Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 100 мянга гаруй айлын янданд утаа шүүх төхөөрөмж суулгахаар шийдвэр гарсан билээ. Төхөөрөмж тус бүрийн үнэ нь 500 мянган төгрөг бөгөөд нийт 54 тэрбум төгрөг зарцуулна. Энэ нь хэр үр дүнтэй шийдвэр вэ гэдэг талаар иргэдийн байр суурийг хүргэе.
АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ХҮНИЙ АРГА
ХУД-ийн 14 дүгээр хорооны иргэн Б.Чулуунбаатар: Өмнө нь 22 мянган төгрөгийн үнэтэй шүүлтүүр янданд суурилуулж л байсан. Дараа нь дулаалга хийж тараахаар болсон. Аль нь ч үр дүнд хүрээгүй. Гэтэл дахиад утаа шүүх шүүлтүүр янданд тавих нь хэр үр дүнтэй юм бол. Түүний оронд тогны асуудлаа уян хатан шийдээд айл бүр халаагууртай болох хэрэгтэй. Манайх өнгөрсөн өвөл Өмнөд Солонгосоос орж ирсэн усан халаагуурыг гэртээ тавьсан. Ажиллах горимыг нь тааруулчихвал тийм ч их тог хэрэглэхгүй, дулаахан. Энэ жилээс хэрэглээгээ хянахын тулд өдөр шөнийн тоолууртай болсон. Айл бүрийн янданд шүүлтүүр суулгах нь амьдрал мэдэхгүй хүний арга гэж бодож байна.
ШҮҮЛТҮҮР СУУЛГАЖ УТААГ БАГАСГАНА ГЭДЭГ ҮЛГЭР
Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны иргэн Г.Болорчулуун: Гэр хороололд амьдарч байгаа айлуудын янданд шүүлтүүр суулгаж утааг багасгана гэдэг үлгэр. Нэг тавьж өгсөн шүүлтүүр нь хэдэн өвлийг давж чадах вэ гэдгийг бодмоор юм. Тэрний оронд түлэх түлшийг нь сайжруулж өгөөсэй. Хэрвээ иргэд өөрсдөө тэрийг нь худалдаж авна гэвэл авах боломжтой хүн цөөхөн болов уу. Би хувьдаа авч чадахгүй. Үнэгүй тараана гэвэл улсын мөнгөнөөс ямар ч ашиггүй. Энэ мөнгө нэг өвөл үрэгдээд дуусна л гэсэн үг байх.
ҮНИЙГ НЬ ХӨНГӨЛӨӨД ЦАХИЛГААН ХАЛААГУУР ӨГВӨЛ НЭМЭРТЭЙ
БЗД-ийн 16 дугаар хорооны иргэн О.Баядаа: Утааг багасгах гэж олон жил янз янзын л ажил хийлээ. Гэхдээ гал түлэх л юм бол утаа гарна гэсэн энгийн юмыг гэдгийг ойлгохгүй байх шиг. Шүүсэн ч гэсэн утаа агаарт цацагдах л болно. Үүний оронд цахилгааныг л сайн ашиглах хэрэгтэй. Өвлийн саруудад үнийг нь хөнгөлөөд цахилгаан халаагуур өгвөл нэмэртэй байх. Ядаж л утаа гарахгүй шүү дээ. Оройдоо утаатай байдаг болсон байна лээ. Дулаан байхад ийм байгаа юм чинь өвөл болохоор бүр ихэснэ. Арга хэмжээ авч байна гэдэг ч утаа багасахгүй байна.
ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТАЛ ДЭЭР АНХААРААСАЙ
БЗД-ийн 25 дугаар хорооны иргэн П.Хонгор: Залуу хүний хувьд яндан бүрт шүүлтүүр тавих нь тийм ч оновчтой арга мөн биш гэдэг дээр эргэлзэж байна. Хэрвээ үр дүн өгөх нь тодорхойгүй байгаа бол улмын төсвөөс их хэмжээний мөнгө зарах хэрэггүй байх. Болж өгвөл гэр хорооллыг орон сууцжуулах тал дээр анхаараасай гэж боддог. Мөн хот руу төвлөрсөн хөдөлгөөнийг багасгаж, орон нутгийг хөгжүүлэх нь утах багасах үндэс нь байж болох юм.
ЗӨВХӨН ЯНДАН, ТҮЛШИЙГ НЬ СОЛИХ БИШ ИЖ БҮРНЭЭР НЬ ШИЙДЭХ ЁСТОЙ АСУУДАЛ
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ш.Очирбат: Ноднин жил утааг бууруулах зориулалттай бүтээгдэхүүний үзэсгэлэн гарч байхад нь үзсэн юм. Маш олон төрлийн боломжтой санаа байсан. Би өөрөө инженер хүн л дээ. Миний нүдээр харахад энэ төхөөрөмж тийм ч зөв санагдахгүй байна. Ямар шалгуураар баталж сонгосон юм мэдэхгүй. Тэгэхээр ямар нэгэн төрлийн шахаа юм болов уу гэж хардаад байгаа. Уг нь шахмал түлшний үйлдвэртэй болно гэж л байсан. Одоо чимээгүй болчихсон. Зөвхөн яндан, түлшийг нь солих биш иж бүрнээр нь шийдэх ёстой асуудал л даа. Зундаа чимээгүй байж байгаад өвөл дөхөхөөр хэдэн хэмжилт хийж утаанд агуулагдсан хорт бодисыг танилцуулах үлгэр шиг юм хийдэг. Ирэх жил ямар ч утаагүй болгоно гээд дахиад алга болно. Үүнийг цаг гарган шийдэх чадварлаг инженерийн баг манайд алга байна. Ингэж цаг хугацаа алдсаар утаа юу тоос уу гэдэг нь мэдэгдэхгүй саарал хоттой боллоо.
М.БААСАНДЭЛГЭР