүй. Ихэвчлэн баталж байгаа төсөв нь маш бага учраас компани аж ахуй нэгжүүдээр ивээн тэтгүүлдэг юм байна лээ. Монгол Улсын шигшээ багийн тамирчид хувцсаар жигдрээд явдаг цөөн хэдэн тэмцээн бий. Гэхдээ үүнд ажил хариуцаж байгаа хүмүүс анхаарах ёстой. Үнэхээр тийм тохиолдол гарсан бол дахиж ийм байдал гаргахгүй байх учиртай. Зарим үед буруу мэдээлэл өгөөд, “хөөсрүүлээд” байна уу гэж хардаг. Биеийн тамир спортын газрынхны ярьж байгаагаар бол төсөв мөнгө нь үнэтэй биш, тамирчдын биеийн хэмжээнээс зөрүүлж хувцас өгсөн тохиолдол байхгүй гэж байсан. Үүнийг наанатай, цаанатай ойлгох хэрэгтэй.

-Төсвийн төсөлд тусгах ёстой байсан ч орхигдуулсан олон асуудал байгаа байх. Тэр дундаас хамгийн чухал нь ямар асуудал байсан бэ?

-Нааштай зүйлс байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр томоохон төсөв анх удаагаа улсын төсвөөс гаргахаар тусгаж байна. Өмнөх жилүүдэд ийм хэмжээний төсөв тавигдаж байгаагүй. Засгийн газар үнэхээр Агаарын бохирдлыг бууруулахын төлөө томоохон хөрөнгө оруулалт хийхдээ гэж харагдаж байгаа. Гол нь үр дүнд хүрэх төсөл хөтөлбөрт үүнийг зарцуулах ёстой. Гэхдээ зарим асуудал дээр Үндсэн чиглэлээ барьж төсвийг боловсруулахгүй байна гэж үзэж байна. Жишээ нь Үндсэн чиглэлд Сүрьеэгийн эмнэлэг байгуулах асуудлыг тусгасан. Харамсалтай нь, төсвийн төсөлд тусгаагүй. Тиймээс бид ажлын хэсэгт хүсэлт гаргасан. Монгол Улс сүрьеэгийн тархалтаар тэргүүлж байгаа эхний 10 улсын нэг болоод байна. Тэдгээр 10 оронд өнөөх л ядуу дорой, буурай хөгжилтэй улс орнууд багтаж байна, манайх тэдэнтэй хамт нэг жагсаалтад байгаа юм. Дээр нь Орос, Хятад бол сүрьеэгийн халдвараар дэлхийд өндөр байдаг. Тиймээс манай улс энэ асуудалд онцгой анхаарах ёстой. Эмнэлэг барихгүй бол ганц байгаа сүрьеэгийн эмнэлэг нь маш хүнд нөхцөлд ажиллаж байна, ачааллаа дийлэхгүй байна, бид газар дээр нь ажиллаж, нөхцөл байдлыг судалсны хувьд энэ асуудлыг сайн мэдэж байгаа. Энэ бол нэг л жишээ, өөр шийдлээ хүлээсэн нийгмийн томоохон асуудлууд байсаар байгаа. Шийдвэрлэхийн төлөө л ажиллана.

-Эцэст нь Үндсэн хуультай холбоотой таны байр суурийг сонсмоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгч намрын чуулганы нээлтийн үеэр үг хэлэхдээ “тогтолцооны шинэчлэл” хийх хэрэгтэй гэсэн. Тогтолцооны шинэчлэл гэдэг нь яг ямар утгаар хэлсэн юм бол. Ихэнх хүмүүс Ерөнхийлөгчийн засаглалтай холбож ойлгоод байх шиг байна?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэдэг мессежийг өглөө гэж ойлгосон. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг засаглалтай холбоод янз бүрээр тайлбарлаж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой, санал нэг байна. Сүүлийн 20 гаруй жил бид 2,3 толгойтой мэт явсан. Үүнээс болоод олон ухралт хийсэн. Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай мэт болчихсон байна. Ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдлийг бүрэн авсан уу гэхээр үгүй ч юм шиг.

Зэрэмдэг маягтай төрийн тогтолцоо үргэлжилснээр маш олон гажуудал үүссэн. Үүнийг нэг талд нь гаргах ёстой. Монгол Улс парламентын засаглалтай гэдэг ч хүрээ хязгаар нь хумигдмал байгаа. Сонгодог утгаараа парламентын засаглалтай байна гэвэл ямар байх ёстой вэ гэдгийг нэг мөр цэгцлэх ёстой.

Ерөнхий сайд Засгийн газрын хариуцлагыг үүрнэ гэж байдаг. Гэтэл УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүдээ бүрдүүлээд явж байна. Ийм тохиолдолд Ерөнхий сайдын бүрэн эрх хэрэгжих боломж байна уу, үгүй юу. Маш олон томилгоо төрийн гурван институц дээр хуваагдчихсан байдаг. Ингээд бие биенийхээ бодлого шийдвэрт дэм дэмжлэг болохоосоо илүүтэй саад тотгор болдог, хориг тээг тавьдаг. Гурван тийш хараад суучихвал ажил гацдаг байдлыг нэг тийш болгох ёстой.

-Монгол шиг хүн ам цөөн улсад ямар засаглал нь тохирох бол. Судалгаа, тоо баримт байдаг уу?

-“Дэлхий дээр ДНБ-ий хэмжээгээр хамгийн бага, хамгийн дорой буурай ядуу 30 орны дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглалтай байна. ДНБ-ий хэмжээгээр хамгийн тэргүүлэх 30 орны дийлэнх нь парламентын засаглалтай байна” гэсэн судалгаанууд бий.  Тэгэхээр Монгол Улсад аль засаглал нь тохирохыг  нухацтай харах ёстой. Манай хоёр хөрш бол Ерөнхийлөгчийн засаглалтай байна. Энэ хоёр бол хүчирхэг гүрнүүд, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд юм. Хоёр хөршийг шууд дуурайгаад явах нь хэр зэрэг зохимжтой вэ. Энэ хоёр том “акул”-ын дундах жижиг оронд ганцхан хүн эрх мэдлийг барьдаг болсны дараа хэзээ нэгэн цагт Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхүйц ямар нэг буруу шийдвэр гаргачихвал ямар эрсдэл дагуулах бол. Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нөхцөлд нэг л хүн гол шийдвэрийг эцэслэн гаргана гэсэн үг. Ингэхлээр сайн ч, муу ч бие биенээ хянаад, шүүмжлээд, алдаа мадаг гаргахаас сэргийлээд явж байдаг парламентын засаглалд давуу тал байгаа л байх. Бас Ерөнхийлөгчийн засаглалтай болсон нөхцөлд нэг л хүн шийдээд явчих учраас төрийн гол гол шийдвэрүүд гацаж саатахгүй, нэг удирдлагаар шуурхай явчих сайн тал ч байгаа л байх. Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор Монгол Улсын тусгаар тогтнолын асуудал яригдах учраас засаглалын тогтолцоо дээр маш нухацтай хандах ёстой.

-Ардын нам олонх болсон энэ цаг үед Үндсэн хуулийг өөрчилж чадах уу?

-Үндсэн хууль бол ерөөсөө өөрчилж болохгүй, өндөг шиг хав дараад байж байх ёстой зүйл биш. Шаардлагатай тохиолдолд улс орнууд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад явдаг. Жишээ нь манайхны их жишээ авдаг АНУ 200 гаруй жилийн түүхэндээ долоон удаа өөрчилсөн байдаг. Манайх Үндсэн хуулиа батлаад 25 жил болоход ганцхан удаа өөрчилсөн. Анх баталсан 1992 онд, сүүлд нэмэлт өөрчлөлт оруулсан 2000 онд Монголын нийгэм, эдийн засаг ямар байсныг өнөөгийн нөхцөл байдалтай харьцуулаад бодох хэрэгтэй. Хувь хүн өөрийнхөө амьдралаар жишээ болгоод бодоод үзэхэд л маш олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэгэхээр цаг үеэ дагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Өөрчлөлт оруулахын тулд хэрэлдээд суучихгүй, гацаа гарахгүй байх ёстой. 1999 оны 12 сард “Ардчилсан холбоо эвсэл” 50 гишүүнтэй эрх барьж байхдаа нэг өөрчлөлт оруулсан ч өөрчлөлтийг хийхдээ холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзээд хүчингүй болгосон. Дараа нь 2000 онд Ардын нам 72 суудал аваад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан. Тэгэхээр ганцхан Ардын нам эрх барьж байх үедээ өөрчлөлт оруулаад байна гэж харах хэрэггүй. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж УИХ дээр нам эвслүүд, гишүүдээс хэд хэдэн удаа оролдсон. Харамсалтай нь намууд байр сууриа нэгтгэж чадахгүй энэ асуудал зогсчихдог. Хэрэв Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж байгаа бол одоо л цаг нь ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж