"Шар хайрцаг" цагдааг "орлоно"

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

"Шар хайрцаг" цагдааг "орлоно"

"Шар хайрцаг" цагдааг "орлоно"

Ирэх сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэм мөрдөгдөж эхэлнэ. Тус дүрмийн 15.2 дахь хэсэгт “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалт байгаа. Энэ хүрээнд замын түгжрэлийг бууруулах зорилгоор зарим замын уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийхээр болсон. Өнөөдрийн байдлаар Цэцэг төвийн уулзвар болон Багшийн дээдийн уулзварт энэ тэмдэглэгээг хийсэн байна. Цаашид Байгалийн түүхийн музейн уулзвар, Ус, цаг уурын орчны шинжилгээний газрын /УЦУОШГ/ уулзварт уг тэмдэглэгээг хийх аж. Түүнчлэн энэ ажиллагаа амжилттай болбол уулзвар дээр цагдаа нар зогсохоо болих юм байна.

Энэ тэмдэглэгээ нь ямар ач холбогдолтой, жолооч нар юуг анхаарах ёстой талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад Б.Лхагважаргалаас тодруулахад,  “Хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай улсын хувьд их байна.  Энэ нөхцөл байдал дэлхийн бусад оронд ч тохиолдож, шийдвэрлэж байсан асуудал. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Yellow box intersection” буюу шөр дөрвөлжин тэмдэглэгээгээр уулзварт зогсож болохгүй хэсгийг зааж өгсөн байдаг. Шар хайрцагнууд нь дэлхий даяар амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд жолооч нарыг тээврийн хэрэгслээ уулзвар дотор зогсоохыг  хориглодог байна. Шар хайрцаг нь тухайн уулзварын ачааллыг хэр байгааг харуулж, жолоочийн зогсох газрыг зааж өгөхөөс гадна уулзварт нэвтрэх чадварыг сайжруулдаг.

Тиймээс энэ төрлийн зөрчилд тавих хяналтыг эрчимжүүлэх, жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, түгжрэл саатлыг бууруулах чиглэлээр тодорхой төрлийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Одоо УЦУОШГ болон Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглэгээг хийнэ. Уулзварын шар тэмдэглэгээнд нэвтрэн хөдөлгөөнд саад учруулсан жолоочид торгуулийн арга хэмжээ авах юм” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж