Талбайн теннисний энэ оны тэмцээнүүд Австралид үргэлжилж байна. Швейцарийн нэрт теннисчин Рожер Федерер Брисбэйний цомд түрүүлснээр карьерийнхаа 1000 дахь ялалтаа авлаа. Тэрбээр өчигдөр(01.11) АTP-гийн цуврал тэмцээн болох Брисбэйний цомын тэмцээний финалд Канадын залуу теннисчин Милош Раоничийг 6-4, 6-7 (2), 6-4-ээр хожлоо. Энэхүү тоглолт хоёр цаг 13 минут үргэлжилсэн байна.
Рожер Федерер тоглолтын дараа “Би энэ ялалтыг авах гэж олон жил хөдөлмөрлөсөн. Эргээд өнгөрснийг харахад үнэхээр гайхалтай байна. Бүх зүйлд өөрийгөө бэлдсэн минь талаар болсонгүй. Энэ онцгой мөчийг би хэзээ ч мартахгүй.” гэсэн юм.
Мөн Ранонич “Энэ орой үнэхээр гайхалтай байна. Яагаад гэхээр 1000 дахь ялалтаа авсан Федерертэй би тоглолоо. Энэ гайхалтай мөч хэзээ ч мартагдахгүй.” гэв.
Федерер 2013 онд Францын Гиллес Симоныг "Роланд Гаррос"-т хожиж, 900 дахь ялалтаа байгуулж байжээ.
" Их дуулга" тэмцээний 17 түрүүт, дэлхийн чансааг 302 долоон хоног тэргүүлж байсан Рожер Федерер өдгөө №2-т бичигдэж байна.
Талбайн теннисний түүхэнд өөрийн нэрээ дархалж чадсан цөөхөн тамирчдын нэг бол Швейцарийн Рожер Федерер юм. Энэ жил 34 нас хүрэх тэрээр 1998 оноос хойш мэргэжлийн теннисний талбайд 1000 дахь ялалтаа байгуулав. Түүний өмнө энэхүү амжилтаараа АНУ-ын алдарт теннисчин Жимми Коннерс(1253 ялалт, 278 ялагдал), Чехэд төрсөн ч хожим АНУ-ын нэрийн өмнөөс тоглох болсон Иван Лендл (1071, 239) бичигдэж байна.
Рожер Федерер ийнхүү шинэ оны анхны тэмцээнд түрүүлснээр ATP-гийн цувралд нийт 83 дахь цомоо өргөлөө. Энэ амжилтаараа Коннерс, Лендлийн дараа гуравт бичигдэж байна. Коннерсийн хувьд 1972-96 оны хооронд 109 цом өргөсөн бол Лендл 1978-94 оны хооронд 94 цомыг өөрийн болгожээ.
Ч.БОЛОР
Рожер Федерер 2004 онд "Америкийн нээлттэй тэмцээн"-ий финалд Австралийн Ллейтон Хэвиттийг хожиж байсан үе. Энэ түүний хувьд "Их дуулга" тэмцээний дөрөв дэх түрүү юм.