Вашингтон, Анкарагийн харилцаанд "гэрэл асав"

Хуучирсан мэдээ: 2018.10.17-нд нийтлэгдсэн

Вашингтон, Анкарагийн харилцаанд "гэрэл асав"

НАТО-гийн эвсэлд эзлэх байр суурь, цэрэг зэвсгийн хүчин чадлын хувьд  хамгийн хүчирхэг холбоотнууд болох АНУ, Турк 2016 оноос эхлэн зөрчилдөж, тэдний хооронд үүссэн дипломат дайн нь худалдааны дайн болж хурцадсан билээ. Ийм ширүүн сөргөлдөөн Вашингтон, Анкара хоёрын хооронд өмнө нь хэзээ ч болж байгаагүй юм.

Туркт 2016 онд болсон төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогыг Анкарагийн зүгээс Америкт амьдардаг Фетхулла Гюлен гэгчтэй холбоотой хэмээн мэдэгдэж, ард нь АНУ байгаа хэмээн буруутгасан. Үүнээс хойш хоёр улсын харилцаа таарамжгүй болсон. Гюлений асуудлаас гадна Америкийн шашны номлогч Эндрю Брансоныг туркчууд баривчилсан нь гал дээр тос нэмэхийн адилаар хоёр улсын харилцаанд нөлөөлсөн юм. Америкийн тал Брансоныг суллаж, эх оронд нь шилжүүлэн өгөхийг шаардсан боловч Туркийн эрх баригчид эрс татгалзсан. Брансоныг тагнуул хийсэн,  “террорист” Фетула Гүлентэй холбоотой гэж буруутгасан. Брансон нь 20 орчим жил Туркт амьдарч байгаа шашны номлогч бөгөөд Анкарагийн эрх баригчид түүнийг 2016 оны төрийн эргэлт хийх оролдлогод дэмжлэг үзүүлсэн хэргээр хориод байсан билээ. Вашингтон түүнийг ямар ч буруугүй хэмээн үзэж, суллуулахаар эрчимтэй ажилласан. Гэвч яриа хэлэлцээр үр дүнд хүрээгүй тул Трамп Туркийн ган, хөнгөн цагааны импортын татварыг хоёр дахин өсгөсөн юм. Уг шийдвэр гарсан өдөр Туркийн мөнгөн тэмдэгт болох лирийн ханш 18 хувиар унаж, хөрөнгийн биржийнхэн  сандралд оров. Трампын шийдвэрийн хариуд  Ерөнхийлөгч Тайип Эрдоган маш хатуу арга хэмжээ авч, импортын хөнгөн тэргэнд 120 хувийн, согтууруулах ундаанд 140 хувийн, тамхинд 60 хувийн, гоо сайхны бараанд 60 хувийн татвар ногдуулсан байна. Үүний сацуу Орос, Хятад, Украин, Иран зэрэг худалдааны гол түншүүдтэйгээ төлбөр тооцоог үндэсний валютаар хийхэд бэлэн гэдгээ Эрдоган мэдэгдсэн. Энэ мэтээр зөрчлүүд ид хурцдаж байх үед Туркийн төв банк АНУ-ын холбооны нөөцийн санд хадгалуулж байсан 28,7 тонн алтаа гэнэт татан авсан нь Вашингтонд таатай байгаагүй нь ойлгомжтой. Ийнхүү хоёр жилийн өмнөөс ээдрээтэй болсон Анкара, Вашингтон хоёрын харилцаа наймдугаар сарын 1-нээс хойш эрс хурцдаж АНУ-ын эрх баригчид Туркийн Гадаад харилцааны  сайд болон Хууль зүйн сайдын эсрэг хориг тавих шийдвэр гаргасан нь Америкийн шашны номлогч Эндрю Брансоныг суллахаас татгалзсаны хариуд авсан арга хэмжээ гэдэг нь илт байлаа.

ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ҮР ДАГАВАР

Импортоос маш ихээр хамаардаг эдийн засагтай Турк улсын хувьд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унах нь 200 тэрбум долларын өрөө төлөхөд нь хүндрэл учруулна. Барилгын салбар зогсч, олон хүн ажилгүй болно. Банкууд зээл өгөхөө эрс багасгаснаар сүүлийн найман жилийн хугацаанд тасралтгүй өсч ирсэн Туркийн эдийн засаг зогсонги байдалд орно.

Эдгээр хүндрэл нь хөгжиж буй орнуудын зах зээлд нөлөөлж магадгүй. Үүнээс гадна Туркт их хэмжээний зээл олгосон Европын банкууд сандралд орж эхэлсэн юм. Валютын нөөц нь шавхадсан тохиолдолд Турк улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрэх боловч тус сангийн хатуу шаардлагуудыг Эрдоган дуулгавартай биелүүлнэ гэдэгт шинжээчид эргэлзэж байв.

Гэхдээ аливаа зүйл сайн муу хоёр талтай байдаг. Лирийн ханш унаснаар бараа, үйлчилгээний экспорт идэвхжиж, Туркийн бараа хямдарч, Туркийн наран шарлагын газрууд, зочид буудлуудын үнэ ханш буурах сайн тал бий. Ингэснээр аялал жуулчлалын орлого өсөх боломжтой гэж олон улсын шинжээчид үзжээ.

НОМЛОГЧ БРАНСОНЫГ СУЛЛАСАН НЬ ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ГЭРЭЛ АСААЛАА

АНУ-Туркийн дипломат маргааны гол шалтгаан болж байсан шашны номлогч Эндрью Брансоныг суллах шийдвэрийг Туркийн Измир хотын шүүх гаргасан билээ. Шүүхийн шийдвэрийг сонссоныхоо дараа Брансон “Би гэм буруугүй хүн. Би Есүст хайртай, Турк оронд хайртай” гэж хэлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Туркт хоёр жил гаруй хоригдсон америк номлогч Эндрю Брансон өчигдөр Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзжээ.

"Намайг суллахын төлөө ажиллаж, миний төлөө залбирч байсан Ерөнхийлөгч Д.Трамп болон таны Засаг захиргаанд баярлаж байна" гэж номлогч Эндрю Брансон талархлаа илэрхийлсэн байна.

Д.Трамп номлогч Эндрю Брансоныг сулласан явдалд талархаж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд мөн илэрхийлжээ.

Турк улсад 1990-ээд оноос эхлэн амьдарсан 50 настай Эндрью Брансон 2016 оны цэргийн эргэлтийн дараа Эрдоганы хэрэгжүүлсэн цэвэрлэгээний үр дүнд баривчлагдсан 50,000 орчим хүний нэг болсон юм. Цэргийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг АНУ-д амьдардаг Фетуллах Гуленийг шилжүүлж өгвөл Брансоныг суллана гэж Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байв. Зарим эх сурвалжууд эдийн засаг нь хямраад байгаа Анкарагийн эрх баригчид Вашингтонтой ямар нэг тохиролцоо хийсний үр дүнд Брансоныг сулласан гэж мэдээлжээ. Гэхдээ Трамп уг мэдээллийг няцаасан байна.  Саяхан Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийг шалгахад Вашингтон, Анкарагийн эрх баригчид хамтран ажиллах шаардлагатай болсон нь түүнийг суллахад нөлөөлсөн гэж зарим ажиглагчид дүгнэжээ. Ямартай ч 2016 оноос хойш нэг нэгэндээ ганц ч эерэг үг хэлж байгаагүй хоёр улс  бага багаар буулт хийж байгаа нь хонгилын үзүүрт гэрэл асааж байна гэж олон улсын шинжээч, улс төр судлаачид үзэж байгаа ажээ.

Эргэн сануулахад, 2016 оны долдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Туркийн томоохон хотуудад цэргийн эргэлт хийх оролдлого болж, тус улсын армийн Ерөнхий штаб Ерөнхийлөгч Р.Эрдоганыг албан тушаалаас нь огцруулж, цэргийнхэн төрийн эрх мэдлийг түр хугацаагаар гартаа авсныг зарласан. Армийн анги нэгтгэлүүд Засгийн газрын хэд хэдэн барилга, Станбулын нисэх буудал, хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүдийн байрыг хяналтдаа авсан билээ. Гэвч Туркийн армийн удирдлагын дийлэнх хэсэг төрийн эргэлтийг дэмжээгүй бөгөөд дараагийн өдөр гэхэд цагдаа, үндэсний тагнуулын газрын тусгай албад төрийн эргэлтийг дарсан юм.Туркийн удирдлага төрийн эргэлтийн гол зохион байгуулагч нь 1999 онд АНУ-руу сайн дураараа дүрвэсэн Р.Эрдоганы хамтран зүтгэгч асан шашны тэрс үзэлтэн 75 настай Гулен хэмээн зарласан ч Гулен үүнийг эрс няцаасаар өнөөг хүрчээ.Үүний дараа тус улсад цэргийнхэн (100 орчим генерал), цагдаагийнхан, сэтгүүлчид (хамгийн алдартай 140 тоймч, нэвтрүүлэгч), эмч, багш зэрэг 32 мянга гаруй хүнийг хоморголон баривчилж, 70 мянга гаруй хүнийг хорилгүй гадуур мөрдөн байцаах болжээ. Мөн Дотоод хэргийн яамны есөн мянга, Батлан хамгаалах яамны зургаан мянга, бүх шатны сургуулийн 27 мянган багш (үүний дотор 1.5 мянган их сургуулийн декан), гурван мянга орчим шүүгч, прокурорыг ажлаас нь халсан байна. Түүнчлэн 15 их сургууль, 35 эмнэлгийг хаажээ. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор гэхэд л нэмж 35 их эмч, НАТО-д өмнө нь ажиллаж байсан 400 орчим офицерийг баривчилсан аж.

ЭРДОГАН, ГУЛЕН НАР ХАМГИЙН САЙН ХАМТРАГЧИД БАЙЖЭЭ

Өдгөө 77 настай Фетулла Гулен сүүлийн 20 орчим жил АНУ-ын Пеннсильвани мужид оршин сууж буй ажээ. Тэрбээр 2013 онд Туркийн засгийн газраас Гулений сүлжээг террорист бүлэглэлээр нэрлэх хүртэл Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы холбоотон байжээ.

Гулений итгэгчид түүнийг исламын шашныг хөгжүүлж, орчин үеийн хувилбарыг үндэслэсэн гэдэг бол шүүмжлэгчдийн хувьд түүнийг эрх мэдэлд шунасан, “хонины арьс нөмөрсөн чоно” хэмээн тодорхойлдог.

Гулен нь дэлхийн хамгийн том бас баян исламын хөдөлгөөний тэргүүн юм. 1990-ээд оны үед Туркийн засгийн газар түүнийг исламыг дэмжигч нам болон бусад хөдөлгөөний эсрэг зэвсэг хэмээн үзэж байжээ. Эдгээр нам хөдөлгөөнүүд Туркийг Барууны нөлөөллөөс салгаж, Османы эзэнт гүрний үеийн исламын улс байгуулах үзэл баримтлалтай байжээ. Энэ ч утгаараа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган түүнийг холбоотон хэмээн дэмжиж ирсэн аж.

Тэрбээр Гулений дагалдагчид цэрэг, армид шургалж, нөлөөгөө нэмэгдүүлэхийг чимээгүй харсаар ирсэн ч эцэстээ байдал хяналтаас гарч эхэлсэн гэдэг. Гулен “2013 оны арванхоёрдугаар сарын 25-нийг хүртэл бидний харилцаа үнэхээр гайхалтай байсан. Бид ямар ч асуудлыг хамтдаа ярилцаж шийддэг, хамгийн сайн хамтрагчид байлаа. Эрдоганы тэргүүлж байсан Засгийн газрын гишүүд авилгын хэрэгт холбогдсоноос хойш түүний Хизмтийн хөдөлгөөнийхөн болон надад хандах хандлага нь өөрчлөгдөж эхэлсэн” гэжээ.

ЭРДОГАН: ГУЛЕНИЙ ЗОРИЛГО ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ УНАГАХ

ГУЛЕН : ЭРДОГАН “ИСЛАМЫН УЛС” БҮЛЭГЛЭЛИЙГ САНХҮҮЖҮҮЛДЭГ

Одоогоос жилийн өмнө Эрдоган Zeit.de-д өгсөн ярилцлагадаа “Гулен 18 жилийн турш АНУ-д амьдарч буй хэдий ч түүний гар хөл Туркийн бүх салбарт бий. Түүний зорилго  бол Туркийн Засгийн газрыг унагах. Гулений нөлөө Турк даяар хэр хүчтэйг Анкарагийн засгийн газраас ажлаас нь халсан 3000 шүүгч, олон мянган төрийн албан хаагчаас харж болно” хэмээн хэлсэн байдаг.

Фетулла Гулений хувьд одоогоос жилийн өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 28-ны өдөр “The Wall Street Journal”-д ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр “Ерөнхийлөгч Эрдоган ямар ч нотлох баримтгүйгээр намайг буруутгаж эхэлсэн. Өнгөрсөн онд болсон үйл явдлын дараа би ямар ч буруугүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Одоогийн Турк Улс өмнөх жилийн Турк Улстай харьцуулахад шударга бус, эрх чөлөөгүй улс болж хувираад байна. Орчин үеийн Туркийн дэглэмийг барууны хэвлэлүүд Иосеф Сталин болон Мао Зэ Дуны дэглэмтэй харьцуулан бичих болсон.

Би Эрдоганыг хувь хүнийх нь хувьд хүндэлдэг. Гэхдээ тэр Ерөнхийлөгч байхад тохирохгүй хүн. Одоо тэр түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн дарангуйлагчдын алхам бүрийг алдалгүй дагаж байна шүү дээ. Эрдоганыг “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэнэ гэж огтхон ч бодохгүй байна. Магадгүй тэр олон улсын эвслийн зүгээс ирэх дарамт шахалтаас зайлсхийхийн тулд л дүр эсгэсэн байх. Эрдоган “Исламын улс” бүлэглэлийг санхүүжүүлдэг, тус бүлэглэлийн цэргүүд Туркийн эмнэлгүүдэд ямар ч үнэ төлбөргүй эмчлүүлдэг.

АНУ-д зохион байгуулагдаж байсан эсэргүүцлийн жагсаалын олонх нь Эрдоганы дэглэмийг эсэргүүцсэн жагсаал байдаг. Гэхдээ Америкт Туркийн эрх баригчидтай нягт харилцаатай хамтран ажилладаг маш олон байгууллага бий. Тэдний зүгээс намайг шилжүүлэхийг шаардсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байхыг үгүйсгэхгүй. Би АНУ-д амьдраад 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд тус улсын Засгийн газар ард иргэд болон улсдаа амьдарч буй гадны иргэдийн аюулгүй байдлыг маш сайн хамгаалдаг гэдгийг мэдсэн.

Би Туркт очиж амьдрахыг маш их хүсч байна. Эх орондоо очиж, өссөн нутагтаа амьдармаар байна. Гэвч би өнөөгийн Засгийн газар эрх барьж буй цагт хэзээ ч очиж чадахгүй. Тиймээс асуудал үүсгэхгүйн тулд очихгүй байсан нь дээр байх” гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж