ТОМИЛОЛТ: Шивээ-Овоогийн нүүрсийг түлшинд ашиглахгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

ТОМИЛОЛТ: Шивээ-Овоогийн нүүрсийг түлшинд ашиглахгүй

ТОМИЛОЛТ: Шивээ-Овоогийн нүүрсийг түлшинд ашиглахгүй

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Шивээ-Овоо"-гийн уурхайд өчигдөр  ажиллаж, “Шивээ-Овоо” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Шивээ-Овоо”ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна. “Шивээ-Овоо”ХК нь Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өр үүсчээ.

2018 ОНД 4.2  ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨР ДАРЖЭЭ

“Шивээ-Овоо” ХК уг өрийг дарахдаа өөрсдийнхөө орлогоос тодорхой хувиар барагдуулж байгаа аж. Энэ талаар компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хэлэхдээ “Бид нэг мөсөн өрийг барагдуулах санхүүгийн боломжгүй байна. 2017 оны өр төлбөрөөс 8.6 тэрбум төгрөгийг төлсөн. 2018 он гарснаар 4.2  тэрбум төгрөгийн өр дарсан.  Цаашид өөрсдийн мөнгөн урсгалын боломж бололцоогоор өр төлбөрийг асуудлыг шийдээд явна. Ажилчдын дундаж цалин бусад уурхайтай харьцуулахад харьцангүй доогуур. 1 сая 400 мянган төгрөг дундаж цалинтай” гэв. Мөн компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч актлагдах болсон тул хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй, хэзээ мөдгүй зогсож болзошгүй болсон тухайгаа  Ерөнхий сайдад учирлаж байв. Түүнчлэн сэлбэг материалын ханган нийлүүлэлт санхүүгийн хүндрэлээс шалтгаалан удааширсан зэрэг нь оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.06 мянган м3-ээр тасалдахад нөлөөлсөн байна.

Уурхайн техник тоног төхөөрөмж, машин механизмыг шинэчлэхэд зориулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл нүүрсний татаас олгуулах зэрэг асуудлыг  энэ үеэр хөндөн тавьж байсан юм.

“Шивээ-Овоо” ХК 680 сая тонн нүүрсний нөөцтэй. Уурхайг түшиглэн эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах боломжтой талаар   "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр танилцуулав.

Тэрбээр энэ талаар “Япон,Солонгос, Хятад улсын  өмнөд хэсгээр эрчим хүчний хомсдол бий болсон. Бид цахилгаан станц барьж эрчим хүч экспортолдог орон болбол манай улсад ашигтай. Мөн  хүрэн нүүрсний баялаг нөөцтэй орны хувьд үүнийгээ ашиглах нь зүйтэй. “Шивээ-Овоо” нүүрсний ордод коксжих ангийн үйлдвэр барих төслийг “Эрдэнэс Монгол”-оос хэрэгжүүлж байгаа. Бид нүүрсний чанараа сайжруулах ёстойгоос гадна шахмал түлшинд  энэ нүүрсээ ашиглах шаардлага байгаа. Мөн хүрэн нүүрснээс газ гаргаж авах, мөн дизель гаргаж авах төслүүдийг хэрэгжүүлэхээр судалж байгаа. Дизель гаргах  төсөл нэлээд амжилттай явж байгаа. Үүнд Хятадын компани хөрөнгө оруулалт оруулж,  Германы технологийн аргаар хүрэн нүүрсийг шингэрүүлж шингэн түлш гаргахаар судалж байна” гэв.

Үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Дизель түлш үйлдвэрлэлээ гэхэд хаана борлуулах уу гэсэн асуултад тэрбээр "Дотоодынхоо уул уурхайн компаниудад нийлүүлэх боломжтой. Үнийн хувьд өнөөдөр нефть боловсруулах үйлдвэрээс гарч байгаа дизель түлштэй өрсөлдөхүйц хэмжээний үнэлгээ судалгааны дүнгээр  гараагүй. Хэрэв дизель түлшнээс доогуур үнэтэй байвал борлуулах боломжтой. Хятад улсад хэрэглээ бий учраас манайхаас авна гэж тооцоолж байгаа. Хятадууд хүрэн нүүрснээс дизель гаргах гээд  21 тэрбум  ам.доллар зарцуулж, хоёр үйлдвэр Өвөрмонголд барьсан.  Гэхдээ төслийн үр дүн нь одоохондоо гараагүй байгаа”  гэлээ.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:БИДНИЙ ЗОРИЛГО БОЛ ЭКСПОРТ ДАХИН ЭКСПОРТ

 “Хятадын зах зээлд түлшний эрэлт хэрэгцээ байгаа учраас Монголчууд түлш экспортлох боломж байгаа. Хэрэв хүрэн нүүрснээс дизель гаргах гэж байгаа бол Хятадын зах зээл рүү гаргах талаар сайтар судалгаа гаргах хэрэгтэй. Манайд дотоодын зах зээл харьцангүй бага гэдгийг бүх зүйл дээр бодолцох хэрэгтэй. Асар том зах зээлтэй хоёр хөрш рүүгээ л хандах хэрэгтэй. Юу ч хийсэн  тэд худалдан авах боломжтой. Гэхдээ бүтээгдэхүүнээ чанартай хийж, зөв гаргах хэрэгтэй. Бидний зорилго бол экспорт дахин экспорт. Хөл дээрээ өндийе гэвэл “Шивээ-Овоо” нүүрсний орд нүүрсээ боловсруулж эрчим хүч  гаргах явдал" гэдгийг тэрбээр тодотгов.

Засгийн газрын 132 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалын хэлснээр “Тогтоолтой холбогдуулан төлөвлөгөөнүүдээ гаргасан. Уул уурхайн яамны зүгээс уг төлөвлөгөөгөө дагаж ажиллана. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх үү гэдэг асуудалд анхаарал хандуулах ёстой. Энэ ондоо багтаан тодорхой хэмжээний зээлүүдийг дарна. Үүний дагуу цаашлаад хямд эх үүсвэр татах шаардлагатай байгаа юм. Бид “Шивээ-Овоо” ХК-ийг өргөтгөхийн тулд зөвхөн дотоодын зах зээлийг хараад явахгүй. Гаднын зах зээлд  нүүрсээ яаж борлуулах уу гэдэгт тооцоо судалгаа хийж байгаа. Цаашлаад стратегийн өндөр ач холбогдолтой ордныхоо хил хязгаарыг маш нарийн тооцоолох шаардлагатай” гэв.

"ЭРДЭНЭС МОНГОЛ” КОМПАНИЙН ДЭД ЗАХИРАЛ О.ОДБАЯР: "ШИВЭЭ-ОВОО” ХК-ИЙН ХУВЬЦААНЫ АРИЛЖААГ УЛАМ ИДЭВХЖҮҮЛНЭ.

Харин "Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал О.Одбаяр “Уг тогтоол  Багануур, “Шивээ-Овоо” нүүрсний ордны үйл ажиллагаад ихэд түлхэц болсон. Иймд дараагийн ажлуудыг хийх ёстой гэж харж байгаа.  “Эрдэнэс Монгол” ТӨХК  Шивээ-Овоо нүүрсний ордны 90 хувийг халаасласан. Мөн багануурын уурхайн 75 хувийг халаасласан.Тиймээс бид зах зээлээс мөнгө босгох хэрэгтэй байна. Жижиг компаниуд ч  хүртэл мөнгө босгоод өөрдийнхөө санхүүжилтийг хийж байгаа учраас 2019 оноос “Эрдэнэс Монгол” ТӨХК бодлогодоо Багануур, “Шивээ-Овоо” ХК-ийн хувьцааны арилжааг улам идэвхжүүлнэ. Ингэснээр 20-30 тэрбум төгрөгийг зах зээлээс босгож хувьцаагаа худалдаж эргэлтэд оруулан дутагдалтай хөрөнгө оруулалтуудаа нөхөх ёстой” гэсэн юм.

“Шивээ-Овоо” ХК  20 жилийн өмнө техник эдийн засгийн шинэчлэл нь  хийгдсэн учир тоног төхөөрөмжүүд нь  хуучирчээ. Тиймээс гадаадын зах зээлээс бага хүүтэй мөнгө зээлэхээр судалж байгаа аж. Уг асуудлаар “Шивээ-Овоо” ХК Хятадын компанитай яриа хэлэлцээр хийж, жилийн зургаан хувийн хүүтэй  мөнгө зээлэхээр хэлэлцээрийн түвшинд ярьж байгаа гэнэ.

 Тус уурхайн нөхцөл байдлын талаар танилцуулга бэлтгэн, мөн эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах төслийн явцын талаар мэдээлэл бэлтгэж ирэх долоо хоногт танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох удирдлагуудад даалгасан юм.

"ЭРДЭНЭС МОНГОЛ “ТӨХК  БОЛОВСРУУЛСАН ТҮЛШ ГАРГАХ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх тогтоол гаргасан. Тэгвэл “ Эрдэнэс Монгол “ТӨХК  боловсруулсан түлш гаргах судалгаа хийж байгаа тухайгаа ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Танай уурхай зөвхөн “ДЦС-4” станцдаа л нүүрсээ өгнө. “Эрдэнэс Монгол” ТӨХК боловсруулсан түлш үйлдвэрлэхгүй шүү. Та нар эхний ээлжид сайтар судал. Магадгүй Таван толгойгоос татаж байгаа коксжих нүүрснээс сайн чанарын боловсруулсан түлш гаргавал хамаа алга. Энэ удаад энэ тэнд боловсруулсан түлш үйлдвэрлэхгүй шүү. Уурхайн дарга нарт анхааруулан хэлье. Туршилт хийж байгаа нэрийдлээр хуурамч түлш үйлдвэрлээд хот уу оруулбал хуулийн хариуцлага хүлээлгэнэ шүү. Туршилтыг үйлдвэр дээрээ л явуул. Улаанбаатар хот туршилтын газар биш. Жижиг дэд станцуудад нүүрсээ өгөхдөө зөвхөн падаан олгодог болгоно. Улаанбаатар хотын утаа үйлдвэрлэлийн утаа биш, түүхий нүүрсний утаа” гэсэн юм.

“Шивээ-Овоо” ХК  өнгөрсөн жил 2 сая 20 мянган тонн нүүрс олборложээ. Энэ жил мөн 2 сая тонн нүүрс олборлоно гэсэн зорилтдоо хүрэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж