Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-аас хийсэн сүүлийн үеийн судалгаагаар цаг уурын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд маш олон өөрчлөлт авчирч байна.
“Nature Plants” сэтгүүлийн даваа гаригт /2018.10.15/ нийтлэгдсэн судалгаанд өгүүлснээр цаг уурын өөрчлөлт нь арвайн тариалалтад нөлөөлснөөр ургац хураалт нь жил ирэх тусам буурч, ирээдүйд шар айраг хомсдох, үнэ нь өсөх хандлагатай байгаа ажээ. Арвай нь ган гачиг болон халуунд маш мэдрэг учраас дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр шар айрагны хэрэглээ ирээдүйд 16 хувиар буурна хэмээн “Business Insider” цахим хуудсанд мэдээлжээ.
Уг судалгааг хийсэн Зүүн Английн (East Anglia) их сургуулийн цаг уурын өөрчлөлтийн эдийн засгийн профессор Дабо Гуан CNN-д өгсөн ярилцлагадаа дараах тайлбар хийжээ. Тэрбээр “Судалгааны зорилго нь шар айраг хомсдож байгаа учраас хүмүүст одоо сайн уух хэрэгтэй гэсэн хандлагыг төрүүлэх бус харин олон хүмүүсийн дуртай ундаа болох шар айрагны хомсдолоор дамжуулан цаг уурын өөрчлөлт ирээдүйд ихээхэн өөрчлөлтийг авчрах болно гэдгийг л хэлэх гэсэн юм” гэжээ.
Арвайн ургац муудсанаар шар айрагны үнэ хоёр дахин өсөхөд АНУ-д шар айрагны хэрэглээ 20 хувиар буурах бөгөөд энэ нь 10 тэрбум лааз шар айрагтай тэнцэх юм. Харин Хойд Европт зургаан ширхгээр савлагдсан шар айрагны үнэ 21 ам.доллараар нэмэгдэх болно гэсэн тооцооллыг ч мөн хийжээ.
Уг тоо баримтаар судлаач хүн төрөлхтний ядаж л шар айрганд дуртай хүмүүсийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн алхам хийхийг уриалж байгаа аж.
Эх сурвалж: www.fortune.com
Ө.ПҮРЭВХҮҮ