Драмын театрыг 6 тэрбумаар засна

Хуучирсан мэдээ: 2015.01.19-нд нийтлэгдсэн

Драмын театрыг 6 тэрбумаар засна

Драмын театрын засварт 5-6 тэрбум төгрөг хэрэгтэй

Улсын драмын эрдмийн театр анх 1931 онд үүсгэн байгуулагдсан түүхтэй. Энэ цагаас өдгөө хүртэл 84 дэх үзвэрийн жилийн нээлттэйгээ золгож буй. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны 50-аар тогтоолоор Улсын төв театр нэртэйгээр анх нээлтээ хийж байжээ. Харин 1950 оны арванхоёрдугаар сарын 31-нд театрын шинэ барилгын нээлтээ Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн гурав дахь удаагийн шинэчилсэн найруулгаар хийж байжээ. Драмын театр хамгийн сүүлд 1963 онд өрх тусгаарлаж байв. Өрх тусгаарласан цагаасаа хойш тус театр их засварт ороогүй юм. Тиймээс Драмын театрын 48 жил хүлээлсэн их засварын төсөл хэрэгжиж эхэлжээ.

Драмын театрыг шинэчлэх төслийг “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, хуучнаар Соёл спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Олуулаа хөгжил” Төрийн бус байгууллага захирал С.Баярсайхан зэрэг хүмүүсийн санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

Энэ талаар төслийн санаачлагч Ч.Отгонбаяртай холбогдож тодруулсан билээ.

-Улсын драмын эрдмийн театрыг ямар хугацаанд засварлаж дуусгахаар төлөвлөж байгаа вэ?

-Драмын театрын засвар арваннэгдүгээр сарын 10 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа. Аль болох хугацаандаа хүлээлгэн өгөхийг хичээн ажиллана.

-Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа вэ?

-Одоогийн байдлаар зураг төслийн ажил хийгдэж байгаа. Ажлын гүйцэтгэл 20 хувьтай явж байна. Засварын ажлаа тавдугаар сараас эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

-Драмын театрын тоног төхөөрөмж, тайз, саунд дуугаралтын хувьд хэр өөрчлөлт орох бол?

-Тоног төхөөрөмж, тайз, саунд дуугаралтын хувьд 100 хувь өөрчлөгдөнө. Драмын театр маань 1960-аад оноос хойш засвар хийгдээгүй байгаа. Тийм учраас засвараас гадна тоног төхөөрөмжийг өөрчлөх нь зайлшгүй. Шинэ тайз, гэрэлтүүлэг, дуугаралт, хөгжимийг гадаадын чадварлаг компаниас оруулж ирэхээр ажиллаж байгаа.

-Гадаадын ямар компаний тоног төхөөрөмжийг оруулж ирэх вэ?

-БНГУ-ын “Hoak” компаний тоног төхөөрөмжүүд байгаа. Энэ компани маань тайзны, театрын тоног төхөөрөмжөөр нэлээд өндөр үнэлгээтэй компани шүү дээ.

-Драмын театрын засварын санхүүжилтийн хувьд хандив авч шийдвэрлэж байгаа гэж сонссон. Энэ үнэн үү?

-Тийм. Хөрөнгө оруулалтыг хандив маягаар цуглуулна. “Oluulaa.org” гээд сайтаар дамжуулан мөн хандивын хүлээн авалт, дуудлага худалдаа, үндэсний хонжворт сугалаа зэрэг хөрөнгө босгох арга хэмжээнүүдийг зохион байгууллах болно.

-Ер нь засварыг бүрэн хийж дуусахад хэчнээн төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа вэ. Төрийн оролцоо бий юу?

-Нийтдээ 5-6 тэр бум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа. Төрийн оролцоо одоогоор байхгүй байна. Маргааш Л.Гантөмөр сайдтай уулзана. Тэрний дараагаас төр оролцох эсэх нь шийдэгдэнэ дээ.

-Улаан театр маань алтан шаргал өнгөтэй болно гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Цагаан шаргал өнгөтэй болгох байх. Гэхдээ одоогийн байдлаар зургийн ажил дуусаагүй учраас урьдчилж хэлэх боломжгүй байна.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж