“Оюутолгой” валютынхаа 80 хувийг төв банкны ханшаар нийлүүлдэг гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.16-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” валютынхаа 80 хувийг төв банкны ханшаар нийлүүлдэг гэв

“Оюутолгой” валютынхаа 80 хувийг төв банкны ханшаар нийлүүлдэг гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2018.10.16/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд  “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн 100 хувиар дэмжлээ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Валютын зохицуулалтын тухай хуульд Засгийн газартай гэрээ байгуулсан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашигладаг Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаадын валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор тусгасан байна.

Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй аж.

Уг төслийн танилцуулгыг хийх үеэрээ З.Энхболд дарга  “Энэ хуулийн төслийг өмнө нь өргөн барьсан ч хэлэлцэхгүй гэдэг шалтгаанаар буцсан. Одоо дахин өргөн барьж байна. Энэ хооронд М.Оюунчимэг нарын гишүүд агуулга нэг шинэчилсэн найруулга өргөн барьсан байсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа М.Оюунчимэг гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэхгүй бол өөрчлөлт оруулах гэж байгаа хууль алга болчих гээд байна" гэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан  “Стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшдэг хуулийн этгээдийн гүйлгээний дансыг зөвхөн Монголбанканд байршуулах юм уу. Эсвэл төрийн болон хувийн арилжааны банкуудыг хамруулах боломжтой юу.

Хэтдээ арилжааны банкууд олон улсын стандарт шаардлага хангадаг болохын тулд ажиллаж байгаа. Тэгэхээр Монголбанкнаас гадна төр, хувийн хэвшлийн арилжааны банк гээд нэмж оруулж болох юм уу гэдгийг асуумаар байна" гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  З.Энхболд   "Ердийн арилжааны банканд данс нээлгэх нь одоо ч нээлттэй. Тэрийг хориглосон зүйл огт байхгүй.

Оюутолгойн гэрээнд яагаад тийм заалт орсон бэ гэхээр “Танай арилжааны банкууд дэндүү жижиг байна. Дампуураад харилцахад байгаа мөнгө алга болбол яах вэ. Хоёрдугаарт, танай татварын байцаагч нар дуртай үедээ ирээд данс хаагаад байна” гэсэн. Энэ хоёроос болоод мөнгөө дамжуулахгүй байж болно гэдэг заалт орчихсон юм.

Одоо Монголбанкныхан Оюутолгойтой юу гэж ярих вэ гэхээр, Монгол Улсын төв банк дампуурахгүй, дурын татварын байцаагч хаахгүй, бид арилжааны банкнаас өөр байгууллага гээд дансыг нь авах тухай л ярих юм.

Нөгөө компанийн хувьд дуртай арилжааны банкандаа дансаа нээгээд явах эрх нь нээлттэй байгаа учраас энэ заалтыг энэ хэвээр нь хуульд оруулбал зүгээр байгаа юм.

Ер нь ямар хэмжээний баялаг гараад хэр хэмжээний мөнгө орж ирээд байгаа нь мэдэгдэхгүй байна. Тэгэхээр татвар авах сууриа бид мэдэхгүй байна. Бүртгэл, валютын нөөц бүрдүүлэх, татвар авах гээд олон зорилготой юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "Монголын баялгийг гаргачхаад Монголд нь буцаагаад мөнгийг нь оруулж ирэхгүй байна. Түрүүчийнх дээр Ерөнхийлөгч өргөн барьсан гээд улстөржөөд унагаасан. Гэтэл М.Оюунчимэг нарын гишүүдийн оруулж ирсэн хуулийн төсөл дээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэнтэй яг адилхан л өгүүлбэр явж байна.

Зөвхөн Оюутолгой ч биш Монголын баялгийг гадагш нь гаргадаг хэн боловч төлбөр тооцоогоо заавал Монголд оруулж ирдэг байхыг л хуульчилж байна гэж ойлгож байна.

Стратегийн том ордуудын эзэмшигчид төлбөр тооцоогоо заавал Монгол Улсын аль нэг банкаар дамжуулж хийх үүргийг хуульд тусгаж өгөх хэрэгтэй.

Өнөөдөр Оюутолгой урсгал зардлынхаа хэмжээгээр валют оруулж ирээд байх шиг байна. Сүүлийн үед нэг ийм яриа яваад байх юм. Оюутолгойтой Монголбанк валютын арилжаа хийгээд гэж. Аж ахуйн нэгжтэй валютын арилжаа хийж болдог юм уу. Явж явж Монголбанкны валютын ханшийг Оюутолгой тогтоодог болчихсон юм биш биз дээ.

Тийм учраас энэ хоёр хуулийг нэгтгээд ажлын хэсэг байгуулаад, аль заалт нь үг өгүүлбэрийн хувьд ямар эрэмбэ дараатай байхыг нь эмхлээд цааш нь явуулах хэрэгтэй байна".

Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт багтсан гишүүд “Оюутолгой компанитай валют худалдах, худалдан авах гэрээ байгуулаад ажиллаж байсан.

Хуулийн төсөлд стратегийн орд газар дээр Засгийн газартай гэрээ байгуулсан хуулийн этгээдийн валютын дансыг байршуулна гэж заасан байгаа" гэж мэдээлж байлаа.

Хууль санаачлагч М.Оюунчимэг "Бидний оруулж байгаа хуулийн төсөл дээр “Монголбанк Монгол Улсын төсвийн орлогын бүрдэлтэд чухал ач холбогдолтой стратегийн хөрөнгө оруулагч эдийн засгийн харьяат бус этгээдэд харилцан тохиролцсоны үндсэн дээр валютын данс нээх, төлбөр тооцоо гүйцэтгэж болно” гэсэн байгаа. Харин Ерөнхийлөгчийн санаачилсан төсөлд Монголбанканд данс нээнэ гэсэн байгаа. Тиймээс ажлын хэсэг дээр энэ хоёрыг нэгтгээд, томьёоллоо яаж хийх вэ гэдгээ ярилцаж болно.

Валютын зохицуулалтын шинэчилсэн найруулга, Ерөнхийлөгчийн оруулж ирж байгаа хуулийн төсөл бүгд л Монгол Улсын валютын гүйлгээг хаах, хязгаарлах юм орж ирж байна гэсэн хардлага яваад байгаа. Огт тийм зүйл байхгүй. Монгол Улс өөрөө төлбөр тооцоогоо хяналтдаа авч, статистиктай болох, валютын нөөцөө бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Тухайлбал, тус компани Монголд нийлүүлж байгаа валютынхаа 80 хувийг тухайн өдрийн Монголбанкны ханшаар нийлүүлж байгаа хэр нь үлдэж байгаа 20 орчим хувийг нь арилжааны дөрвөн банканд нийлүүлэхдээ хэн өндөр ханш хэлсэнд нь илүүг нь өгч байна. Эндээс харахад стратегийн олборлолт, борлуулалт эрхлэхээс гадна валютын зах зээлд тоглогч болж орох гээд байгаа юм шиг байдал ажиглагдаад байна. Сүүлдээ ХААН банк хамгийн өндөр үнэлгээ хэлээд авсан гэсэн яриа ч байгаа.

Төв банк энэ бүхнийг харж, хянахын тулд Валютын зохицуулалтын тухай хуулийн бас нэг зорилго нь оршино" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж